Төрийн айлчлалуудаар ямар асуудал шийдэв?
2022/10/17
УИХ-ын дарга Г.Занданшатар Турк улсад албан ёсны айлчлал хийж байгаа бол Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Герман улс дахь айлчлал өндөрлөлөө. Төрийн айлчлалуудаар ямар асуудал шийдэж буй талаар тоймлон хүргэж байна.
Монгол Германы харилцааг стратегийн түншлэлд хүргэнэ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Европын орнууд дахь анхны албан ёсны айлчлалаа Герман улсаас эхлүүлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Холбооны Канцлер О.Шольц нарын албан ёсны хэлэлцээний үеэр Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эрчим хүчний салбарын хөгжлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, Их долоогийн Дээд хэмжээний уулзалтаар яригдсан дэд бүтэц, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөрт Монгол Улс багтаж түншлэн ажиллах, Өмнийн говьд баригдаж буй Тавантолгой цахилгаан станц, Дулааны V цахилгаан станц зэрэг томоохон төслүүдэд ХБНГУ хамтрахыг хүсчээ. Мөн улс хоорондын харилцаанд иргэд, аж ахуйн нэгж хоорондын харилцаа нэн чухал. Монгол Улс 2023 оныг Монголд зочлох жил болгон зарлаж байгаатай холбогдуулан иргэдийн харилцан зорчих визийн хөнгөлөлт, шууд нислэгийн тоог нэмэгдүүлэх мөн Монгол судлал болон соёлын хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхээр талууд тохиролцсон байна. Энэ удаагийн албан ёсны айлчлал, Канцлертай хийсэн яриа хэлэлцээний үеэр яригдсан асуудлууд биеллээ олж, манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа шинэ түвшинд гарна гэдэгт итгэлтэй байгаагаа Канцлер илэрхийлжээ.
Мал аж ахуй, аялал жуулчлалын чиглэлд хамтран ажиллах саналаа илэрхийлжээ
УИХ-ын дарга Г.Занданшатарын Турк улс дахь айлчлал үргэлжилж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар тус улсын парламентын дарга Мустафа Шентоптой ганцаарчилсан уулзалт хийсний дараа албан ёсны хэлэлцээ хийлээ. Мустафа Шентоп цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа бага зэрэг саарсан ч дахин эрчимжиж буйд талархлаа илэрхийлсэн байна. Түүнчлэн хоёр улсын агаарын тээврийн харилцааны хамтын ажиллагааг өргөжүүлж, энэ хүрээнд “Туркиш Эйрлайнс” компанийн нислэгийн тоог нэмэгдүүлэн, зорчигчдын тооны хязгаарыг цуцлах хүсэлтэй байгаагаа онцлон тэмдэглэжээ. УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны шатыг ахиулж, стратегийн түншлэлийн түвшинд хүргэхийг дэмжиж буйгаа илэрхийлэхийн зэрэгцээ агаарын тээврийн хөгжүүлэхийн тулд либералчлах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх, үүний тулд нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх, суудлын хязгаарлалтыг цуцлах саналыг дэмжиж буйгаа мэдэгдсэн байна. Мөн тэрбээр, манай улс 70 гаруй сая толгой малтай бөгөөд жил бүр 20 сая толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулах нөөцтэй. Мөн дэлхийн ноолуурын нийлүүлэлтийн 50 хувийг дангаар хангадаг. Иймд Турк Улсын аж үйлдвэрлэлийн өндөр технологи, Монгол Улсын хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарын түүхий эдийн экспортын давуу талд түшиглэн эл салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, эрчимжүүлэх сонирхолтой байгаагаа дурдсан. Энэ хүрээнд Туркийн талтай хүүхдийн сүү, сүүн тэжээлийн үйлдвэрийг байгуулах боломжтой гэж үзэж байна гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин