Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар хоорондоо ойлголцсон,  хоёр хуваагдсан АН-ыг нэгтгэхээр зөвшилцөлд хүрсэн тухай өнгөрсөн зунжин, намаржин улс төрийн хүрээнд яригдав.

Энэ нь үнэн төдийгүй урьдчилсан төлөвлөсөн операци сценарийн дагуу албан ёсоор эхэлж байгааг өчигдөр буюу 11-р сарын 1-нд УИХ-ын дэд дарга, Сангийн сайд, ЗГХЭГ-ийн дарга асан, АН-ын гишүүн С.Баярцогтын хийсэн үйлдэл харууллаа.

С.Баярцогт аль наймдугаар сард Швейцарийн холбогдох байгууллагаас түүнд ирсэн бичгийг "сарын сайныг саатан, өдрийн сайныг өнжин хүлээж байгаад"  бүхэл бүтэн гурван сарын дараа Нийслэлийн прокурорын газарт өгч буй нь энэ юм гэнэ.

 

Ингэхдээ өөрийнхөө ямар ч гэм буруугүй хүн болох тухай удтал ярьснаа Монголын аугаа эх орончид бүгд л хэлмэгдсэн, би нэг нь хэмээгээд цаашид улс төрд идэвхтэй оролцоно хэмээгээд одов. Энэ бүхний ард юу болов?

 

Улс төр бол хэлэлцэн тохирохоос өөр юу ч биш гэдэг Гитлерийн тодорхойлолт ёсоор Х.Баттулга, Ц.Элбэгдорж нар АН-ыг хамтран эзэгнэхээр тохиролцсон нь үнэн. Гэхдээ АН-ыг өөрийн хувийн нам болгохоос ч огт сийхгүй С.Эрдэнийн гараас намынхаа тамгыг авахын тулд тэдэнд МАН-ын дэмжлэг хэрэгтэй. Үнэмлэхүй эрх баригч МАН-ын удирдлагуудын хүсэл өнөөдөр Монголын ямар ч хууль хяналтын, төрийн байгууллагуудад хааны зарлиг мэт хүчтэй. 

 

Гэхдээ МАН-д бас эрх ашиг бий. Тэр нь их энгийн, УИХ-ын 2024 оны сонгуульд ялалт байгуулах.

 

Үүний тулд АН-ын даргаар хэн ажиллахыг МАН-ынхан л Ц.Элбэгдорж, Х.Баттулга тэргүүтнүүдэд "нөхөрсөгөөр" санал болгоно гэсэн үг. Тэр хүн нь цөөн тооны хэт радикал либерал үзэлтнүүдийг эс тооцвол нийгмээс бараг ямар ч дэмжлэггүй болсон Сангажавын Баярцогт болж таарчээ. Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын хувьд угаасаа сонголтгүй, С.Баярцогтыг дарга болгох нэрээр АН-ын аппаратыг өөрсдөө эзэгнэх нь л чухал. Үүний ард мөн улс төрийн үй олон амлалт, тохироо байгаа, тэр нь чухам юу юу вэ? гэдэг нь ч маш ойлгомжтой.

Гэхдээ "цаг нь болоогүй учралын төлөө цагаасаа эрт шаналаад яахав". Бичих цагт нь бичсэн нь зөв биз.

 

Ямартай ч Ц.Элбэгдорж, Х.Баттулга нарын МАН-тай тохиролцсон "С.Баярцогт операци" ийнхүү албан ёсоор эхэллээ.

 

М.Гал-Арив