С.Мөнхчулуун: “Мобиком” компани хэрэглэгчийн бараа үйлчилгээг чөлөөтэй сонгох, багц бууруулан шилжих боломжийг хязгаарлаж хууль зөрчсөн
2022/10/27
ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Танай газраас озон эмчилгээ хийж байгаа газруудад шалгалт явуулсан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газартай бид хамтраад эм биологийн идэвхт болон эрүүл мэндийн бүтээгдэхүүн худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, ААН-үүдийн олон нийтийн мэдээллийн хэрэгслийн сурталчилгаанд хяналт шалгалтыг эхлүүлсэн. Учир нь Зар сурталчилгааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.7-д эмнэлгийн байгууллагын талаарх зар сурталчилгаа нь зөвхөн байршил, үйлчилгээний чиглэл, эмчийн нэр хаягаар хязгаарлагдана гэж заасан. Мөн 13.8-д эмнэлгийн үйлчилгээний талаар магтсан, үйлчлүүлэхийг уриалсан сурталчилгаа явуулахыг хориглоно гэж байгаа.
Гэтэл “Сисди мед” эмнэлэг цахим орчинд “Улирал солигдож ханиадны вирус дэгдсэн эрсдэлтэй байгаа үед бяцхан үйлчлүүлэгчдийнхээ биеийн дархлааг дэмжиж озоны дусал хийж байна” гээд сурталчилгаа явуулсан. Шалгаад үзэхээр мэдээж хууль зөрчсөн сурталчилгаа. Хоёрт, озоны эмчилгээг ЭМЯ-наас зөвшөөрөөгүй. Энэ талаар ямар нэгэн заавар зөвлөмж байхгүй, Монгол Улсад зөвшөөрөгдөөгүй эмчилгээ. Гуравт, энэ эмнэлэг эрүүл мэндийн үйлчилгээ явуулах зөвшөөрөлгүй. Зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулах, онлайн худалдаа, гоо сайхан ариун цэврийн барааны худалдаа явуулах зөвшөөрөлтэй байсан. Тиймээс бид Зар сурталчилгааны хууль зөрчсөн үйлдэлд нь таван сая төгрөгөөр торгож, Эрүүл мэндийн тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудлуудаар нь МХЕГ-т шилжүүлсэн.
Хяналт шалгалтын хүрээнд “Medzone” гэх эмнэлэг ТВ5 телевизээр мөн л озон эмчилгээний талаар хуулиар хориглосон зар сурталчилгааг явуулж байсан нь тогтоогдсон. Энэ зөрчилд нь таван сая төгрөгийн торгууль оногдуулж, ТВ5 телевизэд албан шаардлага хүргүүлээд зөрчлийн хэрэг нээгээд ажиллаж байна.
-Озон эмчилгээнд орж байсан жирэмсэн эх нас барсан харамсалтай хэрэг саяхан гарлаа. Нэгэнт зөвшөөрөгдөөгүй эмчилгээг хийж байсан хүмүүсийг торгоод өнгөрөх биш, цаашид дахиж зөрчил гаргахгүй байх тал дээр ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Ер нь Эрүүл мэндийн яам хариуцлагатай байх ёстой. “Энэ бол Монгол Улсад зөвшөөрөгдөөгүй эмчилгээ” гэчихээд зүгээр суугаад байж болохгүй. Нэгэнт эрүүл мэндийн байгууллагад тангараг өргөсөн эмч нар ажиллаж байгаа бол зөвшөөрөгдөөгүй эмчилгээг явуулж болохгүй. Энэ бол Эрүүл мэндийн тухай хууль, эмч нарын ёс зүйтэй холбоотой хууль журмаар зохицуулагдах асуудал. Хууль бус үйл ажиллагаа явуулж байгаа бол эрүүгийн гэмт хэргийн шинжтэй болж цагдаагийн байгууллага зэрэг бусад байгууллага хяналт тавьж ажиллах ёстой. Бидний хувьд хэрэглэгчдэд боловсрол олгох үүднээс иргэдэд сэрэмжлүүлж мэдээлж ажиллах болно.
-Арилжааны банкуудын зээлийн нэг хувийн шимтгэлийг зогсоох ёстой гэж танайх үзээд байгаа. Энэ асуудал ямар түвшинд явна вэ. Хэрэгжих боломж хэр байна?
-Арилжааны банкууд зээл олгосны шимтгэлд нэг хувь авч байгаа нь хууль зөрчсөн асуудал гэж манай улсын байцаагчийн дүгнэлт гарч, нэр бүхий есөн банкинд тус бүрт нь 20 сая төгрөгийн торгууль оногдуулсан. Гэвч банкууд бүгд Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан байна лээ. Тиймээс бид Монголын хуульчдын холбоонд хандаад хоёр өмгөөлөгч нэмэлтээр аван ажиллаж байна.
Банкуудад 2021 оныг хүртэл зээлээс ямар нэгэн шимтгэл авахыг хуулиар зөвшөөрөөгүй явж ирсэн байдаг. Гэтэл банкууд шимтгэл авсаар ирсэн. Ингээд иргэний хэргийн журмаар хоёр гурван асуудал босч, иргэдийн талд шийдвэр гараад эхлэхээр банкууд лоббидож хуульд өөрчлөлт оруулсан. Банк болон эрх бүхий этгээдээс зээл олгохтой холбоотой урт нэртэй хууль батлагдсан. Энэ хуульд банк болон эрх бүхий этгээд нь зээл олгосны шимтгэл авч болно. Гэхдээ зээлийн шимтгэлийг үндэслэлтэй тогтооно гээд заачихсан. Тэгтэл банкууд аль нь ч үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байгаа. Банкнаас гарч байгаа бичиг хэрэг, үйл ажиллагааны зардал ижил гэдэг. 10 сая ч бай, 100 сая ч бай төгрөгийн зээл авахад тэр хүнд зарцуулагдах гэрээ, материалд яг ижил зардал орно гэдэг. Гэтэл авч байгаа мөнгө нь харилцан адилгүй, зээлийн тооноос шалтгаалаад өсөөд байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа юм.
