Ийм нэгэн асуулт улс төрийн хүрээнд өрнөж, мөн хардлага дагуулах болов. Уг шалтгаан нь иргэн С.Баярцогтын нийслэлийн Прокурорын үүдэнд хийсэн мэдээллээс үүдэлтэй. Төрийн өндөр албан тушаал хашиж асан нэгэн өөрт хамааралтай асуудлаар хэвлэлийн хурал хийх нь хэн бүхэнд нээлттэй.

Гол нь усанд хаясан чулуу мэт таг дуугүй явсан С.Баярцогт гэнэт гарч ирээд, бүр Прокурорын байгууллагын үүдэнд хэвлэлийнхнээр бүчүүлэн байж гэм буруугүй болсноо зарлан тунхаглаж, түүгээр дамжуулан нийгэмд түгээсэн мессежийн цаад агуулга юу вэ? Хариулт олохын тулд гурван асуудлыг тойрч хөндөж таарах нь.

 

1.

 

Ардчилсан Нам засаглах бүрд аль нэг яамны сайдад яагаад ч юм С.Баярцогт гэдэг нэр тэргүүн эгнээнд бичигдэж ирснийг Монголын улс төрийн 30 жилийн түүхээс харж болно. Ц.Элбэгдорж 1998 онд М.Энхсайханаас Ерөнхий сайдын тамга авахдаа л түүнийг Байгаль орчны сайдаар томилж байв. 2004 онд хоёр дахиа гүйцэтгэх засаглалын тэргүүн болохдоо ч Хэрэг эрхлэхийн даргаараа С.Баярцогтыг урьж, бас тамга атгуулж байлаа. Энэ хамаарал нь Ц.Элбэгдорж, С.Баярцогт нарын улс төрийн эрх ашиг нь бусдаасаа төө илүү нэгтгэдэг, тодруулж хэлбэл эртнээс хөтөлгөө морь шиг явсныг харуулна.

 

С.Баярын тэргүүлсэн "Стандарт бус Засгийн газар"-т гэхэд С.Баярцогтыг АН-аас Тэргүүн Шадар сайдад нэр дэвшүүлсэн ч эсрэгээрээ улсын сан хөмөргийг хариуцуулсан нь зүгээр ч нэг цаг хугацааны тохиол биш. 2012 онд АН парламентад олонхи биш олуулаа болоход С.Баярцогт "гавьяаны амралт"-аа авч байгаа юм шиг л УИХ-ын дэд даргын сэнтийд ямар ч өрсөлдөгчгүйгээр очоод суучихсан юмдаг

 

 Ерөөс С.Баярцогт оффшортоо сая ам.доллар мартсан нь илрэх хүртэл АН-ын ТУГ нь явсан уу гэвэл тийм. Гэвч оффшорын гол автор, олон жил түүгээрээ "овоглож" ирсэн С.Баярцогтод Оюу Толгой гэсэн зовлон нэмэгдэж, шүүхээс гэм буруутайд тооцож 10 жилийн ногдуулсан нь ердөө хоёр жилийн өмнөх үйл явдал. Улстөрчдийн чихэнд хоногшиж, зүрхэнд шар ус хуруулдаг гэгддэг "Хонгилын шүүх"-ийн түлхүүрийг Ерөнхийлөгч Х.Баттулга атгаж суусан цаг. Улс төрийн хуанлийн хуудаст бүдгэрч амжаагүй үлдсэн үйл явдлын хэлхээсээс харахад Ардчилсан Намын шошготой, Ц.Элбэгдорж, Х.Баттулга гэсэн хоёр Ерөнхийлөгчийн зодоон туйлдаа хүрч, тогооноосоо хальж эхэлсэн үе.

 

Үндсэндээ Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хэлснээр Ерөнхийлөгчөөр ажилласан найман жилийн хугацаанд "барьж", байгуулсан "Хонгилын шүүх"-ийг нь Х.Баттулга зөрүүлээд Ц.Элбэгдорж дээр хэрэгжүүлэх сүүдэр нь С.Баярцогтод туссан гэдэг л юм. Хуулийн сайд Х.Нямбаатар "Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхраас шүүгч нар хэнд, хэдэн жилийн ял өгөх үүрэг даалгавар авдаг байсан" гэдгийг зүгээр ч нэг хэлчихээгүй. 

 

2.

