Ард түмний хурлыг байгуулах нь нийгэмд “хор хөнөөлгүйгээр” “хувьсгал” хийх арга
2022/12/12
Жагсагчид “залхуурч” байна
Би үнэнийг л хэлж байна. Хар л даа! Сүхбаатарын талбай дээр хэдэн өдөр багшралдаж байгаа “жагсагчдын” тавьж байгаа шаардлагууд нь “Нүүрсний хулгайчдын нэрийг зарла!”, “МАН тар!”, “УИХ тар!”, “ЗГ ажлаа хий”!, “ЗГ огцор!”, “Монголдоо сайхан амьдармаар байна!” ... гэх мэт дандаа л бусдад даалгасан, даатгасан, бусдаас нэхсэн, хүссэн, шаардсан агуулга л байгаа биз дээ!
Тэгээд бас ямар ч нэгдсэн хүсэл, зорилгогүй. Бүгд өөр өөр юм шаардана.
Энэ олон хүсэлт шаардлагыг нь тэгээд хэн хийж өгнө гэж “найдаад” байгаа юм бол оо! Өөрөөр хэлбэл бусдаас шаардаж хүсэж зогсохын оронд өөрсдөө нэгдээд хийе гэсэн бодол өчүүхэн ч төрөхгүй байгаа юм биш үү!
Энэ чинь Монголын ард иргэдийн “тэмцэж байна” гэж өөрсдийгөө хуурч 32 жил “улс орноо эзэнгүйдүүлж” ирсэн дүр зураг.
Одоо болох юм биш үү дээ! Яагаад бид улс орныг маань энэ олон жилийн турш бусинуулж ирсэн нийгмийн үйл явцын үндэс суурь нь, учир шалтгаан нь юу вэ гэдгийг ойлгоё, тэгээд нийлж нэгдээд, зөвшилцөж шийдээд өөрчлөлтийг өөрсдөө хийцгээе гэж бодохгүй байна вэ?!
Учир шалтгааныг ухаж ойлгож байж бид юуг өөрчлөх ёстойгоо мэдэж, нэгдсэн зорилготой болж чадна гэдгээ яагаад ухаарахгүй байна вэ?!
Бүгдээрээ нэг ойлголтод хүрч чадсан үед л юуг өөрчлөхөө мэдэж, нэгэн санаа, нэгдмэл зорилготойгоор шийдэж, өөрчилж чадна. Үүний тулд нийтээр анхаарал тавьж, зөвшин хэлэлцэх талбар болгож Ард түмний хурал /АТХ/-ыг зохион байгуулах шаардлага тавигдаж, яригдсаар байна. Энэ бол улс нийгэмд хамгийн “хор хөнөөлгүйгээр” “хувьсгал” хийх арга юм.
Үүний тулд эхлээд бид юуг ойлгож ухаарах ёстой вэ?!
“Төр тогтолцоот гэмт хэргийн сүлжээ”
Энэ нэр томъёог та юу гэж ойлгож байна вэ?! “Мафи” гэдэг ойлголтыг бид анх барууны кинонуудаас л мэддэг болсон. Харин “Төр тогтолцоот гэмт хэргийн сүлжээ” гэдэг бол түүнээс ч өргөн цар хүрээтэй, маш аюултай тогтолцоо юм. Учир нь энэ тогтолцоо “улс, нийгэм” гэх пирамидын орой дээр “тахигдан” заларч байдаг. Энэхүү тогтолцоог 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулиар анх бий болгосон юм. Үүнийг бид “Төр” гэж ойлгодог.
“Ардчиллыг” бидэнд багшилсан барууны сурталчид энэ тогтолцоог Үндсэн хуульд суулгаж өгөөд орхиогүй, бүр эрх мэдлээ ашиглан яаж хөрөнгө мөнгө завших, хулгайлах хуйвалдахыг “өмч хувьчлал”-аас эхлэн зааж сурган, сэтгэл зүйг нь ч бэлтгэж, практик дадлыг ч эзэмшүүлж ирсэн.
