Удо Б.Баркманн: В.Путин, В.Зеленский нарын энх тайвны хэлэлцээ хийх хамгийн тохиромжтой газар нь Монгол Улс
2022/12/14
“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа урьж, ярилцдаг билээ. Энэ удаа Германы монголч эрдэмтэн, доктор, профессор Удо Б.Баркманныг Монгол Улсад хүрэлцэн ирээд байхад нь ярилцлаа.
-Герман улсын эрдэмтэн Ази тивийн Монгол Улсыг сонирхож, үүх түүх, соёл уламжлал, улс төр, геополитикийн асуудлыг судлан шинжилж оюун санаагаа зориулах болсон шалтгаан юу байв. Таны Монгол судалгааны ажлууд ч нэлээд эртнээс буюу 1970-аад оноос эхэлсэн байна. Яагаад Монгол Улс гэж?
-Би Зүүн Германы Ханбург хотод 1955 онд төрсөн. 1976 оноос эхлэн монгол судлалын чиглэлээр эрдэм шинжилгээний ажил хийж байна. Дунд сургуулиа төгсөөд Берлин хотын Хумболдтын их сургуульд оюутнаар элсэж байлаа. Тэр л үеэс Азийн Монгол Улс миний сонирхлыг татах болсон доо. Хумболдтын их сургуулийнхаа Монгол судлалын тэнхимд суралцаж эхлээд дараахан нь Монгол Улсад хүрэлцэн ирэх завшаан надад тохиосон юм. Монголд ирээд МУИС-ийн Хэл бичгийн факультетэд суралцан, энд диплом хамгаалсан. Тэгэхээр би нэг талаар МУИС-ийн бүтээгдэхүүн, эрдэмтэн хүн. МУИС-д Мишиг багшийн ганц гадаад шавь байлаа. Багшаасаа их ч зүйл сурсан. Мөн Германд байхаас л миний сэтгэлийн гүнд байсан бас нэг зүйл бол Манжийн үеийн Монгол Улсын түүхийн тухай судалгаа байсан юм.
Би энд ирээд Манжийн үеийн Монгол Улсын тухай судалгаан дээр нэлээд төвлөрч ажилласан гэж болно. Манж хэлийг бие даан сурсан. Ингээд Монголд хоёр жил гаруй болоод Берлинд очиж “Манжийн үеийн хошууны засаг захиргааны түүх”-ийн сэдвээр докторын зэрэг хамгаалсан.
Түүнээс хойш Манж судлалын чиглэлээр нэлээд бүтээл гаргасан. Гэхдээ миний судалгааны нэг онцлог нь Манж чин улс тухайн үед халх Монгол Улстай ямар холбоотой байсан. Түүх, улс төр, эрх ашгийг ямар чиглэлд баримталж, байсан гээд дандаа Монгол Улстай холбоотой агуулгуудыг түүж судалсан байдаг. Энэ бүх ажлын дараа би өөрийгөө түүхч, эрдэмтэн хүнийхээ хувьд их азтайд тооцсон нь энэ чиглэлийн судалгаа шинжилгээний ажил их амттай байсных юм шүү. Миний дараагийн судалгааны чиглэл бол 1990 онд Монгол оронд өрнөсөн хувьсгал хийгээд Шинэ үеийн Монгол Улсын нийгэм улс төрийн талаар нэлээд зүйл бичлээ. Нийтлэл бүтээлүүдээ ч гаргасан. Нэг сонирхолтой зүйл нь би 1990 оны хувьсгал гараад л Манжийн үеийн Монгол Улсын судалгаандаа цэг хатгасан. Тэр үед би Манж судлалаа бүр мөсөн орхиж, шинэ хувьсгалын давалгаа, шилжилтийн явцыг судалж эхэлсэн юм. Би өөрийгөө түүхчийн хувьд бас л азтайд тооцсон. Одоо харин Монгол Улсын гадаад бодлого, түүх, Монгол-ОХУ-ын аюулгүй байдал, геополитекийн чиглэлд судалгаа хийж байна. Энэ бол маш сонирхолтой, анхаарал татаж буй сэдэв мөн биз дээ.
-Та 1979 онд Монгол Улсад анх удаагаа ирж байжээ. Тухайн үед Монгол Улсын талаар ямар бодол сэтгэгдэлтэй байсан бэ?
