Ж.Золжаргал: Нүүрсний шуугианы цаана борлуулалтын нийт дүн нь нэг тэрбум ам.доллараас ч илүү байх магадлалтай гэрээнүүд хаалттай үлдэж байна
2022/12/16
Нүүрсний ассоциацийн гүйцэтгэх захирал Ж.Золжаргалтай ярилцлаа.
-Нүүрсний хулгайн хэрэг мандлаа. Улстөрчид, том бүлэглэлүүд оролцоотой гэдэг нь тодорхой байна. Салбарын хүний хувьд энэ үйл явдлыг яаж харж байгаа вэ?
-Манай нүүрсний олборлолт, худалдаа, экспортын салбарын төрийн зохицуулалтын алдаа ужгираад илэрч гарч ирж байна л даа. Өвчнөөр бол архаг хууч цаг нь болохоор сэдэрдэгтэй адил асуудал. Тэрнээс нүүрсний хулгай бол сюрприз биш, цоо шинэ зүйл ч биш. Ерөнхийдөө хүмүүсийн мэддэг л байсан сэдэв. Сая улс төрийн тохироо нь бүрдээд олон нийтэд ил болж байна л даа.
-Ямар алдаа завхралууд нь бугшиж байгаад одоо задарлаа гэж та хэлэх гээд байна вэ?
-Сууриасаа ярих юм бол дэд бүтцийн чиглэлээр олон жил хангалттай ажил хийгдсэнгүй. Төмөр замын ажил хугацаа алдсан гэж бид зөндөө ярьсан. Үүнээс гадна хил гаалийн айхавтар том асуудал байна. Төмөр зам байхгүй хэрнээ бид 30 гаруй сая тн нүүрс гаргаж л байсан. Хил гаалийн асуудал дээр тээврийн зохион байгуулалт ковидын үеэр маш их хүндэрсэн. Цар тахлын үеэр ачаалал нэмэгдэнгүүт тэрийг нь дагаад зохион байгуулалт хэцүү болдог. Үүнийг дагаад авлигын асуудал гардаг. Ингээд хил дээр ойлгомжгүй байдлууд бий болсон.
-Алдагдсан боломж гэж яригдаад байна. Хичнээн хэмжээний нүүрс гарах ёстой байв. Энэ мөнгө хаашаа алга болчихов?
-Хилийн цаана нүүрсний үнэ өсөөд байдаг. Монголын нүүрс гадагшаа гарч чаддаггүй. Тэгэхээр үнэ нь өсдөггүй. Ингэхээр нүүрсний үнэ уурхайн аман дээр олигтой өсч чадаагүй. Үүнийг дагаад уурхайн амны нөхцөлөөр байгуулж байгаа гэрээ ялангуяа оффтейк гэрээнүүд бага үнээр байгуулагдах нөхцөлийг энэ тогтолцооны алдаа бүрдүүлчихэж байгаа юм. Үүнээс болоод хямдхан гэрээнүүд байгуулагдсан. Гинжин урвал шиг үр дагаврууд нь цуварч гарч ирэх ёстой байсан нь одоо ил болж байна.
-Сая төрийн нууцад авсан оффтейк гэрээнүүдээс есийг нь ил болгосон. Энд голдуу төмөр зам, барилга угсралттай холбоотой гэрээнүүд харагдаж байна лээ. Эдгээр бартерын гэрээнд хэдэн тн нүүрсийг ямар үнээр хэдий хугацаанд өгөх юм бол. Энэ тал дээр та ямар анализ хийх вэ?
-Оффтейк гэрээ гэдэг бол хүнээс бараа, ажил үйлчилгээг нь авчихаад нүүрснээсээ төлнө гэсэн үг. Энэ бол ямар ч бизнест байдаг л асуудал. Гэтэл энэ бизнесийн харилцааг яах гэж төрийн нууцад оруулав гэдэгт асуудал хөндөгдөөд байна л даа. Оффтейк гэрээнүүдийн талыг нь сая задалж байна. “Төмөр замын нэг км-т ногдох хөрөнгө оруулалт айхавтар өндөр байна. Усны хоолойг барих барилга угсралтын ажил яахаараа төрийн нууц болчихдог юм бэ” гээд шүүмжлэлүүд нэлээд сонсогдож байгаа нь зүй ёсны асуудал. Зарчмын хувьд бизнесийн аж ахуйн ажилд төр оролцох нь буруу гэж түгээмэл ярьдаг шүү дээ. Төр байтугай Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь хэлэлцээд худалдааны гэрээг нууцад авах нь монголчуудын тогтолцоонд тохиромжгүй. Үүний үр дүнд хүмүүс анализ хийж байгаа байх л даа. Нүүрсний хулгайн сенсацийн нэлээд хэсэг нь оффтейк гэрээ байж болзошгүй гэж хүмүүс хараад байна. Үр дүн нь удахгүй гараад ирэх байлгүй дээ.
