О.Цогтгэрэл: Эрх баригчдын ам, ажил алд алдаар зөрж байна
2022/11/01
УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэлтэй ярилцлаа.
-Өнгөрсөн хаврын чуулган өндөрлөснөөс хойш та нутгаараа нэлээд явах шиг боллоо. Тойрогтоо ер нь хэр ажиллаж байна?
-2020 оноос хойш цар тахал, хөл хорио гээд тойрогтоо очих нөхцөл олдох нь барагтай байсан. Харин энэ жилийн хувьд хөл хорионы нөхцөл суларч, байдал арай намжмал боллоо. Нөгөө талаас манай аймгийн зарим сумдуудын тэгш ойнууд тохиосон жил болсон учраас найр наадмын цагаас эхлүүлээд намрын чуулган эхлэх хүртэл нэлээд хэд явж ажиллалаа, ард иргэдтэйгээ ч ер нь чамгүй сайн уулзалдлаа.
-Тойрогтоо Улаанбаатар хотоос эрдэмтэд, багш нар аваачаад “Боловсролд гэрэл нэмье” гээд их аятайхан ажил санаачилсан харагдсан. Ер нь сүүлийн үед боловсролын салбарт илүү түлхүү анхаарч ажиллаад байх шиг байна?
-Сүүлийн үед гэлгүй эртнээс хүүхэд, залуусын боловсролд анхаарсан олон ажлуудыг хийж хэрэгжүүлж ирсний үргэлжлэл нь энэ ажил. Санаа нь сайн багшаас, холын хүнээс сонссон нэг үг хүний цаашдын амьдралыг орвонгоор нь өөрчлөх шидтэй гэж итгэдэг. Миний амьдралд, надад ч ийм олон жишээ таарч байсан. Ийм учраас физик, математикийн Монголын аль шилдэг сайн гэсэн багш нарыг аваачиж хүүхдүүддээ, багш нартаа ганц ч гэсэн хэрэгтэй үгийг сонсгохоор зорьсон. Цаашид ч улам хөгжүүлээд үргэлжлүүлнэ гэсэн төлөвлөгөөтэй байна.
-Ахуй, ажлын оршил сэдвээ хаагаад цаг үеийн сэдэв рүү, тэр тусмаа улс төр, эдийн засгийн нөхцөл байдал руу шилжье. Одоо бол яг ирэх оны төсөв хэлэлцэж байгаа парламентын халуун өдрүүд үргэлжилж байна. Та ирэх оны төсөв дээр ямар байр суурьтай байна вэ?
-Монголын төдийгүй дэлхий нийтийн эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгааг бид бүгдээрээ мэдэж байгаа. Тэр тусмаа эрх баригчид үүнийг мэдэхийн дээдээр мэдэж буй нь лавтай. Ийм ч учраас Засгийн газраас цаг үеийн энэ нөхцөл байдалтай нийцсэн төсвийн төслийг УИХ руу оруулж ирэх байх гэсэн хүлээлттэй байсан. Харамсалтай нь яг одоо УИХ-аар хэлэлцэж байгаа төсвийн төсөл энэхүү хүлээлтэд хүрэхгүй байна. Төсвийн алдагдал гэхэд ил харагдах нь 1.6 их наяд байхаар тооцож оруулж ирсэн. Алдагдлаа аргалж, энэ тэнд нуучихсаны цаана бодитоороо бол ирэх оны төсөв 3-5 их наядын алдагдалтай байхаар харагдаж байгаа юм. Өнөө жил 18 их наядын зарлагатай байгаа төсөв ирэх жил 20 их наяд тэлэх нь. Ирээдүйн өв сангаас хэрэглэж буй мөнгө, зарлагын өсөлт зэргийг тооцохоор ирэх оны төсвийн алдагдал эрх баригчдын сурталчилж буй шиг буурах биш бүр өссөн болж харагдаад байгаа юм. Энэ бол Монгол Улсын төсвийн тогтвортой байдлын тухай хууль тэргүүтэй холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн явдал. Төсвийн алдагдал нэмэгдэхийн хэрээр Монгол Улсын өр, зээл нэмэгдэнэ. Манай улсын ойрын үеийн хамгийн том эрсдэл гадаад өрийн хэмжээ байгаа. Гадаад өрийн эргэн төлөлт тулчихсан, авсан зээлээ төлж чадах эсэх нь эргэлзээтэй, валютын нөөц багассан, цаашлаад дефолт зарлах эрсдэлтэй байдалд орчихсон байна. Гэтэл ийм нөхцөлд их хэмжээний алдагдалтай төсөв оруулж ирсэн нь тун ч харамсалтай. Энэ бол эрх баригчдын хариуцлагагүй үйлдэл гэж харж байгаа.
-Ирэх онд 18.9 их наяд төгрөгийн орлого олохоор төсөөлж байна. Үүнээс илүү орлого олох боломж байна уу?
-Ирэх онд нүүрснээс хамгийн их орлогоо олохоор тооцжээ. Энэ жил экспортод 18 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөсөн. Гэтэл ирэх онд энэ хэмжээнээс хоёр дахин их хэмжээтэй буюу 36 сая тонн нүүрс гаргахаар төлөвлөчихсөн. Манай улсын нүүрсний гол худалдан авагч болох БНХАУ-ын эдийн засаг сайнгүй, өсөлт муутай байна. Энэ бүхнээс дүгнэхэд, нэгдүгээрт, БНХАУ манайхаас 36 сая тонн нүүрс авах уу, хоёрдугаарт, нэг тонн нүүрсний үнэ 110 долларын ханштай байх уу гэдэг нь эргэлзээтэй асуудал. Магадгүй эрх баригчид нүүрсний хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн шалтгаанаа төмөр замтай холбож тайлбарлах байх л даа. Гэтэл бодит байдал дээр БНХАУ-тай огтлолцоогүй, хил дамнаагүй, мухар төмөр зам байгаа. Мухар төмөр замаасаа хил гарах хүртэл автомашинаар тээвэрлэнэ. Өөрөөр хэлбэл, бид ирэх онд автомашинаар нүүрсээ зөөсөн хэвээр л байна. Үүнээс гадна ирэх онд зэсийн үнийг 8400 доллараар тооцсон байна. Гэтэл одоогийн байдлаар зэсийн үнэ 7000 долларт хүрч үнэ нь унаад байна. Мөн ирэх онд зэсийн үнэ 7800-7900 долларын хооронд байхыг олон улсын байгууллагуудаас тооцож гаргасан. Олон улсын байгууллагуудаас гаргаж байгаа үнийн төсөөллөөс ч өндөр хэмжээнд зэсийн ханшийг төсөөлсний цаана төсвийн далд алдагдал явагдаж байна гэсэн үг. Товчхондоо Засгийн газраас хариуцлагагүй, дампуу төсөв оруулж ирсэн гэж дүгнэхээр байна.
-Ер нь нүүрсний, уул уурхайнхаа өгөөжийг бид яаж нэмэгдүүлэх ёстой юм бэ?
-Уул уурхайн баялагтаа зөв менежмэнт, сайн засаглалыг ашиглаж чадвал яаж хөгжиж болдгийн жишээг Скандинавын тэргүүтэй орнуудаас бид хардаг. Харин эсрэгээрээ уул уурхайн баялагтай хэрнээ засаглал муутай бол яаж үгүйрэн хоосорч, үрэгдэн дуусдагийн жишээ Африкаар дүүрэн байна. Ийм учраас бид “Засаглалаа яаж сайжруулах вэ” гэх ганцхан асуултад анхаарах ёстой. Төр томорч буйн, дарга нар идлээ, уулаа гэж буйн, мөн энд тэндгүй төрийн өмчит уул уурхайн компани тойрсон “бөмбөг”-үүд дэлбэрч буйн шалтгаан нь бид уул уурхайн баялгаа зөв захиран зарцуулах хэмжээний засаглалгүй байгаатай холбоотой. Манай улсын хувьд уул уурхайн асар их нөөц, газрын баялагтай байгаа нь бидний аз, заяа мэт боловч үүнтэйгээ тэнцэхүйцээр засаглалын чадамжаа дээшлүүлэхгүй бол магадгүй энэ боломж нь гай, зовлонг дагуулаад байх шиг санагддаг.
