МАН нүүрс хулгайлсаар байгаад “нүүр” нь тас хар болжээ
2022/11/30
Монгол Ардын нам бол Ардын хувьсгал гарсан цагаас монголчуудын итгэл найдвар, чин шударга ёсны бэлгэдэл байсаар ирсэн. Тийм ч учраас ард түмэн засаг, төрөө бариулсаар зуун хэдэн жил болгочихож, эд нарыг.
Бүхэл бүтэн зуун дамнуулан төрийн толгойдоо суулгана гэдэг олон нийт ямар их итгэл найдвараа өгч, хувь заяагаа даатгадгийг харуулж байгаа юм л даа. Тэгтэл энэ их итгэлээ өгсөн нам нь яаж булайгаа чирч байгааг хар. Хэдэн их наядаар нь нүүрс хулгай хийсээр байгаад сүүлдээ “нүүр” нь тас хар болчихлоо. Нүүрсэнд халтардаж, тортогтсон нүүрээ энэ нам мөлчийтөл угаах зайлшгүй шаардлага тулгарч байгаа юм. Хэрэвзээ угаахгүй гэвээс энэ нам ард түмний итгэл найдварыг дахин хүлээнэ гэхэд хэцүү боллоо, хулгайч, худалч ийм хүмүүс цаашид төр барина гэдэг нь ч эргэлзээтэй болж эхэллээ. Төр засгийн бүхий л шат дамжлага, уул уурхай гээд хамаг салбарт МАН өөрсдөө байгаа болохоор нүүрсний хулгайн хэргийг илрүүлнэ гэхээр зовлонтой байдаг биз. Тэгтэл гадаад дотоодын шахалт ирдэг бололтой юм даг уу даа. Ялангуяа авлигын хэрэгтэй хатуу тэмцэж, авлигачдыг өршөөлгүйгээр цаазалдаг БНХАУ-ын зүгээс ихээхэн дарамт үзүүлдэг гэх дам яриа бий.
Ерөнхий сайдыг БНХАУ-д айлчлах үеэр "Танайтай хамтран ажиллахад түвэг чирэгдэл учирч байна. Та нар эхлээд нүүрсний хулгайтай холбоотой нэр бүхий хүмүүсийнхээ асуудлыг шийд. Энэ асуудлыг шийдвэл дараа дараачийн үйл хэрэг хурдан бүтнэ" гээд зургаан хүний нэрийг бичсэн жагсаалтыг манай талд өгсөн гэх. Ерөнхий сайд хүртэл "Манай нүүрсний хулгайч нараас Баяннуурт байдаг" гэж хэлсэн нь Хятадын талаас өгсөн нүүрсний хулгайг гардан зохион байгуулдаг гэх зургаан хүний нэрс бий гэдгийг баталчих шиг болсон. Чухам ямар ямар хүмүүс нүүрсний хулгайг гардаж явуулдаг талаар таамаг төдий юм яригдаж, тэр, энэ байж магад гэсэн нэрс хэлдэг ч энэ тал дээр эрх баригчид огтоос юу ч дуугараагүй өнөөдрийг хүргэсэн.
БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн наймдугаар сард Монголд айлчлахдаа мөн л "Нүүрсний хулгайг гардан зохицуулдаг хүмүүстээ ямар хариуцлага тооцсон бэ, энэ асуудлаа шийдсэн үү, танай мөнгө Казахстан руу гарсан байна" гэж ярьсан сураг ч дуулдсан. Хятад улс хоёр орны харилцаанд анхаарахдаа хууль бус үйлдэл, авлига, нүүрсний хулгайг гярхай анзаарч "Үүндээ анхаар" хэмээн удаа дараа сануулж байгаа нь сайшаалтай ч манай талаас дүлий дүмбэ оргидог нь урмыг нь хугалдаг нь тодорхой. Хятад улс дотоод авлигатайгаа тэмцэхийн тулд хөрш зэргэлдээ улстайгаа ч элдэв асуудал үүсгэхгүйн тулд дипломат шахалт үзүүлж байгаа нь мэдрэгдэж байна.