-Цаана том гэрээнүүд яригдаад байна шүү дээ. Наанаа есөн гэрээ ил болголоо гээд хөөсрүүлээд, улстөржүүлчихээд цаанаа хамаг өрөм нь яваад байгаа юм биш үү?
-Монгол Улс Эрдэнэс Таван толгойн нүүрсээ баяжуулах үйлдвэр байгуулна гээд олон жил яриад чадаагүй. Энэ жил Хятадын Норико компанитай баяжуулах үйлдвэр байгуулах томхон гэрээ байгуулсан. Тэр нь нүүрсээр оффтейк буюу бартерын нөхцөлтэй байгуулагдсан гэрээ. Мөн энэ компанитай газрын тосны боловсруулах үйлдвэр гээд том төсөл байгаа. Энэ нь Дорнодоос нефть дамжуулах хоолойн барилга угсралтын гэрээ. Эдгээр нь хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэхийн тулд гадаадын компанитай нүүрсээрээ тохироод хийж байна шүү дээ. Тэр утгаараа хэвийн асуудал. Гэхдээ дахиад монголчуудын нүүрс буруу замаар ороод байна гэдгийг зарим ил болсон гэрээнээс хараад шүүмжлээд байна. Тиймээс энэ гэрээн дээр нүүрсээ ямар үнээр, ямар хугацаагаар тохирсон юм бэ гэдгийг иргэд асуух нь зүй ёсны асуудал. Дээрээс нь Хятадын төрийн өмчит компани болох Чальког монголчууд маш сайн мэддэг болсон. Нэлээд олон жилийн өмнө бид нүүрсээ хямдаар нийлүүлж өрнөөс гарч байсан. Энэхүү компанитай олон жилийн гэрээгээ дахин сунгаад байгуулсан. Энд ямар нөхцөлөөр, ямар үнээр нүүрсээ нийлүүлж байна вэ гэдэг нь нууц мэдээлэл биш. Гэрээ байгуулагдсаныг бүгд мэдэж байгаа. Дээр нь зарим нүүрсний борлуулалтын гэрээнүүд хаалттай хэвээр байна. Эдгээрийн нийт үнийн дүн нэлээд их наяд төгрөг болох болов уу гэж таамаглаж байгаа. Нийлбэр нь дор хаяж тэрбум ам.доллараас илүү. Нээлттэй болсон гэрээнүүдээс нэлээд том хэмжээний гэрээ хаалттай үлдэж байна л даа.
-Хаалттай гэрээнүүдийг яаж ил болгох вэ?
-Хоёр зүйл байна. Нэгдүгээрт, энэ гэрээнүүд том дүнтэй, Хятадын байгууллагуудтай хийгдсэн. Тийм болохоор нөгөө талынхаа зөвшөөрөл нь хэрэгтэй. Хятадын гадаад хэргийн төлөөлөгч нь Оросын сурвалжлагчийн асуултын хариуд “Монголын нүүрсний хулгайтай тэмцэж байгаа үед хэрэв хүсэлт тавих юм бол бид дэмжлэг үзүүлж болно” гэсэн байна лээ. Хятад улс Өмнөд Монголд нүүрсний авлигатай холбоотой олон хүмүүст шийтгэл оногдуулж байгаа мэдээлэл сонсогдоод байгаа. Үнэхээр хоёр хөршийн найрсаг хамтын ажиллагааны хүрээнд үүнийг цэгцлэх гэж байгаа бол, манайх хүсэлт тавих юм бол нууц гэрээний мэдээллийг нээх тал дээр нь дэмжлэг үзүүлж магадгүй гэж бодож байна. Хоёрдугаарт, хил дээрх богино тээврийн хөөсрөл Монголд ч, Хятад улсад ч алдагдалтай. Хоёр улсын дээд түвшний яриа хэлэлцээр нь хэрэгждэггүй. Хятадын бизнесмэнүүд Монголын зах зээлд нэвтэрч чаддаггүй. Хил орчмын учир нь үл ойлгогдох үзэгдэл байгаад байдаг. Үүнийг цэгцлэхэд өмнөд хөршийн дэмжлэг хэрэгтэй. Хоёр улсын хоорондын нүүрсний худалдааг илүү нээлттэй, шударга өрсөлдөөнөөр Хятадын нүүрсний бизнесмэнүүд Монголд худалдан авалт хийх боломжийг бүрдүүлэх тал дээр хоёр улс хамтарч ажиллах байх гэж найдаж байна.