-Жилээс жилд урсгал зардлын хэмжээ нэмэгдэж байна. Энэ хэрээр төр данхайж байна. Урсгал зардлын хэмжээг бууруулах боломж бий юү?
-Өнгөц харахад цалин, тэтгэврийн хэмжээг нэмсэн мэт харагдаж байгаа боловч зүүний бодлоготой, халамжийн бодлогыг урьтал болгодог нам удаа дараа засаглахаар ямар нөхцөл байдал үүсдэг нь тод харагдаж байна. Үндсэндээ сонгуульд ялж л байвал улс орны эдийн засаг, ажилгүйдэл, ядуурлын хэмжээ өсөх нь тэдэнд огт хамаагүй байдаг юм шиг бодлоготой ажилласаар ирлээ. Сонгуулийн уран гоё амлалтуудаа умартаж, иргэдээ халамжаар угжихыг эрх баригчид урьтал болгож байна. Нэг үгээр бол эрх баригчдын ам, ажил нь алд, алдаар зөрөөд байна. Төсвийн төсөлд дээр байгаагаар манай улсын хүн амын 75 хувь нь ямар нэгэн байдлаар халамж авч байна. Ийм улс оронд баялаг бүтээх, төрийн аппарат нь жижиг байна гэх ойлголт байх уу. Монгол Улсын төсвийн зарлага 2018 онтой харьцуулахад хоёр дахин нэмэгдсэн. Тухайн үед 9 их наядын төсвийн зарлагатай байсан бол 2022 онд 18 их наяд болсон, ирэх онд бүр 20 их наяд болно. Монголын төр хоёр дахин томорсон энэ таван жилд иргэдийн амьдрал, амьжиргаа хоёр дахин дээшилсэн үү? Үгүй. Харин даргын гарын үсгээр зарцуулагддаг мөнгөний хэмжээ хоёр дахин нэмэгдсэн байна. Гэтэл бодит амьдрал дээр иргэдийн амьжиргаа улам доройтсоор байна. Үүний цаад суурь шалтгаан нь сонгуульд ялалт байгуулахын тулд иргэд, улс орныхоо ирээдүйг золиосолдог нам удаан засаглахаар юу болдгийг л бодитоор нь бидэнд харуулж байна. Төр улам л томорч, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн эдийн засаг дахь үүрэг оролцоо өдөр өдрөөр нэмэгдлээ. Төсвөөс гадуур маш их хэмжээний мөнгийг ТӨК-ууд зарцуулж байна. Үндсэндээ бол Монгол Улсын эдийн засгийн 70-80 хувь нь төртэй холбоотой болчихсон. Нэг үгээр бол бид аажим аажмаар социалист эдийн засагтай орон болон хувирч байна.
-Манай улсын валютын нөөц 50 орчим хувиар буурчихсан байгаа энэ үед уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгаа солонгоруулах талаар ихээхэн ярьж байна. Ярих биш бодит ажил хэрэг болгох боломж юу байна вэ?
