Ц.Батзул: Тендер шалгаруулалтад орсон компаниуд хуулийн үүргээ биелүүлээгүй бол хар жагсаалтад бүртгэдэг болно
2022/11/16
Tендер шалгаруулалт болон холбогдох хуулийн төслийн талаар Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул танилцууллаа.
Тэрбээр "Хуулийн төслийн хүрээнд худалдан авах ажиллагаанд хүний оролцоог бууруулна. 2019 оноос хойш Монгол Улс цахим шилжилтийг хийж ирсэн. Үүний хүрээнд тендерт оролцож байгаа компаниудаас шаарддаг 70 орчим материал нь төрд орсон. Ингэснээр тендер нэрээр дахиж хувийн компаниудаас тухайн материалуудыг авч, ямар нэгэн баталгаажуулалт хийж илгээдэг байсныг больсон. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллага нь төрийн байгууллагаас авдаг байя.
Тендер шалгаруулалтыг үнэлж байгаа процессыг богино хугацаанд хийх боломжтой хэмээн харж байгаа. Хаврын чуулганаар нэмэлт өөрчлөлт оруулж ажлын 15 хоног болгож хугацааг багасгасан. Цаашдаа тендер шалгаруулалтыг ажлыг 30 хоногт бүрэн зохион байгуулж дуусгах боломжтой байхаар хуулийн төсөлд тусгасан. Түүнчлэн нээлттэй, ил тод худалдан авах ажиллагааг бий болгоно. Тендерт оролцсон компани болгон тухайн тендерийн бүх үе шатыг харах боломжийг хуулиар олгож байгаа" гэв.
Мөн үргэлжлүүлэн "Олон нийтийн зүгээс хариуцлагын асуудлыг их ярьдаг. Тендер шалгаруулалтад ороод ажлаа чанаргүй гүйцэтгэж, дутуу хийдэг. Улмаар улсын төсвийн хөрөнгө оруулалт чанаргүй, эзэн холбогдогчгүй болдог талаар шүүмж бий. Хэрвээ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол дахин тендерт оруулахгүй. Шинэлэг заалтыг тодруулбал, тухайн байгууллагын үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн мэдээлэлтэй нь хамт хар жагсаалтад бүртгэж, олон нийтэд зарлахаар болж байгаа.
Нөгөө талдаа төрийн албан хаагч хууль зөрчиж шийдвэр гаргасан, энэ нь гэмт хэргийн шинжтэй бол Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэнэ. Гэмт хэргийн шинжгүй тохиолдолд Төрийн албаны тухай хууль болон Хөдөлмөрийн хуулиар хариуцлага хүлээнэ. Үүнийг хуулийн төсөлд зохион байгуулсан байгаа" хэмээн ярилаа.