Ломбардууд зээлийн хүүг дураараа тавьдаг байсан асуудал эцэслэгдэж байна. Хүүг урьдчилж авахыг хориглосон
2022/11/04
-Өнөөдөр УИХ-ын нэгдсэн хуралдаанаар мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төслийн нэгдсэн хэлэлцүүлэг явагдаж, уг хуулийг баталж байгаа талаар гишүүд байр сууриа илэрхийллээ.
Засгийн газраас тус хуулийг боловсруулж, ажлын хэсгийг Д.Цогтбаатар гишүүн даргалж, ажлын хэсэгт Ж.Чинбүрэн, Г.Амартүвшин, Ч.Ундрам, М.Оюунчимэг гишүүд орж ажилласан байна.
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар "Санхүүгийн зах зээл, ялангуяа жижиг бизнес эрхэлж буй хүмүүсийн үйл ажиллагаанд хуулийн зохицуулалт хийснээр илүү тодорхой үйл явцтай болж байгаа юм.
Энэ чиглэлийн салбарт эрх зүйн бүрэн зохицуулалт байгаагүй зөвхөн иргэний хуулиар зохицуулагддаг байсан.
Үүнээс болж хэрэглэгч эд хөрөнгөө зохих хэмжээнд үнэлүүлж чадахгүй алдах, хэтэрхий өндөр хүүтэйгээр мөнгө зээлж авах зэрэг асуудал байсан. Засгийн газрын зүгээс тус асуудалд 2020-2024 оны үйл ажиллагааныхаа хүрээнд зээлийн хүүг бууруулж, ЖДҮ дэмжих хууль тогтоомжийг сайжруулж, зах зээлд тус дэм болох талаас хуулийн зохицуулалтыг нэмэгдүүлнэ хэмээн зорилго тавьж ажилласан.
Энэхүү хууль батлагдсанаар зээлийн хүүг дураараа тавьдаг байсан асуудал эцэслэгдэж байна. Санхүүгийн зохицуулах хорооны дэргэд уг хуулийн ажлын зөвлөл байгуулагдаж, тус зөвлөлд салбарын төлөөлөгчид нь бүгд орж ажиллана. Зөвлөлөөс зээлийн хүүгийн дээд хэмжээг тогтоож өгнө. Ингэснээр ломбардын үйл ажиллагаа эрхэлж буй газрууд ил тод хэлбэрээр зээлийн хүүгээ тавьж өгөх юм.
Мөн ямар нэгэн бизнест зөвшөөрөл өгөх маягаар бизнесийг улам хүндрүүлэх биш харин бүртгэлжүүлэх хэрэгтэй. Тиймээс тодорхой хэмжээний бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүмүүс бүртгүүлээд цаашдаа үйл ажиллагаагаа явуулж болно.
Бүртгэлжүүлэх ажлыг хялбаршуулах үүднээс тодорхой хэмжээнд заасан мөнгөн дүнгээс дээш орлоготой бизнес эрхлэгчдийг Санхүүгийн зохицуулах хороо бүртгэнэ. Харин тодорхой хэмжээнд заасан орлогоос доош орлоготой бол орон нутгийн түвшинд бүртгэдэг байдлаар зохицуулсан байгаа. Хөдөө, орон нутагт үйл ажиллагаа явуулж буй ААН-үүд орон нутагтаа бүртгүүлэх боломжийг бий болгон өгсөн.
Мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг компаниуд бодит байдалд хяналтаас гадна байсан. Тиймээс тодорхой хэмжээний хянах тогтолцоог санхүүгийн зохицуулах хороонд олгож байгаа.
Тухайлбал, бид бүхэн Цагдаагийн ерөнхий газраас маш олон барьцаалах зээлийн үйл ажиллагаа явуулж буй үйл явц дунд барьцааны хөрөнгөд хулгайн шинж чанартай зүйл гардаг мэдээллийг олж үзсэн. Иймд гэмт хэрэгтэй тэмцэхэд энэ үйл ажиллагааг ойлгомжтой, тодорхой болгох шаардлагатай зүйлсийг тус хуулийн зүйл, заалтад тусгасан.
Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг баталснаар бизнесийн салбар илүү ойлгомжтой, хуулийн зохицуулалттайгаар хэрэглэгчдийн эрх ашиг нь хамгаалагдсан нөхцөл байдал руу шилжсэн. Гэхдээ бизнес эрхэлж буй хүмүүсийн үйл ажиллагааг төрөөс хааж, боогдуулаагүй" хэмээн ярилаа.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Мөнгөн зээлийн үйл ажиллагаа буюу ломбардын үйл ажиллагааг зохицуулах хуулийг өнөөдөр албан ёсоор баталлаа. Энэхүү хуулийн ач холбогдол нь иргэдийн барьцаа хөрөнгийг байгаа хэмжээнээс нь доор үнэлгээтэйгээр барьцаалж авах, маш өндөр хүүтэй өдрийн зээл зэрэг асуудлыг зохицуулсан чухал хууль батлагдлаа.
Хуулийн төслийн дагуу зээлийн хүүг урьдчилж авахыг хориглосон байгаа. Хулгайд алдагдсан үнэт эдлэлийг барьцаа нэрээр зарж байгаа үйл явцыг энэхүү хуулиар хааж, зохицуулалт хийсэн" гэв.
Зочин · 2022/11/04
changal changal bas dahin changal??????ene l chyhal suu!!!!!