-Валютын нөөцийг нэмэгдүүлэх гурван арга зам бий. Нэгдүгээрт, экспортыг нэмэгдүүлэх, хоёрдугаарт, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, гуравдугаарт, хамгийн муу хувилбар буюу өр зээл тавих. Манайх экспортын хэмжээг нэмэгдүүлэх ажлыг муу хийж байна. Мөн гадаадын хөрөнгө оруулалтыг татах ажлыг муу биш, маш муу хийж байна. Үндсэндээ Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтаас өөр гадаадын хөрөнгө оруулалт алга. Бүгдийг нь хөөгөөд гаргачихсан. Тухайлбал, 2012 онд МАН-ынхан стратегийн ач холбогдол бүхий салбарт үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль санаачилж, түүнээс хойш бүх гадны хөрөнгө оруулагчдыг хөөж гаргасан. Харин Засгийн газар, эрх баригчид гадаадад өр зээл тавих ажлыг бол маш сайн хийж байна. Тухайлбал, 2016 онд Засгийн газар дөрвөн тэрбум ам.долларын өртэй байсан бол өнөөдөр найман тэрбум ам долларт хүрч хоёр дахин нэмэгдсэн. Үүнээс гадна энэ тоонд ороогүй Монголбанкны, Хөгжлийн банкны, Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн өр асар их бий. Ингээд харахаар Монгол Улс өрөндөө баригдаж, өтөндөө идэгдэж байгаа нь бодит асуудал болсон. Биднийг ирэх онд 1.5 тэрбум ам.долларын гадаадын зээлийн төлөлт хүлээж байна. Энэ өрөө төлөх мөнгө манайд байхгүй. Гэхдээ өрийг өрөөр дардаг нэг “дархан мэх”-тэй болоод удлаа. Энэ дархан мэхээ ирэх жил ашиглаж, бонд гаргах санаатай байх шиг. Хэрэв бонд босговол өндөр хүүтэй авах нь тодорхой байна. Учир нь гадныхан биднийг эдийн засгийн эрсдэлтэй гэж үзэж байгаа учраас өмнөх зээлийн хүүгээс 4-5 дахин өссөн дүнгээр зээл олгохоор нөхцөлтэй байна. Үүний үр дүнд жил бүр гадаад өр, зээлийн хүүгийн дарамт төсөв дээр ирнэ.
-Эдийн засгаа сэргээх талаар эрх баригчид ярьж байгаа. Гэтэл Монголбанкнаас бодлогын хүүгээ өсгөсөнтэй холбоотойгоор бүх төрлийн зээлд хязгаар тогтоосон нь иргэн, ААН-үүдэд хүндээр тусч байна. Энэ байдлаас хэрхэн гарах вэ?
-Төр томроод байхаар иргэд, бизнес эрхлэгч ААН-үүд жижигрэх нь тодорхой. Тиймээс төр жижигрэх, цомхон болох ёстой. Өөр ямар ч гарц байхгүй. Дарга нарын захиран зарцуулах мөнгөний хэмжээ нэмэгдээд байхаар бизнес эрхлэгч жирийн иргэд, ААН-үүдэд очих мөнгө багасна. Үүнийг гайхаад байх юм ердөө ч байхгүй.
-Гэхдээ эрх баригчид таны ярьж буй шиг төсвийн хэмнэлт, өр зээлээ багасгах гээд өчнөөн олон асуудлуудыг ярьдаг шүү дээ. Иргэд ч ийм л байдлаар ажиллаж байгаа гэж ойлгож байгаа?