-Ардчилсан Герман улсын иргэн, Азийн Монгол Улсад ирж, энэ улсын тухай сонирхон, үүх түүхийг нь уудалж эхэлнэ гэдэг бас л сонин хэрэг байсан. Монгол Улс надад ах дүү орон шиг санагдсан. Бид өнгөрсөн түүхийг мартаж болохгүй.
Тухайн үед Монгол Улсын нийгэм эдийн засгийн байдал тун дажгүй байсан шүү. Монгол Улс нүүдэлчдийн орон байсан бол тэр үед аж үйлдвэр нэлээд хөгжиж байлаа. Дархан, Эрдэнэтийг нэрлэж болно. Мөн би анх ирээд Багануур дүүрэгт очиж байсан. Тэгэхэд тэнд ганц байшин байсан бусад нь дандаа монгол гэр санагдаж байна.
Ямартай ч 1979-1981 оны хооронд Монголд амьдрахдаа тэр үеийн Монгол Улсын хөгжил цэцэглэлттэй танилцаж чадсан. Ардчилсан Герман улстай харьцуулахад Монголын засаг захиргааны бодлого надад харьцангуй зөөлөн санагдаж байлаа. Нийгмийн амьдрал ч харьцангуй тайван байсан даа. Бид тэр үед Германаас гурвуулаа ирсэн. Хамт ирсэн хүмүүс маань сургуулиа төгсөөд нэг нь манай Гадаад явдлын яаманд ажилласан. Нөгөөх нь хэл шинжлэлийн чиглэлийн эрдэмтэн болсон. Харин миний хувьд түүхийн талын судалгаануудыг хийж эхэлсэн байдаг юм.
-Манж Чин улс халх Монгол Улсын түүхийн хэлхээ, харилцаа хамаарал таныг юугаараа тэгж их татсан юм бэ. Энэ чиглэлд олон эрдэмтэн судлаачид судалгаа хийжээ. Таных юугаараа онцлог байв?
-Би Хумболдтын Их сургуульд оюутан байхдаа монгол судлалын чиглэлээр нэлээд ном, сонин үзсэн. “Чингис хаан”, “Монголын нууц товчоо” судлал бол дэлгэрэнгүй хөгжсөн, хүн бүхний ярьдаг сэдэв байлаа. Тийм учраас надад “Чингис хааны тухай судлах сонирхол байгаагүй. Харин Манжийн үеийн Монгол Улсын түүх надад гэлтгүй олон улсад шинэ сэдэв байсан. Ялангуяа колончлолын үеийг судлахад Манжийн үед Монгол Улсын эрх чөлөө нэлээд сэргэсэн байдаг шүү. Би манж хэлийг бие даан сурч Манж Чин улсын хууль цаазыг уншиж, тухайн үеийн төр улсын ноёрхолыг ойлгосон. Манжийн засаг, Хятад улсын засаг захиргаа хоёр тэс өөр ойлголт. Тэгээд үндсэндээ 1691 онд Халх монголчууд Энх-Амгалан хаантай эвсэл байгуулж, улмаар 1911 онд манжийн засаг байхгүй болсон билээ. Монгол Улс бас салан тусгаарлах үндэслэлтэй байсан юм шүү.
Монголчууд, манжуудын харилцааны хувьд хэл яриа, соёлын хувьд ойр, хаадын гэр бүлүүд нь нэг бус удаа ураг барилдаж ирсэн угсаатнууд болохоо тэдний аль аль нь ойлгодог байсныг анзаарахгүй байж болохгүй. Чин улсын хаад угийн монголчуудад тодорхой хэмжээгээр итгэдэг байсан нь монгол язгууртнуудыг улсынхаа албанд авах зэргээр илэрч байв. Монголчууд 1911, 1912 онуудад төрт ёсоо дахин сэргээсэн нь ерөнхийдөө түүхийн тодорхой нөхцөл байдалтай холбоотой байсан нь лав.
Гэхдээ амжилтад хүрэх хамгийн гол угтвар нөхцөл нь Монголын улс төрийн ангид эв нэгдэл бий болж, гол нэгтгэгч Богд гэгээн, ноёд, лам хуврагууд, дээд албаны түшмэд эв санаагаа нэгтгэж чадсан явдал болно. Үүнийг дүгнэлт төдийгүй Монголын түүхээс авах сургамж гэж үзэж болох юм. Маш товчоор энэ үеийн түүхийг дүгнэхэд ийм байна. Энэ талаарх судалгааг яриад байвал маш их зүйл болно.
