Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нарт 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Эзэн Хааны ордонд бараалхав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсад айлчилж, Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито-д бараалхаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Эзэн Хаан Нарүхито болон Японы найрсаг ард түмэнд Монголын ард түмний халуун дотно мэндчилгээг уламжиллаа.

Мөн Японы “Хэйсэй”-гийн он жилүүдэд цэцэглэн хөгжсөн манай хоёр орны Стратегийн түншлэлийн харилцаа “Рэйва”-гийн шинэ эринд улам батжин бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Япон Улсад хийж буй энэ удаагийн айлчлалаар Монгол, Японы “Стратегийн түншлэл”-ийн харилцаа, хамтын ажиллагааг “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн шинэ шатанд хүргэн хамтын ажиллагааны хэтийн төлөв, зорилтыг тодорхойлж, хоёр улсын харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхээр тохирсонд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.

зураг

 

зураг

 

Тэрбээр Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нарыг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урив.

Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн түүхэн ой энэ жил тохиож, хоёр орны ард түмний найрамдал, нөхөрлөл улам батжин бэхжиж байгааг тэмдэглээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон Улсад хийж буй төрийн айлчлалд амжилт хүсэв.

Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито 2007 онд Угсаа залгамжлах Хунтайжийн хувиар Монгол Улсад айлчлах үеэр Монгол Хаадын эртний өлгий нутаг болох Хархоринд зочилсон болон Монгол Улсын филармонийн уран бүтээлчидтэй хамтран К.Сен Саны “Хун”аялгууг хийл хөгжмөөр тоглож байсан тухай дурсамжаасаа хуваалцан Монгол Улсад хөгжил цэцэглэлтийг ерөөлөө.

Бараалхалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэгийн хамт Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито, Эрхэм Дээд Хатан Масако нарыг хүндэтгэн Монгол Улс, Япон Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хаалтын арга хэмжээ болгон Токио хотноо зохион байгуулж буй Монгол Улсын филармонийн дэргэдэх “Морин хуур” чуулгын тоглолтыг хамтдаа үзэж сонирхов.