Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаадын хөрөнгө оруулагчдыг хохироосон 57 хэргийн талаар прокурорын зөвшөөрлөөр нийтэд мэдээллээ.

Сайд Х.Нямбаатар "Бид авлигын индексийг бууруулахгүйгээр гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг татахгүйгээр эдийн засгаа тэлэх боломжгүй. 

Хууль зүй, дотоод хэргийн яам нь хуулиараа 16 төрлийн чиг үүрэг хэрэгжүүлдэг. Гэхдээ хэрэг мөрдөн шалгадаггүй. Гадаадын хөрөнгө оруулалтын эрх ашгийг хөндсөн хэргүүдийн талаар мэдээлэл ирүүлэхийг холбогдох газруудаас хүссэн. Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-аас таван хэрэг, Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-аас 50 гаруй хэргийн танилцуулга ирсэн.

Харин прокурорын байгууллагаас хэрэг мөрдөн байцаалтын шатанд байгаа тул мэдээлэл өгөхөөс татгалзсан ч саяхан буюу 30 минутын өмнө тус байгууллагатай зөвшилцсөнөөр хүний нэр, байгууллагын нэрийг бүтэн хэлэхгүйгээр зөвшөөрөгдсөн хүрээнд явцын мэдээллийг өгөхөөр боллоо" гэв. 

Тэрбээр "АТГ-аас ирүүлсэн мэдээллээр мөрдөн шалгах ажиллагаанд 3, хэрэгсэхгүй болгосон 1, хэргийг нь хаасан 1, шүүхийн шатанд 1, шүүхээр шийдвэрлэгдсэн 1 хэрэг байна.

ЦЕГ-аас өгсөн мэдээллээр 50 хэрэг бий. Үүнээс мөрдөн шалгах ажиллагаанд 12,  шүүхийн шатанд 2, шүүхээр шийдвэрлэгдсэн 3, хаасан 19, хэрэгсэхгүй болсон 14 хэрэг байна.

Хэргүүдийн зүйлчлэлийг авч үзвэл

  • залилах 37,
  • завших 6,
  • мөнгө угаах суурьтай 11,
  • дээрэмдэх 1,
  • хахууль өгөх, авах 3,
  • албан тушаалын байдлаа урвуулан ашиглах 3,
  • мансууруулах эм, бодисыг ашиглах хэрэг 5%-тай.

Гадаадын иргэн, хуулийн этгээдээс Монгол Улсад хөрөнгө оруулж хохирсон нийт 57 хэргийн 20-ыг нь хааж, 15 хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийг дэлгэрэнгүй өгч болно гэсэн учир овог, нэрийг бүтнээр нь хэлье. Япон улсын иргэн Такахама Кеничи нь их хэмжээний мөнгөө залилуулсан гэх хэрэг байгаа. Монгол Улсын иргэн О.Болд нь Япон улсын иргэн Такахаматай Монгол Улсад ББСБ байгуулан хамтран ажиллахаар тохиролцож, Ориентал капитал, Ориентал инвест гэдэг компанийг байгуулсан. Ингээд зохиомол  байдлыг бий болгон хуурамч данс, хуулга, санхүүгийн тайлан гарган япон улсын иргэнээс 4.2 тэрбум төгрөгийг залилсан.

Хэргийг нээсэн огноо нь 2018 он.

Хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангиар зүйлчлэгдэн яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Шүүхээс 2022 оны тавдугаар сарын 30-ны өдөр Болдод 6 жилийн хорих ял оногдуулсан. Тэрбээр давж заалдах шатны шүүхэд хандсан ч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байгаа" гэв.

 

Шүүхийн шатанд байгаа хэргүүдийн талаар танилцуулах үеэр тэрбээр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан М нь Ливан улсын иргэнийг хохироосон тухай мэдээллээ. 

Тэрбээр "Нийслэлийн Газар зохион байгуулах албаны удирдах албан тушаалтнууд, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан "М"-ийн хамаарал бүхий этгээд БЗД-ийн нутагт хууль бусаар газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад давуу байдал олгон "С" компанийн хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч, Ливан улсын иргэн "Ми"-гийн эд хөрөнгийг шилжүүлэн авсны улмаас "С" гэдэг хязгаарлагдмал хариуцлагатай компанид их хэмжээний хохирол учирсан. 

"М" өөрийнхөө хамаарал бүхий хүмүүсээр дамжуулж Ливан улсын иргэний хохироогоод, өөрийнх нь оруулсан барилга байшин газар гээд бүхэлд нь хувьдаа ашигласан хэрэг шүүх дээр явж байгаа. 

Энэ хэрэг олон нийтийн сүлжээгээр нэлээд явсан. Энэ хэргийг анхааралтай ажиглаж байна. 

Ливан улсын иргэн өөрөө мэдүүлгээ өгье гээд иргэний нэхэмжлэгчээр тооцогдон шүүхээр шийдэгдэх гээд явж байгаа" гэлээ. 

"Сүрүга Монгол" корпорацын Гүйцэтгэх захирал асантай холбоотой хэргийг энэ үеэр онцлон дурдсан юм. 

Энэ тухай Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд Х.Нямбаатар "Монгол Улсын иргэн н.Гочоосүрэн нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг хууль бусаар олж авч, Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Палас зочид буудлын 609 тоот өрөөнд байрлаж байсан Япон улсын иргэн, "Сүрүга Монгол" корпорацын гүйцэтгэх захирал асан Хара Цүнэякигийн орны матрасны дор мансууруулах бодис байрлуулж, бусдыг зохион байгуулалттайгаар гэмт хэрэгт гүтгэсэн. н.Гочоосүрэн, н.Тэргэл нарын холбогдох энэ хэрэг 2012 онд үйлдэгдсэн. 

Шүүхээр тэд нарыг цагаатгаж шийдвэрлэсэн, Давж заалдах шатны шүүх 2012 оны арваннэгдүгээр сарын 1-ний өдрийн 795 дугаар магадлалаар Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээсэн.

Энэ бол илэрхий үйлдэгдсэн хэрэг. Нэмж мэдээлэл хэлэхэд, Япон улсын иргэнийг гүтгэсний дараа энэ хүмүүс хувиараа бизнес эрхэлдэг болсон. Үүнийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэж хэлж болно. 

"Сүрүга Монгол"-ын гүйцэтгэх захирал нь 70 гаруй настай хүн байсан. Түүнийг нас барсан гэх мэдээлэл би авсан. Манай хууль сахиулах байгууллагынхан хүүхдийг нь хохирогчоор татахаар ажиллаж байна" хэмээв.