-Тэгвэл 1990 онд Манжийн судалгаагаа бүр мөсөн орхиж, шилжилтийн үеийг судалж эхэлсэн гэсэн. Нийгмийн тэр үеийн байдлыг гадны эрдэмтэд юу гэж дүгнэж байсан нь сонин байна?
-Монголын түүхчид 1990 оноос хойших өөрийн орны шилжилтийн үйл явцын талаар бага бичдэг. Улс төрийн хувьд урьдын адил маш их туйлширдаг. Тийм болохоор уг сэдвийг үнэхээрийн хараат бусаар судлахад хэцүү, бүр тэгэх боломж ч үгүй байж мэднэ. 1990 оноос өмнөх Монголын түүхийг огт судлагдахуун болгож байгаагүй болохоор Зөвлөлтийн перестройкагийн үед Монгол Улсад гарсан томоохон өөрчлөлтүүд, нийгмийн өөрчлөлтийн уг хөдөлгөгч хүчийг ер анхааран авч үзээгүй юм. Мөн энэ төрлийн судалгаанд нэг онцлог зүйл байлаа. Би өнгөрсөн үеийг биш яг болж байгаа үйл явдлыг гурав дахь өнцгөөс ажиглаж байсан. Мөн түүх бичих улс төрийн нийтлэл аналаз бичих маш өөр ойлголт гэдгийг ойлгож, өөрийгөө бас дахин шинээр нээж байлаа. Тухайн үеийн Үндсэн хууль, өмч хувьчлал, олон улсын нөхцөл байдлыг үнэлж дүгнэхэд надад хуулийн, эдийн засгийн маш их мэдлэг мэдээлэл хэрэгтэй болсон. Тэр бүхэнд суралцсан даа. 1990 оны нийгмийн өөрчлөлт их сонирхолтой байсныг дурдах нь зүйтэй.
Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих үйл явц 1990 онд эхэлсэн гэж эрдэм шинжилгээний ном зохиолд ерөнхийдөө үздэг. Үүнийг Монголын өнөө үеийн түүхийн он дараалалд хөдөлшгүй баттай зүйл хэмээн үздэг төдийгүй энэ үйл явцыг улс төрийн цоо шинэ хүчнүүд эхлүүлж, удирдан чиглүүлсэн гэж ойлгодог.
Би үүнтэй санал нийлдэггүй. Би өөрчлөлтийн үйл явцыг сүүлийн хэдэн жилийн туршид эрчимтэй судалж дараах дүгнэлтэд хүрсэн билээ. Тухайлбал, МАХН-ын удирдлага Зөвлөлтийн “перестройка”-г маш эрт хүлээн авч, Монголын нийгэмд өөрчлөлт хийх оролдлогыг хийсэн. Өөрөөр хэлбэл, нийгмийн социалист загварыг шинэчлэх боломжгүй гэдгийг мэдээд 1988 онд энэ загварт бүхэлд нь эргэлзэн нүүр буруулах болсон хэдий ч тухайн үед цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар тодорхой стратеги алга байв. Энэ шийдвэр нь олон нийтэд оюуны хэлэлцүүлэг өрнүүлж, нийгэмд нээлттэй байдлыг бий болгон, дотоод хурцадмал байдлыг эрс бууруулахад чухал нөлөө үзүүлсэн юм. Үүний дараа МАХН-ын удирдлага нийгмийг ардчилах арга замыг хайж, улс төрийн сөрөг хүчин гарч ирэхийг зориудаар дэмжиж, улмаар ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжих эхлэлийг тавьсан юм.
Сөрөг хүчин нь энэхүү өөрчлөлтийг хурдасгахад чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд ийнхүү хурдасгах нь улс төрийн үйл явцын динамикт бүхэлд нь нөлөөлж байв. МАХН-ын удирдлагын зүгээс баримталсан энэ бодлогын хамгийн чухал үр дүн нь өөрчлөлт шинэчлэлтийн үйл явц цаг ямагт гагцхүү хууль эрхзүйн хүрээнд явагдаж байсан явдал юм.
Энэ нь цаашид урьдчилан таамаглах аргагүй, эмх замбараагүй нөхцөл байдал үүсэхээс сэргийлж чадсан билээ. Монголын нийгмийн өөрчлөлтийн тухай судалгаа нь Монголын "перестройка"-ын /1984/1986-1990/ үе, шинэ Үндсэн хууль батлагдах хүртэлх /1992/ үе гэсэн үечлэлийг заавал багтаах ёстой гэсэн чухал дүгнэлтэд би хүрсэн. Хэрэв ингэсэн нөхцөлд 1990 оны үйл явдал бол хувьсгалт цунами биш харин далайцтай үйл явц байсан гэдгийг ойлгож эхэлнэ. Мөн 1990 оны жагсаал цуглааны гэрэл зурагт залуус ихэвчлэн буурь суурьтай, уур бухимдалтай, дайчин эсвэл байдгаараа инээсэн царайг олж хардаг. Эдгээр үйл явдал нь эгээ л хуучны догматик боловсролтой үеийнхний сөрөг зогссон залуусын магадгүй эрх чөлөөг эрэлхийлсэн бослого тэмцэл байсан юм болов уу. Үе солигдох асуудлыг МАХН-ын удирдлага 1990 онд л хэдийнээ хүлээн зөвшөөрсөн байсан юм шүү.
-Тэгэхээр 1990 оны үйл явц нэлээд эртнээс зохион байгуулалттайгаар эхэлжээ?
-Цаад зах нь 1980-аад оны хоёрдугаар хагас гэхэд социалист нийгэмд ялзрал бий болж эхэлсэн. Улс төр, эдийн засаг, нийгмийн харилцаанд янз бүрийн асуудал гарах болов. Хүчний байгуулагуудын хийсэн дүн шинжилгээнээс үзэхэд, идэвхгүй байдал, аюултай зан авир, өөртөө итгэлгүй байдал, сахилга батгүй байдал, архидан согтууралт зэрэг газар авч, өмч хөрөнгийн холбогдолтой гэмт хэрэг улсын хэмжээнд тогтмол өссөн. Улс төрийн товчоо 1988 оны арваннэгдүгээр сард залуучуудын асуудлыг хөндөн ярилцаж, гэнэт “коммунист ёс суртахуун”-ы оронд ажилч хөдөлмөрч, шударга, бусдыг хүндэлдэг, даруу төлөв, энэрэнгүй, залуу үе нь ахмадууддаа анхаарал халамж тавьдаг байх зэрэг чанарыг нийгмийн хүмүүжлийн зорилт болгон төлөвшүүлэхийг уриалсан. Нэг ёсондоо тухайн хүнд анхан шатны нийгэмшилтийн үед эцэг эх нь зааж сургах ёстой төлөвшил буюу үнэт зүйлсийг нийгмийн боловсролын зорилт болгон хэрэгжүүлэхийг намын удирдлага сая л уриалах болсон. Таван сарын дараа хуралдсан багш нарын бага хурал дээр МАХН-ын даргын мэндчилгээний үгийн гол санаа нь “Хөгжлийн хамгийн чухал хүчин зүйл бол хүн юм” гэжээ. Энэ мэтчилэн шилжилтийн үе шатууд нэлээд эртнээс явагдсан. Харин 1992 онд батлагдсан Үндсэн хууль нь ардчилсан тогтолцоог нягтруулах үйл явцыг эхлүүлсэн. Энэ Үндсэн хууль нь түүхэн үүргээ гарцаагүй биелүүлсэн боловч барууны зөвлөхүүдийн оролцоотойгоор боловсруулагдсан тул энэ нь мөн л “барууны хэв маяг бүхий үндсэн хууль” болж, үндэсний онцлогийг төдийлөн шингээж чадаагүй гэж дүгнэдэг.
-1990 онд Герман улсад ч хоёр Герман нэгдэх үйл явц өрнөж байв. Ер нь Герман Монголын тухайн үеийн харилцаа ямар хэмжээнд байсан юм бэ?
-Монголд нийгмийн шилжилт явагдаж байх яг тэр үед хоёр Герман нийлэх үйл явц бас өрнөж байлаа. Ардчилсан Германы тухайд Монголыг дэмждэг, ах дүүгийн найрамдалт харилцаатай орон байсан. Баруун Герман ч дэмждэг байсан. Гэхдээ харилцан хамаарал багатай байсныг дурдах нь зүйтэй. Хоёр Герман нийлэхээс өмнө би Ардчилсан Германы төлөөлөгчидтэй цуг Монголд ирсэн. Ардчилсан Германы хөгжлийн тусламжийг яаж үргэлжлүүлэх вэ гэсэн уулзалтуудыг бид тухайн үеийн төр засгийн хүмүүстэй хийсэн. Мөн хоёр Герман нэгдсэний дараа Германы Бундестагийн дэд ерөнхийлөгч Д.Ю.Кроненбэрг ардчиллыг дэмжиж, Монгол Улсад хүрэлцэн ирж байсан нь тун сонирхолтой үйл явдал байсан юм. Тухайн үеэс Герман- Монголын харилцаа нэлээд эрчимжсэн. Мөн тэр үед Токиод зохион байгуулсан Монголын хандивлагч орнуудын бага хуралд Герман улс маш идэвхтэй оролцож байлаа. Тэр хурлаар ямар тусламж дэмжлэг Монгол Улсад хэрэгтэй байгаа талаар хэлэлцсэн бага хурал болсон.
-Та сүүлийн үед Монгол Улсын гадаад бодлого, Монгол-ОХУ-ын аюулгүй байдал, геополитекийн чиглэл судалгаа хийж байна гэлээ. Монгол Улс таныхаар геополитекийн хувьд ямар орон юм бэ?
-Хоёр том гүрний дунд хавчуулагдсан газар зүйн байршилтай гэдгийг улиг болтол ярьдаг. Гэхдээ ярихаас өөр аргагүй. Нөгөө хоёр улс нь нэг нь комминуст, нөгөө нь капиталист хагас ардчилсан гэмээр засаглалтай. Тэгэхээр янз бүрийн дарамт шахалт дунд Монгол Улс оршин тогтнож байгаа, хүчирхэг ард түмэн. Тэр ч утгаараа эрх чөлөөний мэдрэмж хамгийн их ханхалдаг. Одоогоор эдийн засгийн хувьд БНХАУ-аас хамгийн их хамааралтай байна. Харин ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн 100 хувь хамаардаг. Тэгэхээр Монгол Улс энэ хоёр орны дунд тэнцвэртэй гадаад бодлого явуулах нь хамгийн чухал. Энэ бол танай гадаад бодлогын нэгдүгээр зарчим байсаар ирсэн. Цаашид ч энэ бодлогыг тэнцвэржүүлж явах нь чухал байх. Харин угсаатны удам зүй, түүх, соёлын хувьд монголчууд Төв Ази, юун түрүүнд түрэг ард түмнүүдтэй холбогддог.
Туркийн Ерөнхий сайд Эрдоганыг 2013 оны дөрөвдүгээр сард Монгол Улсад айлчлах үеэр хоёр ерөнхий сайд ард түмэнүүд нь “Олон зууны өмнө нэг нутаг дэвсгэр дээр хөрш зэргэлдээ оршин тогтнож, ижил төстэй хэл, соёл, уламжлал, түүхэн холбоотой байсан“-ыг онцолсон юм.
Гэсэн ч Монгол Улс 1990 оноос хойш өөрийгөө Төв Азийн бүрэлдэхүүн бус, Зүүн хойд Азийн эдийн засгийн бүсийн нэг хэсэг хэмээн тодорхойлсон нь Япон, Солонгостой харилцах харилцаагаа ч бас харгалзан үзсэнийх байсан нь дамжиггүй. Тэгэхээр сайн ажиллаж чадвал геополитекийн хувьд ашигтай байрлал гэж харагдахаар. Яагаад гэхээр БНХАУ шиг зах зээл манай Герман улсын хажууд байсан бол бид лав бөөн баяр болно. Үүнийгээ монголчууд илүү сайн ашиглах хэрэгтэй. Тэгэхээр Монгол Улс хоёр хөршөөсөө авах юм байна. Болгоомжлох ч асуудал бий.
-Монгол Улс гадаад бодлогын хувьд тэнцвэртэй харилцааг эрхэмлэдэг. Тэгвэл хоёр хөршийн том эдийн засгийг ашиглах тал дээр ямар алхам хийвэл зүгээр вэ?
-Сүүлийн үед Монгол Улсын гадаад бодлого нэлээд идэвхжиж байна. Гэхдээ гадаад бодлогын хувьд танай санаачлага байв уу. Нөгөө талаас санаачилсан уу гэдэг нь их ач холбогдолтой. Агуулгыг нь харахад нөгөө талын улс орны санаачлага нэлээд байна. Өөрөөр хэлбэл, дэлхийн улс орнууд Монгол Улсыг сонирхож байгаа нь илт мэдрэгдэж байна. Ялангуяа ОХУ, Украины хооронд үймээн самуунтай байна. Энэ үед Монгол Улс газар зүйн байршлын хувьд анхаарал татаж байж мэднэ. Тэгэхээр төвийг сахисан бодлогоосоо ухарч болохгүй. Монгол Улс хойд Солонгос, Өмнөд Солонгостой ч харьцангуй сайн харилцаатай. Монгол хүн ОХУ-ын дайсан биш нөгөө талаар Украины ч дайсан биш. Магадгүй энэ дайныг яаж дуусгах вэ гэдэгт маш олон монгол хүн санаа зовниж байна. Миний бодоход ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Украины Ерөнхийлөгч В.Зеленский нар ярилцах хэрэгтэй. Цахимаар биш биечлэн уулзах хэрэгтэй. Тэд яагаад Монголд уулзаж болохгүй гэж. Энх тайвны яриа хэлэлцээ хийхэд хамгийн тохиромжтой газар зүйн байршил, улс орон бол Монгол Улс юм. Үүнийг монголчууд чадна, амжилттай болвол дэлхий нийт баярлана.
-Монгол Улс гуравдагч хөршийн бодлогоо тодорхойлж нэлээд ач холбогдол өгдөг. Монгол Улсын гурав дахь хөршийн талаар та ямар байр суурьтай байдаг вэ?
-Орос, Хятадын нөлөөг илүүтэй тэнцвэржүүлэхийн тулд “гурав дахь хөрш”-ийн бодлогоо идэвхжүүлэх нь зүйтэй. Монгол Улсын гуравдагч хөршийн бодлого 2003 оноос нэлээд хөгжсөн. 2004 оны парламентын сонгуулийн дүнд Эвслийн Засгийн газар байгуулагдаж, 2006 онд тохиосон Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн нөлөөн дор үндэсний өөртөө итгэх итгэл үлэмж нэмэгдсэн билээ. Гэхдээ эдийн засаг дээшилсэн нь Хятадын эдийн засгийн нөлөө улам бүр давамгайлах болсонтой холбоотой. Хоёр талын худалдааны хэмжээ зөвхөн 2003-2006 оны хооронд л гэхэд хоёр дахин нэмэгдсэн байна. Хятад улс стратегийн түншлэл байгуулж Монголыг өөртөө бүр мөсөн чөдөрлөж авахыг оролдох болсон юм. Энэ явдал, тухайн жил Москвад болсон Орос-Хятадын дээд хэмжээний уулзалтаас ирсэн дохио санамж нь “гурав дахь хөрш“-ийн бодлогын ач холбогдол, юуны өмнө түүнийг эдийн засагжуулах асуудлыг бүр ч чухалчлахад хүргэж байсан. Тийм ч учраас “Оюу толгой” төслийн ач холбогдол нь ердийн хөрөнгө оруулалтын төслийнхөөс хавьгүй их юм. Мөн НАТО-той байгуулсан түншлэл, ЕАБХАБ-д элссэн явдал нь Монголд чухал баталгаа болж байсан юм. Гэхдээ гуравдагч хөршийн бодлогод нэгдүгээр зарчмаа зөрчиж болохгүй. Энэ нь хоёр хөрш том гүрний эрх ашгийг хөндөхгүй, тэнцвэртэй байх хэрэгтэй. АНУ, Европын холбооны улсууд, Япон, БНСУ, Энэтхэг одоогоор Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогыг тодорхойлж байна.
-Олон улс оронд Монгол судлал хөгжиж байна. Германы Монгол судлал тэднээс юугаараа ялгаатай вэ?
-Зүүн Германы Монгол судлалыг үндэслэн байгуулагч Паул Рачневскийг эргэн дурсахаас аргагүй. Берлиний Хумбольдтын Их сургуульд Монгол судлалын оюутан байхдаа долоо хоногт нэг удаа П. Рачневскийтэй уулзаж, Их сургуулийн хичээлээс барагтай бол мэдэж чаддаггүй байсан нэг зүйлийг заалгадаг байсан тэр он жилүүдийг би сайн санадаг. Тэр бол Монголын Эзэнт гүрний түүх, Чингис хааны намтар хийгээд Хятадад монголчуудын байгуулсан Юань улсын түүхтэй холбоотой хэсгийг судалсан. Монголын их хаадын нэг Хубилай хаан түүний сэтгэлийг татсан, эрдэмтэн байсан. Тэр үед Бонн, Лейпциг, Берлин хотуудад Монгол судлалын төвүүд байсан. Тэр бол Монгол судлалын гүүр болж байлаа. Тэр үед бид Монгол судлалаар дэлхийд тэргүүлдэг байсан бол одоо хангалттай хэмжээнд ажиллаж чадахгүй байгаа нь харамсалтай.
-Энэ жил Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Герман улсад айлчилсан. Энэ айлчлалын үр дүн та хэрхэн дүгнэх вэ?
-Монгол Улсын Ерөнхий сайд манай улсад хоёр хоногт айлчилсан. Айлчлалын үеэр Монголын бизнесийнхэнтэй Германд уулзсан, би үнэндээ жаахан гайхсан. Өөрийнхөө бизнес эрхлэгчидтэй уулзахдаа заавал гадаадад уулзах шаардлагагүй гэж бодсон. Би гадаадад айлчилвал айлчилж очсон улс орныхоо хүмүүстэй л уулзана. Засгийн газрын хэмжээнд яриа хэлэлцээ амжилттай болсон эсэхийг одоо дүгнэхэд эрт байна. Хэвлэлийн мэдээгээр манай канцлер Монголын өнөөгийн нөхцөл байдлын талаар харьцангуй удаан ярьсан байна лээ. Ялангуяа хэвлэлийн хурал их товчхон болдог. Үүнээс өнгөц дүгнэхэд энэ удаагийн айлчлалд хоёр орны хувьд нэлээд ач холбогдолтой болсон юм болов уу гэж харлаа.
-Манай улсад анх ирэхэд их тайван сайхан байсан гэж та дээр хэлсэн. Олон монгол найз нөхөдтэй байх. Монгол хүний тухай та юу гэж боддог вэ?
-Ёстой дажгүй шүү /инээв/. Олон найз нөхөдтэй болжээ. Зарим хүн их гайхдаг л даа. Яагаад Монголд хайртай юм гэж асуудаг. Би анх Монголд ирээд л монгол оюутнуудтай хамт амьдарсан. Ааш зан нь харьцангуй эвдрээгүй, үнэнч, найрсаг сайхан хүмүүс намайг угтсан. Түүний дараа 2001-2012 онд тасралтгүй Монголд амьдарч МУИС-д багшилсан. Монгол хэлийг монгол оюутнуудаараа заалгасан. Одоо надад нэг асуудал байна. Энэ нь миний нас явж байна. Яг өөрийн бодож төлөвлөсөн судалгааны ажлаа хийж дуусгахад гурван амьдрал хэрэгтэй гэж би боддог доо.
Т.Батцэцэг
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
erdemten nehertee bayarlalaa,ta bol Mongoliig dees tatah tyyhiin bolon jiij baigaa erdemiin byteeleeree bainga haryyldag yum aa!!!amjilt hysye. · 2022/12/14
ene erdemten bol Mongol sydlaliin hamgiin ynetei tom erdemten enee her ni sydalgaagaan yabyylsaar baigaa ni bidend tyn heregtei,yyn sig erdemted German ylsaas garah l ychirtai daa,Minii naiz olon Mongolch erdemted bailaa ted maani byrhanii orond odood olon on jil boljee.Germanii Mongolch erdemtediin abah yum ni sydalgaa hel sinjleliin alich tohioldold ted erdemiig yag l hyychin byyrai hegjiltei ch Mongol helnii onchgoi terleh yil dyrem yos zyigeer ni sydaldag syralzsan baidag ni enee bid tedneesee dahin ergen syralzmaar sanagdahaar syrsan ni gaihaltai.