-Тийм ээ, тэд ярьдаг. Эрх баригчид дунд, Ардын намынхан дотор асуудлуудаа ойлгодог, буруу зүг рүү явж буйг мэддэг, харьцангуй дэвшилтэт гэж хэлж болохуйц үзэлтэй залуус цөөнгүй бий. Ардын намынх л бол “муухай”, бүгдээрээ “зүүнтэн”, халамжийг “сурталдагч” гэж хэлж бас болохгүй. Энэ бүхнийг өөрчилье, зөв зүг рүү алхъя гэж ярьж буй, хариуцлагатай алба хашиж буй олон хүмүүс бий. Гэвч тэр залуус маань энэ том намынхаа буруу зүг рүү өнхөрч буй дугуйны “энерци”-ийг дийлэхгүй байна. Сонгуульд л ялбал юу ч хамаагүй, улсаа биш намаа бодъё гэсэн МАН-ынхны уламжлалт энерциэс энэ залуус нь гарч чадахгүй байна. Тиймдээ ч олон уран “гоё” санаачилга ярилаа ч улсын төсөв нь улам тэлж, төр данхайсаар л байна. Авлигатай тэмцэж, шударга ёсыг бэхжүүлэх тухай маш их ярьж байгаа ч ОУ-ын авлигын индексийн судалгаагаар манай улс 2015 онд 74 дүгээр байранд байсан бол өнөөдөр 110 дугаар байранд орж даруй 40 орчим байраар ухарсан байна. Мөн бизнес эрхлэлтийн индексээр жил бүр байр ухарсаар л байна.
-Энэ бүхэн Ардчилсан намаас болоод байгаа юм биш үү. Ардчилсан нам төдийгүй ардчиллын замыг сонгосноос боллоо гэх хүмүүс ч их байна. Одоо тэгвэл яах ёстой юм бэ?
-Ардчилсан нам муу, муухай нь дараагийн асуудал байх. Харин ардчилсан, парламентын тогтолцоо бол хамгийн зөв зам мөр. Ер нь ардчилал бол дунджийн тогтолцоо. Ард түмнээс мандат авч сонгогдсон УИХ-ын гишүүд, аймаг дүүрэг, сумын төлөөлөгчид гэдэг бол ард түмний, монголчуудын дундаж нь. Салбар салбарынхан орсон, зүг зүгээс цугласан яг л алтан дундаж нь. Түүнээс биш ардчилал хамгийн шилдэг элитүүд цуглараад, мундагууд нь ахиад байдаг систем огт биш. Тийм ч учраас тэдний гаргаж буй шийдэл, хөгжил дэвшлийн зам мөр дундаж хурдаар л явж буй. Хэт хурдан биш, бас бүр удаан ч биш. Хурдлуулъя гэвэл иргэдийнхээ дунджийг л ахиулах ёстой. Ахиулдаг арга нь боловсрол. Тийм ч учраас би ярианы эхэнд гарсан боловсролд анхаардгийн учиг энд гарч буй юм.
-Энэ жилийн төсөв халамжаас хөдөлмөрт гэсэн тодотголтой байсан. Ирэх жилийн төсвийн тухайд хэмнэлтийн төсөв болсон хэмээн тодорхойлж байна. Та үүнтэй санал нийлэх үү?
-Энэ жилийн хувьд халамжаас хөдөлмөрт шилжих биш, эсрэгээрээ харин хөдөлмөрөөс халамжид шилжих бодлого, зорилт дэвшүүлсэн жил болсон юм болов уу гэж ойлгогдохоор байгаа. Өнөөдөр ажил хийж, амьжиргаагаа залгуулах сонирхолтой иргэдийн тоо буурсан. Ямар нэгэн байдлаар ажил хийхгүйгээр амьдарч болдог халамжийн тогтолцоог эрх баригчид бий болгочихсон. Би дээр хэлсэн. Нийт хүн амынх нь 75 хувь нь ямар нэгэн байдлаар халамж авдаг улс дэлхийд манайхаас өөр байна уу. Социализмын үед ч ийм байгаагүй байх. Халамжаас хөдөлмөрт шилжих бодлогыг хэрэгжүүлэх ямар механизм бүрдсэн юм. Ямар үр дүн гарав. Судалъя гэсэн ч ийм бодлого шийдвэр хаана ч байхгүй. Харин халамж авдаг иргэдийн тоо нэмэгдсэн. Ирэх оны төсвийн тухайд ч хэмнэлтийн төсөв биш үрэлгэн, зарлаган төсөв болсон.
