МАН-ын Бага хурал хаяанд иржээ. Энэ сарын 6-нд болно. Монголын улс төрд энэ бол том үйл явдал. Эрх барьж байгаа улс төрийн ганц хүчинтэй улсын иргэдэд энэ зүгт анхаарахаас аргагүй. Улс төр гэхээр л олз хайн өвөр зуураа тэмцэж байдаг мэт зүй тогтолд бид дасаад байлаа.

Одоогийн эрх баригчдад уг нь булаалдах, хуваалцах эрх мэдэл, албан тушаал шиг их юм алга. Гэтэл тэд шөргөөцөлдөх ч хийгүй хуралдаа цуглах нь. Нөгөө жигүүр, фракц, эрэгтэйчүүд, эмэгтэйчүүд, тэрний энэний хүмүүс гэх хов нь ч намжаад орхив. Лав л МАН дотор улс төрийн хагарал, хямрал, ил зовлон алга. АН өнөөдөр гурав дөрвөн хэсэгт штаблан тарж ахлагчид тамганы төлөө дайтаж буй нь МАН-ыг сургав бололтой.

 

Харин өөр зовлон байна. Тэр бол иргэдийн ахуй амьдралд тулгарч буй эдийн засгийн бэрхшээл.

 

Одоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ цаг үеийг “амаргүй” л гэнэ. Хэн ч учир шалтгааныг нь ойлгох энэ үгийг гагц Л.Оюун-Эрдэнэ хэрэглэхэд жигтэй эгдүүцдэг “амаргүй” үг л дээ. Яагаад гэвэл, тэр амаргүйг амар сайхан болгох гэж төрийн эрх барж буй намын дарга юм. Дэлхий даяар эдийн засаг хямарсан, хөгжлийн тухай бус инфляцыг тогтоон барих тухай яриа улс орон бүрийн гол сэдэв болж байгаа, хоёр хөршийн нэг нь дайны утаатай, нөгөө нь ковидын хориотой. Гэвч Монголд нүүрлэсэн инфляц дотоодын гэхээсээ гадаад шалтгаантай юу гэвэл тийм бас үгүй. Гадаад шалтгаанаас хамаагүй урьд Монголын юу амаргүй вэ гэвэл, өнгөрсөн 30 жилд олз хайсан наймааны, хуйвалдааны бүлэглэл дагасан улс төр тогтож, гурван сая хүний биш 300 хүний амьдрал дээшилсэн явдал. Том мөнгө хаана байна, тэнд улс төрийн хамгаалалт дагаж, үе үеэрээ хөлжсөн, хэн нь хэнийгээ гэх аргагүй сүлжилдсэнээс түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг систем амь бөх. МАН үүнд маш их хамаатай. Энэ намын дарга байж “амаргүй” гээд зогсож байхыг нь хүмүүс харахыг хүсэхгүй юм. Одоо тэгээд яах вэ? 

 

Өнөөдөр нийгэмд хэлэлцүүлэг болон өрнөж буй сэдвүүд дотор том дүнтэй авлигын, албан тушаалын, эдийн засгийн гэмт хэргүүдийн дуулиан толгой цохиж байгаа. Шуугиан дэгдээх, түүнийг ганцхан Засгийн газарт наах шиг амархан юм байхгүй. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ улс төр-бизнесийн 470 сая ам.долларын схемийг илчлэхэд, Оюутолгойн асуудлыг цэгцлэхэд эсэргүүцсэн дэлхийн хэвлэл, пиарын кампанит ажлуудтай тулахад, Эрдэнэтийн 49 хувь, Оюутолгойг шийдсэн шиг Хөгжлийн банк, түүний араас төрийн маш их хэмжээний мөнгө хяналтгүй эргэж байгаа Эрдэнэс Монгол компанийн асуудлыг ил болгоход амаргүй байгаагаа хэлсэн. Одоо түүний Тавантолгойн нүүрсний хулгай цавчааг илрүүлэх, зогсоох ажлыг нь гуйвуулах ажиллагаа ил, далд хэдийн эхэлсэн.

Завшсан хийгээд завшиж буй шударга бус бизнесийг нь цэгцлэхэд л Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн хоёр дахин тэлэх нүүрсний хулгайн бүлэглэл илэрсэнтэй маргах газаргүй ч орой нь цухуйсан мөсөн уулын хормойд нуугдаж буй лидерүүдтэй тэмцэхэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Засгийн газраараа барьцаалагдах нүх отож байна.

 

Хэрэв энэ Засгийн газар улс төр- эдийн засгийн бүлэглэлийг цэвэрлэж чадвал Монгол Улсын авлигын индекс хоёр оронтой тоо руу шилжиж, хөрөнгө оруулагчид Монгол Улсад итгэхэд бэлэн байдаг.