-Нүүрсний хулгай 40 их наядаар яригдаад байна. Тийм байх боломжтой юу?
-Хэд хэдэн тоонууд яваад байна. Салбарт ажиллаж байгаа хүний хувьд аль нэгийг нь тооцоод үнэлчихсэн зүйл байхгүй. Яагаад гэвэл хилээр хэдэн тн нүүрс гарсан юм бэ. Монгол Хятадын бүртгэл зөрөөд байна гэдэг бол хилийн хяналтын байгууллагуудын дүгнэх ёстой ажил. Тэр дүгнэлт нь гараагүй байна гэж харж байгаа. Техникийн хувьд тэр олон мянган жолооч хил гаалийн, дарга байцаагчийг бүгдийг нь хахуульдаад, дуугүй болгоод гаргах тохиолдол байлаа гэхэд тэр олон сая тн-оор нь гаргана гэдэг бол маш хүнд. Төсөөлөхөд бэрх сонсогдож байгаа. Үнэхээр тийм байдаг бол айхавтар нарийн зохион байгуулалттай явагдсан гэсэн үг.
-Хил залгаа хоёр уурхайн нүүрсний будлиан бас яригдаад байна шүү дээ. Бас 340 мянган тн нүүрс шатсан гэж “Тавантолгой” компанийн захирал хэлсэн. Энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Энэ бол нүүрсний хулгайн дуулианы дэргэд тоо хэмжээгээрээ тийм ч том зүйл биш. Хил залгаа хоёр уурхайн дунд иймэрхүү маргаанууд хаана ч байдаг. Хэмжээний хувьд 300 мянган тн гэдэг бол том л доо. Энэ тухай нэлээд олон жилийн өмнө яригдаж байсан. Хил залгаа уурхай чинь яг шугамдчихсан юм шиг эгцээр нь доош ухчихаж болдоггүй. Хоёр тийш нь ухахаар голд нь гурвалжин үүснэ. Тэрэн дотроо нэлээд хэмжээний нүүрс үлдэнэ. Удахаараа өгөршдөг, нурдаг, зарим хэсэг нь өөрөө шатдаг. Нэг компани олборлолтоо хийж байхдаа нөгөөхийнхөө талбай руу ороод ухчихсан байсан. Маргаан үүсгээд инженерүүд нь хэмжилт хийж, тогтоогоод хоорондоо ойлголцож, зарим нүүрсийг нь буцааж өгөөд олон жилийн турш явж байгаа процесс. Үүнийг гэнэт ингээд сэвж гаргаж ирж байгаа нь бас л шуугиантай холбоотой. Том хэмжээний алдагдлын хажууд жижиг асуудал. Гэтэл үүн рүү анхаарал хандуулах нь байгаа онохгүй.
-Хил дээрх үнэ хөөсөрсөн асуудлыг та юу гэж дүгнэж байна вэ?
-Богинийн тээврийн 27 км газарт нэг тонн нүүрсийг хэвийн үед 50 орчим ам.доллараар тээвэрлэчихдэг байсан. Гэтэл өнгөрсөн жил ковидын хямралын үеэр 300 ам.доллар гараад явчихсан. Уртын тээвэр нь хамаагүй бага, арав гаруй ам.долларын үнэтэй байж л байдаг. 200 гаруй км замд нүүрс тээвэрлэхэд 10 гаруй ам.доллар байхад 20 гаруй км яахаараа 300 ам.доллар гараад явчихаж байгаа юм бэ. Үнэхээр хил дээр оочерлоод зардал өслөө гэхэд хувийн хэвшлийн “Энержи ресурс”-ын тээвэр бол тэгж савлаагүй. Харьцангуй тогтмол явж байгаа шүү дээ. 50, 60 ам.доллар хавьцаа л байсан. Энэ юунаас болсон бэ гэхээр нэгдүгээрт, 1000 хүрэхгүй машин тээвэрлээд болчих нүүрсийг 10 гаруй мянган машин явж байна. Бүгдээрээ Зам, тээвэр хөгжлийн яамнаас олгосон тусгай зөвшөөрөлтэй. Айхавтар үнэ нь хөөсрөөд өсөөд байдаг. Гэтэл тэндээс хэн ч хожихгүй байгаа. Хятадын зах зээл дээр нүүрсний үнэ 400 ам.доллар болчихдог. Тээврийн үнэ нь 50 ам.доллар байснаа 300 ам.доллар болсон. Харин уурхай аман дээрх үнэ нь өсч болдоггүй. Уг нь нээлттэй зарлахаар Хятадаас худалдаж авахад хил нэвтрэхэд тээврийн зардал ийм өндөр учраас уурхай дээр олигтой үнэ өгдөггүй. Ингээд уурхай алдаж байгаа юм. Тээвэрчид ашиг авдаг уу гэхээр бас байхгүй. Тэд сар гаруй хил дээр зогсдог. Тэдний халаасанд орж байгаа мөнгө нь бага. Тэгвэл хаашаа алга болчихов оо гэхээр тэр тусгай зөвшөөрлийг хэт олон олгосонтой холбоотой баахан л авлига хахуулийн асуудал яригддаг. Тэр Монголын тусгай зөвшөөрөлтэй компани тээвэр хийгээд очихоор Хятад талд нь бас ийм ковидын үеийн улаан бүс тогтоосон. Тийшээ нэвтрэх эрхтэй цөөхөн хэдэн компани Хятад талдаа байж байдаг. Нөгөөдүүл нь Монголын тодорхой компаниудтай хамтарч ажилладаг. Тэдний хооронд Монгол Хятад нийлсэн учир нь үл ойлгогдох хэт их мөнгө авдаг, нүүрсний зах зээлийн үнийн өсөлтийн хамаг үр ашгийг Монголын төрөөс, төсвөөс, уурхайн бизнесээс булааж авдаг хар нүх шиг юм үүсчихсэн. Үүнээс болоод нүүрсний тээврийн үнэ огцом өсчихөж байгаа юм.
Зөвхөн монголчууд биш, Хятадын нүүрс худалдан авагч бизнесийнхэнд саад болсон. Шинээр зах зээлийн шударга зарчмаараа Монголоос нүүрс авах гэнгүүт хилийн том саадыг давж чаддаггүй. Тэгэхээр хэсэг бүлэг хүмүүстэй хамтарч ажиллахад хүрдэг. Үр дүнд нь Монгол, Хятад улсын төрийн дээд түвшинд яригдсан яриа хэлэлцээ олигтой хэрэгждэггүй. Хил дээр ийм үл тайлагдах асуудлаас болж Монгол Улс маань хамаг үр ашгаа тийш нь оруулчихлаа.
-Тээврийн зөв менежмэнт хиймээр юм биш үү?
-Засаг маань аж ахуйн нэгжийг нүүрсээ 110 ам.доллараар биш 400 гаруй ам.доллараар зарсан гэж үзнэ ээ гээд хамаг алдагдлаа хилийн зарсан үнэ дээр нэмээд АМНАТ тогтоочихсон.
Татварынхаа зарчмаар арав орчим хувь нь янз бүрийн татварууд байх ёстой. Гэтэл АМНАТ нь борлуулалтын орлогын 20-35 хувьтай тэнцэх болсон. Ингээд ирэхээр аж ахуйн нэгжүүд төлж чадахаа болиод Засгийн газрын үнэ тогтоох журам буюу 174 дүгээр тогтоолыг хууль бус гээд захиргааны хэргийн шүүхэд өгчихсөн. Элдэв шалтгаанаар хойшлуулаад явж байгаа. АМНАТ-ын буруу зохицуулалтын хоёр дахь үр дүн нь олон сая тн нүүрс хаягдахад хүрсэн. Нүүрс яагаад хаашаа алга болчихов гэдэгтэй холбоотой бас нэг зүйл энэ. Сайн чанарын коксжсон нүүрсээ зарчихдаг. Хоёрдугаарт, доод ангиллын нүүрсийг бага үнээр олборлоод зарна шүү дээ. АМНАТ өндөр тавьсан болохоор борлуулалт үр ашиггүй болчихож байгаа юм.
Эдийн засгийн хувьд алдагдалтай. Тийм болохоор хөрс хуулалттай адилхан хаягдал гэж үзээд овоолохоос өөр аргагүй болчихож байгаа юм. Зөвхөн “Эрдэнэс Таван толгой”-н уурхай дээр гэхэд өнгөрсөн жилийн аравдугаар сарын үед 3.8 сая тн нүүрс борлуулж чадахгүй овоолго болоод үлдэж байгаа юм. Монголын баялаг хаашаа алга болоод алдагдчихав аа гэдэг дээр хамгийн гол хариуцлага хүлээх байгууллага нь төр засаг өөрөө. Техникийн алдаатай зохицуулалтаас үүдсэн тэрбумаар тоологдох ам.долларын Монголын борлуулалтын алдагдал, АМНАТ-ын буруу бодлогоос болж олон сая тн нүүрс уурхай дээр хаягдаж байна.
-Иргэд нүүрсний хулгайчдыг илчлэхийг шаардаж жагсаж байна. АТГ-аас хэдэн улстөрчдийн нэрс зарласан. Нөгөөдүүл нь өөрсдийгөө хэлмэгдлээ гэж мэдэгдлээ. Энэ жагсаал цуглаан, үйл явдал цаашид яаж өрнөх бол?
-Нүүрсний салбарын зохицуулалтуудаа засч сайжруулах ажил хийгдэх ёстой. Боомтын боогдлыг тайлъя, Шинэ сэргэлтийн бодлого гээд зөв санаачилгууд гарч ирсэн. Үүнийг үргэлжлүүлж явуулах шаардлагатай. Тээврийн зардал, хил орчмын будлианыг цэгцлэх ёстой. Үүнээс үүдэлтэй бүх алдагдлыг аж ахуйн нэгж дээр татвараар ногдуулж дарамталдаг байдлаа болих хэрэгтэй. Энэ мэтчилэн засваруудыг хийгээд салбарын маань дэд бүтцийн эрх зүйн орчин нь эрүүлжих цэг болоосой гэж найдаж хүлээж байна даа.
-Дуулиантай холбоотой сүүлийн үеийн нүүрсний мэдээ орхигдоод байх шиг...
-Энэ оны хагасаас хойш нүүрсний экспортод хил гаалийн үйл ажиллагаа нэлээд эрчимжсэн. Энэ бол хоёр талын айлчлал, төрийн байгууллагууд чадлаараа хичээж ажилласаны үр дүн гэж бодож байгаа. Арванхоёрдугаар сарын эхээр 27 сая гаруй тн нүүрс манай улс экспортолчихсон байж байна. Энэ ондоо 30 сая руу хүргэчихвэл маш том амжилт болно. Хамгийн ихдээ бид 36 сая тн нүүрс гаргаж байсан. Нэг сонирхолтой зүйл нь Гашуусухайт дээр өдөртөө 700-800 машин гарч байгаа бол Шивээхүрэнгийн боомтоор 100 гаруй машин гарч байна. Энэ бол нийт нүүрсний 40 гаруй хувийг гаргадаг том боомт. Жил шахуу хугацаанд хаалттай байсан. Одоо ингээд ажиллаж эхэлсэн хэрнээ маш цөөхөн машин гаргаад байгаа. Хил гааль дээр Хятадын талтай ярилцаж, нэгэнт бий болсон зах зээл, хөрөнгө оруулалт хийчихсэн. Цаад талд нь чухал зах зээл байгаа шүү дээ. Стратегийн хувьд орон зайгаа алдахгүй байх ёстой. Үүнийгээ сэргээх тал дээр анхаарах хэрэгтэй. Одоо эрэлт сайн байгаа, нийлүүлэлт ч дажгүй байна.
-Нүүрсний хулгайн дуулиан борлуулалтад нөлөөлөхөөр байна уу. Ирэх жилийн нүүрсний экспортын зураглал ямар байгаа вэ?
-Нүүрсний дуулиан Монголоос нүүрс худалдаж авах, экспортлох, хөрөнгө оруулалт хийх тиймэрхүү хүсэлтэй хүмүүст болгоомжлох хандлагыг түр зууртаа өгчихсөн байх шиг байна. Миний сонсож байгаагаар нүүрсний худалдаа хийе гэсэн хүмүүс жаахан хардуулах байдалд орчихжээ. Нүүрсний эрэлт боломжийн өндөр байгаа. Ирэх жилийн хувьд ч гайгүй байна байх. Дэлхий нийтийн байдлаас болж Хятадын эдийн засгийн өсөлт саарахын сацуу Оросын нүүрс нэлээд ихээр урагшаа орох байх. Иймэрхүү хоёр үзэгдлээс болоод нүүрсний экспорт буурахыг үгүйсгэхгүй. Төрийн дээд хэмжээний айлчлалаар нүүрсний худалдаагаа тогтворжуул гэдэг яриа хийгдсэн учраас боломжийн түвшинд балансаа барих болов уу гэсэн хүлээлт байна.
Зочин · 2022/12/18
Удахгүй болох 24 оны ИХ-ын сонгуульд намуудын мөрийн хөтөлбөрийг үнэлэхдээ ОУ-д өр тавихгүй энэ өрөөс төлж эхлэх улс төрийн нам түүний гүшүүдийг сонгоцгоое ард түмээн бид ирээдүйд эх ороноо алдаж магадгүй