 

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс бууснаас нэг жилийн дараа хуулийн байгууллагаас уяатай явсан С.Баярцогт Х.Баттулгын бүрэн эрх дуусгавар болохоор жил гаруйн өмнө албан тушаалаа урвуулан ашигласан хэд хэдэн үндэслэлээр буруутгагдаж, шүүхээс 10 жилийн ял сонссон. Улмаар давж заалдах шатны шүүхээс 4.8 жил болгож бууруулсныг Дээд шүүх нягтлаад мөрдөн байцаалтад буцаасан байдаг. 2021 оны долдугаар сард юм. Анхан шатны шүүхийн шийдвэр аль нэг шатандаа очоод бүдгэрч, өөрчлөгдөхийг урьдчилж таашгүй. Хачирхалтай нь, С.Баярцогтод холбогдох хэргийг хоёр шүүгчийн тусгай саналаар танхимаараа дахин хэлэлцээд мөрдөн байцаалтад буцаасан юм билээ. Шүүхийн практикт урд өмнө гарч байгаагүй, ховорт тооцогдох уг кэйс зарим хардлагыг төрүүлнэ. Уг нь 2021 оны нэгдүгээр сард баталсан Шүүхийн багц хуулиар "Хонгилын шүүх"-ийг нураах суурь, "хүн биш хууль засаглах" томоохон реформ эхлүүлснээ УИХ-ын гишүүд онцолж байлаа. 

 

Гэвч хуулийг хүчин төгөлдөр мөрдөж эхэлснээс дөрвөн сарын дараа Дээд шүүхийн Эрүүгийн танхимын хоёр шүүгч зөвхөн С.Баярцогт гэсэн хувь хүнд зориулж тусгай санал гаргасныг ёсоор болгосон нь "Хонгил" нураагүй гэж хардах нэг шалтгаан. Санал гаргасан хоёр шүүгчийн нэр одоогоор тодорхой бус нууц хэдий ч Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар буюу 2015 оны дөрөвдүгээр сарын 22-нд Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдож байсан нэгэн. Шүүхийн шинэтгэл албан ёсоор хэрэгжиж эхлэхээс ердөө дөрөв хоногийн өмнө буюу 2021 оны гуравдугаар сарын 5-нд одоогийн албан тушаалдаа очсон нь эргэлзээ төрүүлэх хоёр дахь шалтгаан.

 

Сонирхолтой нь, учир битүүлэг явж ирсэн Дээд шүүхийн тогтоолд үндэслэсэн Авлигатай тэмцэх газрын мөрдөгчийн санал Прокурорын шатанд очсоноор хүлээн авч С.Баярцогтод холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Шийдвэр нь өнгөрсөн долдугаар сарын 6-нд албажжээ. 

 

Санаж байгаа бол Авлигатай тэмцэх газар, прокурор шүүхийн удирдлагыг Ерөнхийлөгчийн даргалдаг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжөөр томилж, огцруулж, чөлөөлөх хуулийн төслийг 2019 онд нэн яаралтай дэгээр хэлэлцүүлж, баталсан. Үүгээр Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал, Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, Дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг нарыг хугацаанаас нь өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлсөн түүхтэй. Орных нь хүмүүсийг нь тэр даруйд нь ҮАБЗ-ийн зөвлөмжийн хүрээнд нэр дэвшүүлж, томилсон. ҮАБЗ гэдэг нь шууд утгаараа Ерөнхийлөгч л гэсэн үг. Тэр нь Х.Баттулга. Эндээс Ц.Элбэгдоржийн үед томилсон шүүгчийн даргалдаг танхимаас гаргасан шийдвэр, Х.Баттулгын тэргүүлдэг ҮАБЗ-ийн зөвлөмжийн хүрээнд Улсын ерөнхий прокурор болж дэвшсэн нэгний хариуцсан субъектын тусламжтайгаар С.Баярцогт олон нийтийн өмнө ил гарч, мэдээлэл эрхтэй болжээ. "Шүүхийн хонгил" нураагүй, амь бөхтэй байгаагийн, шүүх, прокурорын байгууллагаас иргэн С.Баярцогтод "дабль стандарт" үйлчилсэн гэж үзэх гурав дахь шалтгаан энэ. Тэгээд ч үндэслэлгүйгээр 500 хоног хоригдсон нь үнэн л юм бол "Би хэн нэгэн хүнийг буруутгаж, хэлмэгдсэн гэж өрөвдүүлэх хүсэл сонирхол байхгүй" гээд хээв нэг хэлээд зогсох хүн нь С.Баярцогт лав биш.

 

3.