-Ирэх оны төсвийн бас нэг онцлог нь шинээр хөрөнгө оруулалтын зардал гаргахгүй, өмнө нь эхлүүлсэн хөрөнгө оруулалтуудын төслүүдээ дуусгахыг зорьж байгаа шүү дээ. Энэ нь төсвийн шинэчлэлийн нэг алхам болж чадав уу?
-Эрх баригчид маш олон гоё юм ярьж байгаа шүү дээ. Ирэх онд 2.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төсөвлөсөн. Энэ жил 1.6 их наядын хөрөнгө оруулалт төсөвлөсөн шүү дээ. Тэгвэл шинэ хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөгүй юм бол энэ жилийнхээс даруй 1.1 их наяд төгрөгөөр хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлсэн нь хэмнэсэн хэрэг үү. Үнэндээ өмнө нь төсөвт суулгасан эдийн засгийн үр ашиггүй цемент цутгах ажлаа гүйцээх гэж байгаа хэрэг. Ирэх жил эрх баригчдын зарласан тендерт ААН-үүд орохгүй гэдгийг тэд мэдэж байгаа. Учир нь хуучин батлагдсан төсвөөр ирэх жил тендерт оролцож, байгууллагынхаа үйл ажиллагаанд саад учруулах компани байхгүй. Тийм учраас энэ ажил үр дүн муутай байх болов уу гэж харж байгаа.
-Ирэх оны төсөв дээр та нэлээд шүүмжлэлтэй хандаж байгаа юм байна. Та УИХ-ын гишүүний хувиар болоод УИХ дахь АН-ын бүлгийн даргын хувьд төсвийн хэлэлцүүлгийн үеэр саналуудаа нэгтгэж хүргүүлсэн үү?
-Төсөвтэй холбоотой санал, шүүмжлэлээ УИХ-ын чуулганы үеэр болоод, холбогдох байнгын хорооны хурал дээр хэлсээр байгаа. Дээр дурдсан асуудлууд Монгол Улсын төсөвт тулгараад байгаа аюул, гамшгийн ердөө л зах зух нь. Үүний цаана маш олон асуудлууд орхигдсон байгаа. Нийгмийн даатгалын тогтолцоо нь тэр чигээрээ дампуурчихсан. Хөдөө аж ахуйн салбарт ч тулгамдсан асуудал олон байна. Малчдын орлогын гол эх үүсвэр болсон махны үнэ дотооддоо буурчихсан, цаашлаад улс орон даяараа шүлхийн өвчин, халдварт өвчинд идэгдчихсэнээс үүдээд махаа экспортод гаргах боломжгүй болчихсон байна. Тэр дундаа малчдын орлого тасалдахад хүрлээ. Ойрын гурван жилдээ нойтон мах экспортод гаргах талаар яриад ч нэмэргүй. УИХ дахь Ардчилсан намын бүлгээс дээрх бүх асуудлаар тухай бүрд нь байр сууриа илэрхийлээд явж байгаа. Бид МАН-аас сонгуулийн амлалтуудыг нэхэх акц зохион байгуулахаар төлөвлөж байна. Тэдний амлалтууд бодит байдал дээр биелсэн үү. Амлалтаа биелүүлээгүй, биелүүлэхийн төлөө ажил хийгээгүй бол санаатайгаар иргэдийг хууран мэхлэх үйл ажиллагаа цаана нь явж байна гэсэн үг. Бид системтэй арга хэмжээнүүд авахаар ажиллаж байна.
-Ирэх оны төсвийн төсөл дээрх таны байр суурийг энэ хүрээд өндөрлөе. Одоо УИХ дахь Ардчилсан намын бүлгийн асуудал руу оръё гэж бодож байна. Ээлжит бус чуулган зарлан хуралдуулах үеэр танай намын бүлэг албан ёсоор хуралдаж, таныг бүлгийн даргаар сонгосон. Гэвч үүнийг өмнөх бүлгийн дарга үл зөвшөөрсөн үйлдлүүдийг гаргаж буй асуудал бий. Ардчилсан намын бүлгийн даргын маргаантай асуудал одоо нэг талдаа гарсан гэж ойлгож болох уу. Тухайлбал та бүлгийн даргын өрөө, тамгаа хүлээж авсан уу?
-УИХ дахь Ардчилсан намын бүлгийн үйл ажиллагаа хэвийн, хууль журмын хүрээнд саадгүй үргэлжилж байна. Гэвч бүлэг дотор өмнөх даргатай үл ойлголцох ганц нэг асуудлууд бий. Төрийн тэр тусмаа улс төрийн ажил гэдэг авдаг, авсан шигээ дараагийн хүндээ шилжүүлж өгөөд явдаг ажил. Д.Ганбат гишүүний хувьд Ардчилсан намын үзэл санаан дээр бат зогсдог, туршлагатай парламентч хүн. Тэр үүднээсээ удахгүй үнэн зөвөө ялгаж таниад эвлээд урагшилна байх л гэж бодож, хардаг. Бүлгийн тамганы хувьд өмнөхийг хүчингүй болгоод шинээр гаргаж өгсөн.
-Танай бүлэг нийт хэдэн гишүүнтэй байна вэ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар танай бүлэгт харьяалагдаж байгаа юу?
-Сонгуулийн үр дүнгийн дагуу 11 гишүүн манай бүлэгт бий. УИХ-ын гишүүн С.Ганбаатар, Н.Алтанхуяг нар саналын эрх байхгүй ч манай бүлэгт харьяалагдаад, үйл ажиллагаанд хамтран оролцоод явж байна.
-Тэгвэл Ардчилсан намын тамга тэмдгийн асуудал юу болсон бэ?
-Яахав, хамгийн сүүлд Улсын дээд шүүхийн хуралдааны шийдвэр гарсан. Уламжлал ёсоор “Ардчилсан намыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх дарга одоогоор байхгүй. Энэ асуудлаа намын дотроо шийд” гэсэн хариуг есдүгээр сарын 27-ны хуралдаанаар өгсөн. Тиймээс бидэнд дотооддоо учраа олохоос өөр арга зам үлдээгүй. УДШ-ийн шийдвэр эцсийнх гэдгийг бүгд мэдэж байгаа. Ямар нэгэн зохиомол тайлбарууд одоо хэрэггүй.
-Дотооддоо ойлголцох алхам, уулзалтууд хийж байгаа юу?
-Янз бүрийн санал санаачилга гараад явж байна. Ардчилсан намын бүлэг нэгдэж, нийлэх аливаа санал, санаачилгыг дэмжих ёстой гэсэн байр суурьтай байгаа. Мөн АН-д тодорхой хэмжээний талцал, хуваагдал байгаа нь үнэн. Миний хувьд АН-ын бүлгийн даргын хувьд аль нэг талд нь илэрхий орохгүй.
hol ochijij hyz!!!!sarmagchin................ · 2022/11/02
Bitgii hyz!!!!nohoin geleg ee!!!!hyryy nemeheer hosyy nemeh gegch ene yy?ta nar yu hiisen bilee,gelegnyyd ee!!!abch idehiin dontoi ardchilsan hylgaich nam arai yadan syygaagaa yu geh be?....
zochin · 2022/11/01
ene banhar unuudur medsen zugeer l uuru zailj uz ... bainga tiim bsan ene banhar udii boltol haraad bj bsan yagaad unuudur muurnu thagaa olj dugraagui bj odoo yarhaar ardtumen demjene gej muruudul te ali ert galt tereg yavsan Cham chig banhar mgl odoo hereggui ajil hiij yavaa uls bitgii gai bol ⁉️ gent eh orondoo hairtai jujeg odoo hereggui dee udii yu hj suusan be odoo muur.d oroitson