Үүний дагуу бид хэрэглэгчдийг хууль бус худалдааны арга хэрэглэж хохироож байна гэж үзээд арга хэмжээ авсан. Банкуудын хууль зөрчсөн үйлдлийг таслан зогсоохоос өөр аргагүй. Энэ арга хэмжээ хэрэгжихгүй гэдэг ойлголт байж болохгүй. Хуулиа дагаад өөрсдөө дүрэм журамдаа өөрчлөлт оруулаад шимтгэлээ үндэслэлтэй тогтоох ёстой.
-Иргэдийн зүгээс хэрэв банкуудын үйл ажиллагаа хууль бус байсан гэж тогтоогдвол өмнөх шимтгэлүүдээ нөхөж авах боломжтой эсэхийг сонирхсоор байгаа. Тийм боломж бий юү?
-Манайх захиргааны шийдвэр гаргадаг байгууллага. Банкуудын энэ үйл ажиллагаа хууль бус юм байна гэдгийг л тогтоосон. Тэгэхээр энэ асуудал шүүх дээр очоод эцэслэгдсэн тохиолдолд иргэд шийдвэрийг нь бариад өмнөх хохирлоо нэхэмжлэх боломжтой.
-Үүрэн телефоны компаниуд хэрэглэгчдийг хохироосон тухай гомдол тасардаггүй. Танайх үүн дээр анхаарч байна уу?
-Манайх ирж байгаа гомдлуудыг нэгтгэж үзээд хамгийн олон давтамжтайг нь удирдамжтай нэгдсэн шалгалт болгоод хийж байгаа. Тэгэхгүй бол иргэн Доржоос гомдол ирэхэд шийдээд явуулчихдаг. Дараа нь Цэцгээгээс ирэхэд шийдээд өгчихдөг. Гэтэл цаана нь гомдол гаргах талаар мэдээлэлгүй хэрнээ хохирсоор байгаа хэрэглэгчид бий. Цаашид энэ чиглэлийн гомдлыг ирүүлэхгүйн тулд, тэр зөрчлийг дахиж гаргахгүйн тулд нэгдсэн хяналт шалгалтыг үүрэн телефоны дөрвөн компанид явууллаа.
Тухайлбал, “Жи мобайл” компани дээр гэхэд хэрэглэгч гэрээгээ цуцлах санал тавих боломжгүйгээр гэрээг нь байгуулдаг. “Мобиком” компани гэхэд дараа төлбөрт “Миний моби” багц, хосолсон төлбөрт “Хайбрид” багц хэрэглэгчдэд санал болгодог. Энэ нь хэрэглэгч өөрийн хэрэглээндээ нийцүүлж бараа үйлчилгээг чөлөөтэй сонгох, багц бууруулан шилжих боломжийг хязгаарласан. Мөн хоногтой картаар нэг дор хоёр удаа цэнэглэхэд нэгж нь нэмэгдсэн ч хоног нь нэмэгддэггүй зөрчил илэрсэн.
Бүх л компани дээр зөрчил гарсан. Зөрчилтэй асуудлууд дээр нь 30 хоногийн хугацаатай албан даалгавар хүргүүлээд байна. Эхнээсээ шийдэгдэж байна гэж иргэдийн зүгээс мэдээлэл ирүүлж байгаа нь сайшаалтай.
-Интернэт хэрэглээний дата хурдан дуусчихаад байгаа талаар нэлээд гомдол харагддаг. Энэ асуудлыг шалгалтын хүрээнд хөндөв үү?
-Өмнө нь хэрэглээд тодорхой хугацаанд хүрдэг байсан дата дуусчихаад байна гэсэн гомдол их ирсэн. Шалгалтын хүрээнд үүнд зөрчил тогтоогдоогүй. Учир нь иргэдийн дижитал хэрэглээг дагаад дата хэрэглээ нэмэгдэж байна. Бидний хэрэглэж байгаа гар утасны дэлгэц томорсоор байна, үзэж байгаа зурагны нягтрал нэмэгдэж байна, видеоны чанар сайжирч байна, утаснууд дээр байсхийгээд update хийхэд дата зарцуулагддаг. Тэр хэрээр дата хэрэглээ өссөөр байдаг. Харилцаа холбооны зохицуулах хороонд дата хэрэглээг шалгах төхөөрөмж байдаггүй юм байна. Тиймээс бид энэ асуудлыг нарийвчлан шалгах боломжгүй болчихоод байгаа. Иргэд үүрэн телефоны компаниуд дээр очоод дата хэрэглээгээ шалгуулах боломжтой.
Түүнээс гадна Харилцаа холбооны тухай хуульд дугаартайгаа шилжих үйлчилгээг нэвтрүүлэх талаар заачихсан байдаг. Гэтэл өнөөдөр хүртэл энэ заалт хэрэгжээгүй. Харилцаа холбооны зохицуулах хороо энэ асуудлаар хоёр удаа тендер зарласан ч оролцогчид байгаагүй гэдэг тайлбар хэлж байгаа. Тиймээс Цахим хөгжлийн яам болон Харилцаа холбооны зохицуулах хороонд энэ хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах албан шаардлага хүргүүлээд байна.