Л.Оюун-Эрдэнэ: Төрийн жинхэнэ албан хаагчийн цалингийн 160 гаруй салангид тогтолцоог 20 болгон бууруулна
2022/10/06
Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг явуулж байна.
Хуулийн төслийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.
Тэрбээр "2022 оны улсын төсөв бүхэлдээ цар тахлын хүндрэлийг таван туулахад чиглэгдсэн билээ. Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц бодлогыг хэрэгжүүлсэн билээ.
Ирэх оны төсөв эдийн засгийн тогтворжуулж, макро тэнцвэрийг хангахад зориулагдаж байна. Гадаад үнэ, валютын ханшийн огцом өсөлт, хүнсний хомсдол зэрэг эдийн засгийн хүндрэлийг даван туулж, макро эдийн засгийг тогтворжуулах нь улс орон бүхний амаргүй сорилт болж байна.
2023 онд Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орж, боомтын сэргэлтийн хүрээнд экспортын шинэ төмөр замын гарцууд бүрэн хүчин чадлаараа тээвэрлэлтээ эхлүүлснээр Монгол Улсын экспортын орлого түүхэндээ анх удаа 11 тэрбум ам.долларын босгыг давна гэж тооцоолж байна.
Аж үйлдвэрийн боловсруулалтыг нэг шатаар ахиулж, нэмүү өртөг шингээх зорилтыг дэвшүүлж байна. Ирэх жилийн төсөвт эрчим хүчний сэргэлтийн бодлогыг эрчимжүүлнэ. Эрдэнэбүрэнгийн УЦС, Тавантолгойн цахилгаан станц зэрэг олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлыг 2023 оны төсвийн жилд багтааж эхлүүлнэ. Амгалан дулааны цахилгаан станц эрчим хүчний хуримтлуурын бүтээн байгуулалтыг ажлыг мөн ирэх онд багтаан дуусгана.
Ямар ч эсэргүүцэл томоохон төслийг гацаах ёсгүй
Ямар ч улс төржилт, эсэргүүцэл, хөрш орнууд болон бусад Засгийн газартай хэлэлцэн тохиролцсон томоохон төслийг гацаах ёсгүй гэдгийг хариуцлагатайгаар дахин илэрхийлж байна.
Хөрөнгийн биржийг олон улсын жишигт нийцсэн нээлттэй компани болгох ажлыг ирэх оны төсвийн жилд багтаан зохион байгуулна. Эрдэнэс Монгол компанийн бүтэц үйл ажиллагааг баялгийн сангийн олон улсын жишигт нийцүүлэн өөрчлөн зохион байгуулах юм" гэлээ.
Харин төрийн албан хаагчийн цалинтай холбоотойгоор "Хөдөлмөрийн бүтээмжид суурилсан төрийн албаны цалингийн тогтолцоог шинээр нэвтрүүлнэ. Төрийн жинхэнэ албан хаагчийн цалингийн 160 гаруй салангид тогтолцоог 20 болгон бууруулна. Ингэж олон улсын нийтлэг жишигт нийцүүлэхээр төсвийн төсөлд тусгалаа" гэдгийг хэллээ.
Түүнчлэн чадварлаг хүний нөөцийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд орон нутгийн төрийн захиргааны байгууллагын албан хаагчдын цалинг 20-100 хувь хүртэл үр дүнд тулгуурлан нэмэх ажлыг ирэх жилээс эхлэн зохион байгуулахаар болов.
Зочин · 2022/10/06
бодлого хэрэгжих хооронд бид үхэх гээд байгаа юм биш үү