Эдгээр өдрүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өмнөд хөршид төрийн айлчлал хийж байгаа. Ерөнхийлөгч явахаасаа өмнө нүүрсний хулгайн хэргийг нэлээд идэвхжүүлж, хөдөлгөж байгаад мордсон нь үүнтэй холбоотой ч байж мэдэх нь. Бодвол "Бид нүүрсний хулгайч нартайгаа тэмцэх ажлаа эхлүүлчихлээ" гэх мессэж өгч, оноо авахыг зорьсон байж мэднэ. Урд хөршийн зүгээс үзүүлж буй шахалт, дарамтын нөлөөгөөр нүүрсний хулгай ил болж, 40 их наядын хулгайн асуудал сөхөгдөж, ард түмэн амаа ангайтал цочирдож байна гэж нэг талаас нь харж болох нь. Хулгай хийхдээ ийм их хэмжээний хулгай хийнэ гэж бас байдаг аа гэж итгэхгүй хүмүүс олон байна. Нүүрсний хулгайд эрх баригчид гар хуруу байтугай бүх биеэрээ, нүүр толгойгоороо живээд тас хар болчихсоныг иргэд арай л хожуу мэдсэн нь харамсалтай.
Гэтэл МАН-ынхан нүүрсний хулгайгаа бүр анхнаас нь өөрсдөө мэдэж байсан юм байна. Шинэ асуудал биш юм, тэдний хувьд. Дөрөв, таван жилийн өмнө бүр тодруулбал, 2018 оны арваннэгдүгээр сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа УИХ-ын гишүүн Ж.Мөнхбаттай чуулганы танхимд чи, би-дээ тулж харилцан нэгнээ "Хулгайч" гэж дуудаж байсан даа.
Ж.Мөнхбат "У.Хүрэлсүхийн Засгийн газрын хамгийн эмзэг цэг энэ боллоо шүү, цаашдаа...Та битгий хүн загнаад бай л даа. Юу гээд солиороод байгаа юм бэ. Чи хулгай хийгээгүй юм уу, Монголын төрөөс. Битгий солиороод байгаарай чи...Хаан биш шүү, заан биш шүү. Чи өөрөө хулгай хийсэн" гэхэд У.Хүрэлсүх мөчөөгөө өгөлгүй "Чи хулгайч" гэж танхим дүүрэн хэрэлдсэн. УИХ-ын дарга асан М.Энхболд "Та хоёр хэрэлдэхээ боль л доо, Хөөе Ерөнхий сайд аа, боль. Та хоёр болиоч ээ, чуулганы зааланд боль. Хөөе, Ерөнхий сайд, Мөнхбат гишүүн боль" гэж гуйж, загнаж буй бичлэг нь бэлээхэн байна. Үүний дараа Ж.Мөнхбат гишүүн "Би нүүрсний хулгайч биш. Асуудал үүсэх болгонд над руу галыг чиглүүлж, өөрсдөө уснаас хуурай гарах гэсэн оролдлого явж байгаа юм билээ" гэсэн тайлбар хийсэн. "...Асуудал үүсэх болгонд над руу галыг чиглүүлж, өөрсдөө уснаас хуурай гарах гэсэн оролдлого явж байгаа юм билээ" гэдэг энэ өгүүлбэр угаасаа бүгдийг илчилчихсэн юм. Энэ намынхан байсхийгээд л нэгнээ "Чи ч хулгайч, би ч хулгайч" гэж зүхэж хэрэлддэг байсан нь угтаа нүүрсний хулгайд гар, нүүрээ хамт халтартуулсан бусдыгаа л "Чи надаас дээрдэх юмгүй адилхан хулгайч шүү. Хэрээ хэрээнийхээ харыг гайхав гэгч болох нь л дээ" гэсэн нэгэндээ өгсөн анхааруулга нь байж. Тэр үеэс л эд нар нүүрсний хулгайгаа эхлүүлжээ. Тиймээс энэ бүх хулгайгаа мэдэхийн дээдээр мэдэж, хамтдаа нүүрсний хулгайд хутгалдаж ирж. Хамгийн сүүлийн тоогоор энэ хулгай нь 40 их наядаар тоологдож байна. Энэ их мөнгийг дагаж тас хар болсон МАН-ын "нүүр"-ийг МАН-ынхан өөрсдөө угаана гэж ч юу байхав. Тийм боломж байхгүй. Гаднаас хичнээн дарамт шахалт үзүүллээ ч энэ хулгайд нүүрээрээ булхчихсан учраас нам дотроосоо нэг нэгнээ цэвэрлэж татаж гаргана гэдэг үлгэр болно.
Харин энэ үед өнөө 60 тэрбумын асуудалд орооцолдоод хөөгдсөн Миеэгийн талынхан буюу М.Энхболдын фракцийнхан эргэн ирж нүүрсэнд халтардсан намынхаа нүүрийг угааж намаа шалбаагнаас сугалж нэрийг нь аврах гарц үлдэж байна. 40 их наядын дэргэд Миеэгийнхний 60 тэрбум инээдэмтэй харагдаж байгаа биз. 60 тэрбумын хэрэг гэдэг нь юун хэрэгтэй манатай байсан юм биш үү ч гэж бодогдохоор.
Улс төрийн зоримог нүүдэл, эгзэгтэй агшинд эргэн ирж алдсан байр сууриа дахин эзэлдэг нь аль ч орны улс төрд байдаг эрүүл үзэгдэл. Тоглоомын тойргоос түр гарчихсан хүчтэй фракц хөдөлж эхэлснээр хар нүүртэй МАН-ыг шалбаагнаас нь татаж, угаал үйлдэх нь хамгийн зөв тактик. Монголын улс төрийн голлох хүчин гэгддэг нам ийм муухай нэр, тас хар зүстэй байж болохгүй ээ. Одоо Миеэгийнхэн гарч ирж намынхаа "нүүр"-ийг угаа.
Зочин · 2022/12/01
миеэ ирнэ ч юу байхав дээ газрын хулгайч бүр ч хэрэггүй дээ зүгээр л оюун эрдэнэтэйгээ байя ядахдаа нүүрс идээгүй юм даа хэн ч гарсан бүгд адил
зочин · 2022/12/01
хэрэг эрхлэх газрын даөрга нь тийм их нүүрс гараагүй эргэлзэж байна гээд айна лээ. өөрөө тэр хулгайч болж таарж байна уу? нүүрээ угаагаад хар хөө ч арилахгүй . монголд ман гэдэг намаас өөр зүйл алга уу. нэг хулгайчаар нөгөөдөхийг нь хүмүүжүүлнэ гэдэг ёстой инээдмийн зүйл иүүлж
0029 · 2022/11/30
М Энхболд бол жинхэнэ жудагтай эр хүн энэ хүнийг зайлуулснаар шударга гэгддэг хүмүүсийн хулгай хэрээс хэтэрсэн 60 тэрбум бол инээдмийн ший жүжиг нүүрс төмөр эс алтны хулгай хэдэн зуун их наяд болндоо одоо Энхболд шиг юм үзсэн жудагтай хүмүүсээ төрд гаргая
Togoo · 2022/11/30
Сөрөг хүчнийхэн гэж цээжээ дэлдэгчид ялгаагүй бүр ногоон, улаан ч юм уу туяатай хар нүүртэй юм чинь ах нарынхаа нүүрийг угааж дөнгөх үү. Ташрамд эрхэм бичигчид алив асуудлыг улс төржүүлэх, гадаад улс орныг баримт нотолгоогүй асуудалд хутгахгүй байвал ямар вэ?...
Том · 2022/11/30
Фтишаа
шаабар · 2022/11/30
Уг нь их зөв сэдэв хөндсөн байна. Гэхдээ МАН өөрсдөө нүүрээ цэвэрлэнэ гэж байхгүй. Халтардуулаад орхино. Харин улс төрийн өөр хүчин эсвэл ард түмэн нийтээрээ барьж аваад угаавал арай нааштай үр дүн гарна.