“Төр тогтолцоот гэмт хэргийн сүлжээ” нь гэмт хэргээ хуульчилж, төлөвлөж чадна. Хийсэн хэргээ нууцлаж, халхлан хамгаалж чадна. Илэрсэн тохиолдолд зөвтгөж, ял шийтгэлээс хялбархан мулталж чадна. Бас гэмтний оронд гэмгүй иргэнийг золиослож чадна. Хэргийг илчэлснийг буруутгаж, залхаан цээрлүүлж, бүр устган үгүй хийж чадна. Тэр ч байтугай гэмт хэргээ дарахын тулд улс нийгмийг хамарсан дайн самуун дэгдээж чадна. Үнэхээр “гайхамшигтай” хүчтэй байгаа биз!
“Төр тогтолцоот гэмт хэргийн сүлжээ”-ний хамгаалалтын үе мөч бол баруун зүүн хоёр “нударга” нь болсон Шүүх болон Үндсэн хуулийн цэц юм.
Энэ хоёр “нударга”-ыг ард иргэдийг зодоход зориулж бий болгосноос биш “Төр тогтолцоот гэмт хэргийн сүлжээ”-г хянах гэж бий болгоогүй юм. Тийм ч учраас тэдгээрийг “халдашгүй эрх”-ийн нэг хувилбар болсон “хэнээс ч хараат бус” гэдэг дархлагдсан эрх, хяналтгүй эрх чөлөөг Үндсэн хуулиар хуульчилж өгсөн байдаг юм.
Тийм учраас УИХ-ын гишүүнээр сайн хүн сонгоод, шүүгчийг сольж сайн хуульч тавьснаар улс нийгэм сайн сайхан болж чадахгүй. Шударга ёс тогтохгүй. Тэр ч байтугай сайн удирдагчийг, шударга зөв хүнийг тодруулан гаргаж ирэх чадамж ч энэ нийгэмд байхгүй. Үүний учир нь бас л Үндсэн хуулиас үүдэлтэй юм.
“Нарциссизм” үүсгэгч нь Үндсэн хууль
Өнөө үед “нарциссизм” гэх нэг аюултай эмгэг, нөгөө ... халдварт тахлаас ч илүүтэйгээр дэлхий даяар тархаж, монголын хүн амын, тэр тусмаа сэхээтнүүдийг нэлэхүйд нь хамран халдварласан тухай “оношийг” Д.Баярхүү гэх “судлаач” гуайгаас эхлэн тавьж, бишгүй л ярих болсон. Бүгдээрээ л сэтгэцийн ийм өвчтэй болж байгаа юм байх. Байх ч гэлтгүй, үнэхээр бодитоор нийтлэг үзэгдэл болсон л доо. Харин энэ “аюултай” эмгэгийн манайх дахь халдварын голомт нь Монгол Улсын Үндсэн хууль юм. Ингэж хэллээ гээд Үндсэн хуулийг “вирус” тараагч гэж “доромжиллоо”, “гүтгэлээ” гэж бүү зэмлээрэй.
Үндсэн хуулийн хоёр дугаар бүлэг буюу “Хүний эрх, эрх чөлөө”-ний тухай заалтууд нь хүн бүр үгээ хэлэх, би-гээ өргөмжлөх, өөрийгөө бусдаас дээгүүрт тавих, хувьдаа ашиг унагах гэсэн бэртэгчин, ойворгон зан чанарыг хөхиүлэн дэвэргэж, эцэстээ энэ нь бусдын үгийг сонсох, анхаарч хүлээж авах, эргэцүүлэн тунгаах чадваргүй “би”-гээр өвчилсөн бэртэгчдийн нийгмийг бий болгочихоод байна.
Чухам энэхүү “нарциссизм”-ын эмгэг нь зөв сайн удирдагчийг тодруулан гаргаж ирэх нийгмийн чадамжийг үгүй хийчихээд байгаа юм.
Энэ сэтгэцийн эмгэгийг эмчлэхэд ямар нэгэн гадны эм, тариа, вакцин огт тус болохгүй. Ердөө л “хүний эрх”, “эрх чөлөө”, “олон ургальч үзэл” гэх мэт хийрхлийн цаад хор уршгийг ойлгож, бусадтай нийцтэй харьцах, бусдыг хүндлэх, даруу төлөв байх, хүний үгийг анхааралтай сонсож сурах гэх зэрэг Монголын уламжлалт сурган хүмүүжүүлэх ухаанаа дагаж мөрдөж эхлэмэгц л “нарциссизм” гэх энэхүү аюулт өвчнөөс улс нийгмээрээ түргэнээ ангижирч чадах билээ.
Ухаарал, зөвшилцлөөрөө сэтгэцийн энэхүү эмгэгээсээ бүгдээрээ ангижирч, санаа зорилгоо нэгтгэн, “Төр тогтолцоот гэмт хэргийн сүлжээ”-г өөрчлөх “тайван хувьсгал” хийцгээе.
О.Лхагвадорж
sonin.mn
шаабар · 2022/12/12
Санаа нь зөв боловч иргэдийн энэ жагсаал хөдөлгөөнийг саармагжуулах, мохоох гэсэн маш хорон санаа агуулсан нийтлэл байна. Чиний хэлээд байгаа тэр ард түмний хурал гэдэг чинь манай улсад маш олон жил байсан АИХ шүү дээ. Ард түмний хурал байгуулахын тулд түр хурлаас эхлээд бүх нийтийн сонгууль явуулж төлөөлөгчидөө сонгох гээд асар олон ажил зохион байгуулалт хийгдэх ёстой болно. Хэн хаанаас хөрөнгө мөнгө гаргаж энэ бүгдийг зохион байгуулах юм. Ямар ч гэсэн энэ жагсаал цуглааны ачаар төр засаг хөдөлж, хулгайч луйварчидаа түрүүчээс нь бариад хориод эхэлчихлээ. Энэ эрчин дээр нь иргэд нэмэр болж, мэдэгдэж байгаа хулгайч нарыг баривчилж, идсэн уусан завшсан хөрөнгийг нь улсад тушаалгаж чадвал тэмцлийн том үр дүн шүү. Одоо бол эрх баригчид дээр доргүй бүгд айдастай байгаа. Хулгайлж авснаа нуух тараах өөр хүний нэр дээр шилжүүлэх иххөдөлгөөн оволзож байгаа. Зарим нь гадагшаа зугтах бэлтгэлээ базааж байгаа. Чиний бичсэн шиг. Үндсэн Хуулиас хамаг буруу эхэлж гэж итгээд ард түмний хурал гэж хоосон мөрөөдлийн хойноос хөөцөлдөөд жагсаалаа тараах аваас эхлүүлсэн бүх ололт зүтгэл сарниж хулгайч нарын санаа амрах болно шүү. Ийм өдөөн хатгалага буруу суртал ухуулга хэн нэгэн нүүрсчний даалгаваар бичихээ боль. Нүүрсчид яг наадахыг чинь хүсэж байгаа. Засгаа огцруулж хариуцлага тооцох эзэнгүй болгож аваад санаа амрах эцсийн оролдлого нь биелэхээд түлхэц өгөх хэрэггүй. Харин Их хурал тарах бол өөр асуудал шүү. Ийм арчаагүй Их хурал тарах нь зөв. Үүнтэй зэрэгцээд хулгайд гишүүд нь оролцсон улс төрийн намуудыг тараах ёстой. Өнөөдрийнх шиг нөхцөлд Засгийн газар хариуцлагаа үүрээд ажлаа хийж байх нь иргэд бидэнд л ашигтай. Их хурал тарсан ч Засгийн Газар үүргээ гүйцэтгээд явах хуулийн орчинг бүрдүүлэхийг энэ их хуралд даалгавал зохилтой мэт. Энэ миний хувийн бодол шүү. Ерөнхийлөгчийн засаглал манайд зохихгүй. Тэр тусмаа Хүрэлсүх шиг Ерөнхийлөгчтэй байж бүр ч болохгүй. Харин иргэд удахгүй болох сонгуульд ямар гишүүн сонгохоо сайн бодож, зөвшилцөж, судалж тодруулахад л гол анхаарлаа чиглүүл. Жагсаалын хүчийг сулруулж болохгүй. Хэнээр удирдуулахаа ард түмэн мэднэ.
Зочин · 2022/12/12
Параламентаа 2 тахимтай болгож доод танхим одоогийн 76 байнгын ажиллагаатай дээд танхим нь 4 жилд 1 удаа цуглаж эцсийн шийдвэр гаргадаг энэ хүмүүс сум бүрээс оролцдог болчихвол улс хөгжинө Бидний одоогийн энэ зам мухардалд орсон удвал ард түмэн босно шүү