 

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар нүүрсний хулгайтай тэмцэхээ зарлаж, "Эрдэнэс Тавантолгой"-н удирдлагыг чөлөөлж, Бүрэн эрхт төлөөлөгч томилж, маш нууцын зэрэглэлд оруулж, хав дарсан оффтэйк гэрээнүүдийг ил болгохтой зэрэгцэн С.Баярцогт хаанаас ч юм гэнэт гараад ирлээ. Улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоо ч зарлалаа. Ардчилсан Нам навс ялагдсан 2016 он, Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр ажилласан бүрэн эрхийн хугацаанд намдаа ч, нийгэмд ч эзлэх орон зай, нөлөөгөө үлэмж хумиулсан тэрбээр улс төрийн уур амьсгал бүхэлдээ нүүрсний хулгай руу чиглэсэн үед сайн дураараа гарч ирээгүй нь лав. Хоёр сая монголчууд хувьцаа эзэмшдэг гэх ч энэ нь 20 хүрэхгүй хувь нь. Тавны дөрөв нь буюу 81.5 хувь нь Төрийнх, товчхондоо Засгийн газрынх.

 

2011 оноос эдийн засгийн эргэлтэд оруулсан цагаасаа Тавантолгой үе үеийн Засгийн газрын толгойны өвчин, нам харгалзахгүй эрх ашгаараа нэгдсэн улс төр, бизнесийн бүлэглэлийнхний тавган дээр тавьсан бялуу байж ирсэн нь үндсэн шалтгаан энэ.

 

АН засагласан 2012-2016 онд энэхүү бялууны зүсмээс хүртэх эрх ашгийн нэгдэл бүхий бүлэглэлийн зодоон ил цагаандаа гарснаар дан ганц намын биш нийт монголчуудынх болж явлаа. УИХ-ын дарга З.Энхболд нь Тавантолгойн ордыг ашиглах гэрээ, хэлэлцээрийг УИХ-аар хэлэлцүүлэхгүйгээр гарын үсэг зурсан сайд нарт хариуцлага тооцож, огцруулахаа мэдэгдэж, сул гишүүн явсан Х.Баттулга нь гялгар уут цоолж нийгмээр нь талцуулж байв.

 

Ингээд зогсохгүй З.Энхболд, Х.Баттулгын нарын эсрэг Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, С.Баярцогт тэргүүтэй нэгдэл бүхий Ерөнхийлөгч, парламент, Засгийн газар гэсэн гурван институцийн толхилцоон болтлоо томорч байсан түүхтэй. Лав асуудал намжаагүй. Х.Баттулга Ерөнхийлөгч болсныхоо дараа Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгаланд иргэнийхээ хувиар Ц.Элбэгдоржийг шалгуулах 179 хуудас бүхий Тавантолгойд холбогдох баримтыг гардуулж өгснөөр үргэлжилсэн. Ямар ч үр дүн гараагүй. Хэн нэгэнд хариуцлага тооцоогүй. Гагцхүү үе үеийн Төрийн өндөр албан тушаалтнууд хоорондын маргааны гол сэдэв болж ирсэн Тавантолгойг тойрсон нүүрсний хулгайтай Засгийн газрын түвшинд тэмцэхээ мэдэгдсэн нь улс төрийн уур амьсгалыг улам өрдөх нь тодорхой болов. С.Баярцогт гарч ирсэнд, АН-ын дараагийн дарга болох хамгийн боломжит хүнээр тодруулж эхэлсэн нь ч үүнтэй ямар нэгэн сэжмээр холбоотой юу?. Тийм байх магадлал нь ч өндөр. Харин түүний атгасан олсны үзүүр хаашаа, хэн рүү хөтлөх вэ?

 

Хүний өөрийн нам гэлтгүй хэд хэдэн Ерөнхийлөгч, УИХ-ын даргаар дамжсан нүүрсний мафитай тэмцэж эхэлсэн Ерөнхий сайдад нийслэлийн прокурорын газрын үүднээс хийсэн С.Баярцогтын мэдэгдэл мэдээж хамаагүй. Анхаарах ч сөхөөгүй явсан байх. Гэхдээ улс төрд эргэн ирэхээ онцолсон С.Баярцогт ил гарахтай зэрэгцэн Ерөнхий сайд, Засгийн газар руу чиглэсэн улс төрийн акц, урьдаас бэлдсэн сценари бүхий тавилттай танил технологи ар араасаа цуврах болсны учиг далд утгаараа нүүрсний хулгайн эсрэг зогссон Засгийн тэмцэлийг сарниулах төлөвлөгөө байхыг үгүйсгэхгүй. Ингэж хардах ч үндэслэлтэй. "Эрдэнэс Тавантолгой" компанитай нууцын болон маш нууцын зэрэглэлтэйгээр байгуулсан гэрээг ил болгохоос үүдэж хэн нь хэнтэйгээ хэрхэн хэтэвчээрээ холбогдсон нь олон нийтэд тодорхой болно.

 

Магадгүй улс төрийн хүрээнд ярьж эхэлсэн шиг экс Ерөнхийлөгч, УИХ-ын дарга асан, энэ парламентын зарим гишүүний нэрс шилээ даран хөвөрнө. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн хугацаанд Тавантолгойд хамгийн их фокуслаж ирсэн экс хоёр Ерөнхийлөгчийн хамаарал, ашиг сонирхол гэрэл цохихыг үгүйсгэх аргагүй юм. С.Баярцогт Х.Баттулгын захиалга уу? эсвэл Ц.Элбэгдоржийнх уу? Бүр хоёулангийнх нь уу? гэж тодотгосны бодит шалтгаан энэ.

 

Монголд төдийгүй урд хилийн цэгийг давсан нүүрс дагасан ашиг сонирхолтой тэмцэх нь энэ Засгийн газарт амаргүй даваа ч нэгэнт нийгмийн дэмжлэгийг хүлээж эхэлсэн цаг үед Ц.Элбэгдорж эсвэл Х.Баттулга гарч ирээд асуудал ярих нь зохимжгүй. Өөрсөд рүүгээ чиглэсэн галан дээр тос нэмнэ үү гэхээс нэмэр болохгүй. Ингэхгүйн тулд өөр нэгэн дүр бүтээх хэрэгтэй болсон нь С.Баярцогт байв уу гэдэг нь л сонирхолтой.

 

Анхнаасаа С.Баярцогт С.Эрдэнийн "Шонхор" тауэр эсвэл Х.Баттулгын Баянгол зочид буудлыг зориогүй, прокурорыг сонгосон зорилго нь энэ ч байж мэдэх. Зүй нь, зүг чиг нь, АН-ын үнэт зарчим нь түүнд бага ч атугай үлдсэн л бол тэр эхлээд хоёр салж, хувийн компани болтлоо жижгэрсэн нам руугаа чиглэсэн акц өрнүүлэх байв. Ц.Элбэгдоржоос дэмжлэгтэй С.Эрдэнэ гэнэтхэн л Х.Баттулгатай эвлэрэх шаардлагагүй хэмээн гэдийж эхэлсэн нь тодорхой шалтгаантай. С.Эрдэнэтэй эсвэж, гар барилцаж явсан Д.Сосорбарам, Д.Эрдэнэбат, Р.Амаржаргал, Э.Бат-Үүл, Да.Ганболд нартай С.Баярцогт ойрмогхон уулзалт зохион байгуулах болсон нь учиртай л байх. С.Эрдэнийг түшиж асан тэд Х.Баттулгын хэлмэгдүүлэлтээс "дүрвэж", төрөлх намаа аврах зүй ёсны нэгдэл гэж өөрсдийгөө тодорхойлдог л юм. АН өөр хоорондоо эвлэж л байвал С.Баярцогт нь байна уу?, С.Эрдэнэ, Ц.Элбэгдорж нь уу? бүр Х.Баттулга нь албан ёсны дарга болж дэвших нь, тамгаа авах үнэндээ падлийгүй.

 

Өнөөдөртөө байгаа гол асуудал нь Л.Оюун-Эрдэнийн танхимын Тавантолгой тойрсон нүүрсний хулгайтай хийх тэмцэл хаа хүрэх бол гэдэг нь олон нийтэд хамаатай. Хамгийн хамаатай нь.

 

Гагцхүү Ц.Элбэгдоржийн үед Дээд шүүхийн шүүгч болтлоо дэвшсэн нэгний даргалдаг шүүх танхимаас гаргасан шийдвэр Х.Баттулгын нэр дэвшүүлж, томилсон прокурорын цаг үед албажсанаар С.Баярцогт улс төрд эргэн ирэх замаа засч эхэлсэн нь энэ өдрүүдийн бас нэгэн эргэлзээ төрүүлсэн сэдэв байх нь. Тийм бол "Шүүхийн хонгил" нураагүй юм байна. Улс төрд мөнхийн дайсан, найз гэж үгүй. Мөнхийн эрх ашиг л гэж байдаг нь үнэн ажээ.

 

С.Гандөл

 

UZEG.INFO