МАН-ын Бага хурлаас өмнөх нэгэн жилийн хугацаанд олны анхааралд орсон Хөгжлийн банкны, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн, нүүрсний зэрэг мөнгө угаасан, шамшигдуулсан тус бүр хэдэн арван сая ам.доллар, эс бөгөөс их наяд төгрөгийн зөрчилтэй, томоохон улстөрчдийн оролцоотой хэргүүдийн талаар МАН юу гэж дуугарах нь хатуу хүлээлт үүсгэж байна. Ялангуяа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цаашид ямар байр суурь баримтлахаа ард иргэдэд мэдэгдэх боломжоо Бага хурлын индэрт ашиглах болов уу гэж найдна.     

 

Бага хуралд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ улс төрийн илтгэл, Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан намын үйл ажиллагааны тайлан, Хяналтын ерөнхий хорооны мэдээлэл, УИХ-ын дарга Г.Занданшатар 2023 онд хэрэгжүүлэх эрх зүйн шинэтгэл сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлнэ гэж мэдээлсэн. Эндээс олон нийтийн хамгийн их анхаарал татах хэсэг МАН-ын даргын илтгэл болох нь мэдээж. Л.Оюун-Эрдэнэ дээрх товоос яг нэг жилийн өмнөх энэ өдөр эрх баригч намын дарга, Ерөнхий сайдын хувиар “Шинэ сэргэлтийн” тодотголтой бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөгөө танилцуулж байлаа. Тэгэхээр МАН-ын Бага хурал Засгийн газрын тэргүүний зарлаж, амалсан зургаан багц асуудал бүхий Шинэ сэргэлтийн бодлогын нэг жилийн ойн дээр цуглаж буйгаараа онцлог гэж үзэж болно. Ерөнхий сайдын улс төрийн илтгэл ч мөн улс төрийн гэхээсээ Ковидын цар тахлын улмаас доройтсон эдийн засгийг сэргээх чиглэлд хийж хэрэгжүүлсэн алхмуудынх нь тайлан илтгэлээр өндөрлөх магадлал ч бас бий. Түүний өмнө тулгараад буй эрсдэлүүд, барьцаануудаас тэр хэрхэн дөлөх, ямар алхам хийхийг таахад амаргүй байна.  

“Шинэ сэргэлтийн бодлого” бол Монгол Улсын эдийн засгийн харaат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх, Коронавируст халдвар /КОВИД-19/-т цар тахлын эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлийг цаг алдалгүй шийдвэрлэж, “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг үр дүнтэй хэрэгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх, эдийн засаг, дэд бүтэц болон төрийн бүтээмжийг сайжруулахад чиглэсэн 10 хүртэлх жилийн хугацаанд хэрэгжих дунд хугацааны зорилтот хөтөлбөр юм. 

 

Бага хурал болох энэ арванхоёрдугаар сараас ердөө хэдхэн хоногийн өмнө Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 км төмөр замыг ашиглалтад орууллаа. Энэ нь Замын-Үүд-Эрээний төмөр замын боомтыг 1956 онд байгуулснаас хойш 66 жилийн дараа экспортын гол зах зээл БНХАУ-тай холбогдох төмөр замын хоёр дахь том гарц, Монгол Улсын анхны гурвалсан төмөр замын уулзвар болж байгаагаараа онцлог.

 

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадлыг 20 сая тонноор, төмөр замын нийт тээврийн хэмжээг 65 хувиар нэмэх бөгөөд дэлхийн зах зээлд хүрэх зай 242 км-ээр наашилж, тээврийн өртөг, хугацааг хэмнэнэ. Тус төмөр зам нь 1520 мм царигтай, 25 тонн голын даацтай, буталмал чулуун чигжээстэй, төмөр бетон дэртэй, 3-р зэрэглэлийн дохиолол, төвлөрүүлэлт, хориглолтын системтэй зам юм.

Төмөр замыг төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд "Монголиан транс лайн" ХХК болон "Монголиан транс ложистик" ХХК-ийн нэгдэл найман сарын хугацаанд  хийж гүйцэтгэсэн бөгөөд бүтээн байгуулалтын ажилд 180 аж ахуйн нэгж, 3500 гаруй ажилчид оролцож, байнгын 1300 гаруй ажлын байр шинээр бий болжээ.

Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын “Боомтын сэргэлт” багцын удаах томоохон ажил “Цагааннуур” чөлөөт бүсэд 2023 оны нэгдүгээр сарын 2-ноос зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх байнгын ажиллагаанд шилжүүлэх шийдвэр байлаа. Үүнтэй холбогдуулан гааль, мэргэжлийн хяналт, дотоодын цэрэг зэрэг төрийн үйлчилгээ үзүүлэх мэргэжлийн албадын үйл ажиллагаа явуулах бэлтгэл ажлыг хангуулах, Цагааннуур тосгоноос чөлөөт бүс хүртэл шилэн кабелийн сүлжээ байгуулахаар сайд нар ажлаа эхлээд байна.    

 

“Цагааннуур” чөлөөт бүс 708.4 га талбайтай, Баян-Өлгий аймгийн төвөөс хойш 65 км, ОХУ-тай хиллэдэг Цагааннуур хилийн боомтоос 25.8 км зайд нутгийн гүнд оршдог. Баруун бүсийн аймгууд болон БНХАУ-аас ОХУ, цаашлаад Европ руу гарах Азийн хурдны АН-4 чиглэлийн авто замын дагуу байрладаг давуу талтай. Чөлөөт бүсийг нээснээр Хятад, Орос, Казахстанаас орж ирэх импортын барааны нэр төрөл нэмэгдэж, хямд, чанартай бараа бүтээгдэхүүнээр баруун аймгийн иргэдийг хангах, чөлөөт бүсийг эдийн засгийн эргэлтэд оруулах, ажлын байр нэмэгдүүлэх, иргэдийн орлогыг өсгөх ач холбогдолтой. Мөн малын гаралтай түүхий эд боловсруулах, “халал” аргаар бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүнийг Хятад, Орос, Казахстан улс, цаашлаад Ойрхи Дорнодын улсуудад экспортлох боломжтой төдийгүй Зүүн Өмнөд Азийн орнуудыг Дундад Ази, Зүүн Европын орнуудтай холбох, бараа бүтээгдэхүүний урсгал бий болгох бүрэн боломжтой гэж үзэж байна.

Ховд, Баян-Өлгий аймгийн нутгаар дамжин ОХУ-ын хилийн боомтыг БНХАУ-ын хилийн боомттой холбосон, Азийн авто замын АН-4 буюу баруун босоо тэнхлэгийн 745 км авто замыг арваннэгдүгээр сарын 1-нд бүрэн ашиглалтад оруулсан нь Шинэ сэргэлтийн бодлогын боомтын сэргэлтийн хүрээнд чухал ажил болсон билээ. Монгол Улс газар зүйн байрлалын давуу талаа ашиглан урд, хойд хилийн боомтуудаа хооронд нь авто замаар холбож, Ази, Европыг холбосон транзит коридороо анх удаа байгуулж буй нь онцгой ач холбогдолтой юм.

 

Орос, Хятад, Монгол гурван улсыг холбосон энэхүү тээврийн коридор БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өрөмч, Монгол Улсын Ховд аймгийн Булган боомт, Ховд, Баян-Өлгий аймгийн төв, Цагаануур боомтоор дамжин ОХУ-ын Новосибирск хүртэлх нийт 4500 км гаруй урттай зам бөгөөд томоохон үйлдвэрлэл, үйлчилгээ нэмэгдэж, бүтээгдэхүүнээ экспортлох боломж бүрдэнэ.

 

“Шинэ сэргэлтийн бодлого”-д хөгжлийг хурдасгах зургаан том зорилт дэвшүүлсний нэг нь боомтын сэргэлт. Манайх далайд гарцгүй улс учраас бүх боомтоо авто замаар, Алтанбулаг, Замын-Үүдийг хурдны замаар холбохоос гадна шинээр төмөр замын экспортын томоохон 5-6 гарц гаргах зайлшгүй шаардлагатай. ОХУ, БНХАУ-ын Засгийн газартай хамтарсан томоохон коридоруудын төслүүд нэлээн урагштай явж, үйл ажиллагаа нь эрчимжиж байна. Бид боомтуудаа авто болон төмөр замаар аль болох хурдан холбож байж тээвэр логистикийн өрсөлдөх чадвар дээшилнэ. Мянганы замын төслийг эхлүүлээд 21 жилийн дараа энэ жил дуусгасан. Одоо орхиод байсан боомтууддаа анхаарна” хэмээн Л.Оюун-Эрдэнэ хэлж байснаа хэрэгжүүлж эхэлсэн нь энэ. 

Бага хурлын өмнөх багахан ажил гэж шүүмжлэх хүн гарахыг үгүйсгэхгүй ч МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн илтгэлд баараггүй багтах тайлан ерөнхийдөө ийм байх. Харин авлигыг, бүлэглэлийг хэрхэхээ илтгэлдээ хэр зоригтой төлөвлөхийг харъя. 

 

 

Д.Дандархүү