Ард түмэн нүүрсний хулгайч нарыг зарлахыг шаардаж байна. Энэ нь хүчээ авч төв талбайд тасралтгүй таван өдөр гарч ирлээ. Эцэст нь эх орныхоо баялгийг цөлмөсөн эрх мэдэлтнүүдийн эсрэг төр, түмэнтэйгээ хөдөлж эхэлсэн нь сайн ч, уг үйлдэл Монгол Улсыг дэлхийд шившиг болгож байна.

 

Хил дамнасан нүүрсний хулгайн асуудал албан бусаар хэдэн тэрбум ам.доллараар хэмжигдэж байна гэх зэргээр янз бүрийн л тоо энд тэндээс “хаяж” байгаа. Гэхдээ гол нотолгоог хадгалж буй гэх урд хөршийн хэвлэл 13 тэрбум ам.доллар гэсэн тоо “хэлжээ”.

 

Монголчуудын бужигнаж буй дүр зургаас харвал нүүрсний хэрэг одоо л сөхөгдөж, яригдаж байгаа мэт. Гэвч тийм юм биш. Анх 2019 оны хавар “Зууны мэдээ” сонин нэгэн ноцтой мэдээллийг дэлгэж, "шүгэл" үлээж байв. Манай сонин гурван жил гаруйн өмнө тавдугаар сарын 10-ны дугаартаа “Сайд 10 сая долларын авлига авсан байж болзошгүй байна” гарчигтай  мэдээндээ "Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2017 оны зун намынхаа Удирдах зөвлөлийн хурал дээр “Чи мэргэжлийн Засгийн газар биш, сайдууддаа концессын гэрээ хуваарилж, нийгмийн баялгийг завшсан, ах дүү, хамаатан садан, авлигын Засгийн газар бүрдүүлсэн.

 

Авлига үнэртсэн энэ танхимд амаа үдүүлээд суумааргүй байна” гэж хэлээд Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газарт хашиж байсан Шадар сайдын ажлаа өгч байлаа. Ерөнхий сайд болсныхоо дараа ч “Авлига авсан хэнийг ч өршөөхгүй” гэж олон удаа хэлсэн. Тэгвэл түүний тэргүүлсэн Засгийн газрын нэг сайд авлигын хэрэгт холбогдсон талаарх мэдээлэл бидэнд ирлээ. Тэр сайд 10 сая ам.долларыг авлига болгон авсан байж болзошгүй байна.

 

Энэ нь одоогийн ханшаар 26 тэрбум гаруй төгрөг болж байгаа юм. Одоогоор Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагт томилолтоор ажиллаж яваа. Түүний эзгүйд энэ мэдээлэл төр засаг, хууль хяналтын өндөр албан тушаалтнуудын дунд тарж байна. Тиймээс Ерөнхий сайдыг ирсний дараа уг асуудал өндрөө авч, 10 сая ам.долларын авлига авсан сайдын нэр ил болох бололтой” гэж нийтэлсэн. Манай сонин дээр мэдээлэл гарсны дараа 10 сая ам.долларын авлига авсан сайдын эрэлд хэвлэлийнхэн гарч, энэ яриа хөөрөө Төрийн ордонд хүртэл өрнөсөн байдаг. Мөн тухайн үед "Юун гуя" гэдэг шиг Засгийн газрын хэд хэдэн сайд “Би аваагүй” гэж тайлбар мэдэгдэл хүртэл хийж байлаа.

 

Хэрвээ Монголын төр гурван жилийн өмнө "Монголын сайдын 10 сая ам.доллар" гэснийг тоож шалгаад шийдчихсэн бол нүүрсний хулгай иймдээ тултал гаарахгүй байсан болов уу.

 

Үүний дараахан буюу 2019 оны тавдугаар сарын 13-нд  мөн л “Зууны мэдээ” сонин үргэлжлүүлэн “Монголын сайдын 10 сая доллар” гарчигтай нийтлэлдээ "У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын нэг сайд 10 сая ам.долларын авлигын хэрэгт холбогдсон талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн. Зарим сайд нь  “Би энэ талаар огт дуулаагүй” гэжээ. Мэдээж хэрэг, нэг танхимд тохой залгаж суугаа сайдынхаа тухай хэн нь ч түрүүлж “Тийм” гэж ам нээхгүй. Гэвч тэр сайдын нэр, хийсэн үйлдэл нь ил болсон цагт У.Хүрэлсүхийн Засгийн газраас тэрхүү “тоосго” суга үсрэх, эвгүйтвэл Засгийн газар тэр чигээрээ дэнжигнэж мэдэхээр том асуудал юм. Юутай ч У.Хүрэлсүхийн Засгийн газрын нэр бүхий сайдын хэрэг анх манай өмнөд хөрш БНХАУ-ын хууль хяналтын байгууллагынхны анхаарлыг татсан байна.Түүнчлэн хэргийн гол факт болоод байгаа 10 сая ам.долларыг анх Монгол руу шилжүүлэхэд “Монголын сайдын 10 сая ам.доллар явчихлаа” гэсэн “яриа” өмнөд хөршид өрнөсөн байгаа юм. Энэ мэдээлэл анх задрахад эзгүй байсан Ерөнхий сайд өнгөрсөн баасан гаригийн шөнө Улаанбаатарт ирж, өчигдөр ням гарагт Засгийн газраа хуралдуулжээ. Тэгэхээр Засгийн газрын тэргүүн нь 10 сая ам.долларын авлигатай холбогдсон сайдынхаа талаар өнөөдрөөс юу гэж дуугарах нь сонин байна” гэж бичиж байв. Энэ бүхний дараа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгэм даяар  баахан хэлэлцүүлэг өрнөсөн. Үүний дотор хэрэв 10 сая ам.долларын асуудал бодитой бол ямар ажил гүйцэлдүүлэхийн төлөө авлига авсан байж болох вэ.

 

10 сая ам.доллар гэдэг 26 тэрбум төгрөг. Мөнгөний хэмжээг харвал ямар эрх ашиг хөндөгдсөн нь тодорхой.  Тендер, орон сууц төдийхнөөр 10 сая ам.долларыг алчуур болгоод шидчих мөнгөтэй компани Монголд бараг үгүй. Тиймээс эдийн засаг талаасаа 10 саяас хэд давсан эрх ашиг учраас гаднаас авсан уу, эсвэл зориудын өгөөш үү зэрэг таамаг, анализ ч багагүй өрнөсөн. Гэхдээ эцэст нь бүгд чимээгүй болсон.

 

Шалгана гэсэн нь ч, шалгуулна гэсэн нь ч дуугарсангүй. Үүнийг нуршсаны учир нь хэрэв тэр үед 10 сая ам.долларын авлига дээр төр засаг, хууль хяналтынхан дорвитойхон хөдөлж, шахаж шаардаж нам “дарж” авсан бол тэр үеийн 26 тэрбум төгрөг өнөөдөр хэдэн тэрбум ам.доллар болтлоо өсөхгүй байв. Дотооддоо цар тахлын үед эдийн засаг ингэтлээ доройтохгүй, гадаад ертөнцөд шившгээ дэлгэхгүй байсан.

 

Энэ асуудлыг эргэн сануулсных тухайн үед хэн хэн ямар тайлбар өгч байсныг сийрүүлбэл, Ерөнхий сайд Хууль зүйн сайддаа чиглэж өгч, шалгахыг даалгасан гэдгийг ЗГХЭГ-аас хэлж байв.  Харин Ерөнхий сайдаас шалгаж тогтоох чиглэл авсан тухайн үеийн Хууль зүйн сайд Ц.Нямдорж хэвлэлд өгсөн тайлбартаа “10 сая ам.доллартай холбоотой шуугиан гаргаад л байгаа юм. ТЕГ, ЦЕГ, АТГ-тай ярьсан, бичиг авсан. Ямар ч мэдээлэл байхгүй.

 

Нэг сонин дээр худал мэдээлэл тавиад түүнийгээ үнэн болгох гэж баахан оролдлоо. Хамгийн зовлонтой нь ийм мэдээлэл гаргасан хүмүүсийг энэ талаараа мэдээлэл өг гэхээр байхгүй. Улс төрийн зорилгоор шалгах гэлээ гэж байна. Үнэхээр байсан бол баримттай нь тавиад хуулийн байгууллагад сайдын нэр, авсан мөнгөний баримттай нь гаргаж тавихад болно шүү дээ. Улс төрийн зорилготой, захиалгатай худал мэдээлэл тараадаг. Шалгах гэхээр улс төрийн зорилгоор шалгах гэлээ гээд зугтдаг” гэсэн. Мөн Засгийн газрын хоёр ч сайд гарч ирж мэдэгдэл тайлбар хийж байв. Ингэхдээ “Надад 10 сая байтугай 1000 ам.доллар шингээх зүрх зориг байхгүй. Санаанд багтах битгий хэл зүүдэнд ч оромгүй тоо яригдаж байна. Би бодохдоо ирж байгаа сонгуультай ч холбоотой байж мэдэх худал мэдээлэл гэж бодож байгаа. Дараа дараагийн гүтгэлгээс хамгаалж байгаа хэрэг. Худлаа мэдээлэл юм чинь дараагийн гүтгэлгэнд итгэх хүн байхгүй. Зүгээр  энгийнээр бодоход дээшээ сэвсэн маш том тоо яригдаж байна. 20 тэрбум төгрөг хэдэн машин дүүрэх хэмжээний мөнгө. Надад 10 сая ам.доллар авах битгий хэл 1000 ам.доллар авах сэтгэл байхгүй” гэсэн бол бас нэг сайд “Би 10 сая ам.долларын авлига аваагүй. Энэ талаар гүтгэлэг явж байгаа тул хууль хяналтын байгууллагад хандсан байгаа. Урд хөрш рүү Ерөнхийлөгчийн айлчлалд яваагүй. Хариуцсан хүмүүс нь юу гэж бодож байгаа юм” гэх тайлбарыг өгсөн байдаг.

 

Эл асуудалтай холбоотойгоор сөрөг хүчин ч байр сууриа илэрхийлж бичиг сачиг өгч байсан удаатай. УИХ дахь АН-ын зөвлөлөөс Ерөнхий сайдаас тайлбар авахаар хүргүүлсэн албан бичигт “Засгийн газрын гишүүн 10 сая ам.долларын авлига авсан гэх асуудалд албан ёсны байр сууриа илэрхийлж, БНХАУ руу Ерөнхийлөгчийн айлчлалын бүрэлдэхүүнд багтаж явсан Засгийн газрын гишүүд уг асуудалд холбоотой эсэх талаар мэдээллийг ирүүлнэ үү” гэжээ. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Энэ асуудал яригдаад байгаа ч эзэн нь тодорхойгүй байгаа. Бараг сарын өмнөөс яригдаж эхэлсэн. Миний авсан мэдээллээр 10 сая ам.долларын асуудал нь хятадын бизнесийн байгууллагатай холбоотой гэсэн” гэх зэргээр нэлээн өндрөө авсан ч төд удалгүй намжсан юм. Хэрвээ Монголын төр гурван жилийн өмнө "Монголын сайдын 10 сая ам.доллар" гэснийг тоож шалгаад шийдчихсэн бол нүүрсний хулгай иймдээ тултал гаарахгүй байсан болов уу.

 

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин