Ерөнхий сайд асан С.Баяр, Ж.Эрдэнэбат, С.Батболд нар өнөөдөр АТГ-т мэдүүлэг өгнө
2022/12/20
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн С.Батболд, Ж.Эрдэнэбат, Ерөнхий сайд асан С.Баяр нар өнөөдөр АТГ-т дуудагджээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, тэднээс нүүрсний хэрэгтэй холбоотойгоор гэрчийн мэдүүлэг авах юм байна.
- С.Баяр 2007-2009 онд
- С.Батболд 2009-2012 онд
- Ж.Эрдэнэбат 2016-2017 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байв.
АТГ-аас нүүрсний хэрэгт шууд болон шууд бусаар холбогдон шалгагдаж байгаа 17 хүний нэрийг зарласан жагсаалтад УИХ-ын гишүүн Сү.Батболд, Ж.Эрдэнэбат, Ерөнхий сайд асан С.Баяр нарын нэр ороогүй.
Харин жагсаалтад орсон 17 хүнээс Ерөнхийлөгч асан Х.Баттулга мэдүүлэг өгсөн бол, УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн, Ш.Раднаасэд, Ц.Анандбазар, Н.Наранбаатар, Б.Баттөмөр нарын таван гишүүн шалгуулахад бэлэн гэдгээ мэдэгдээд байгаа юм.
Нүүрсний гэх хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааны явцын талаар:
"50 гаруй мөрдөгч "Эрдэнэс Тавантолгой", "Тавантолгой төмөр зам" компаниудын эрх бүхий албан тушаалтнууд тендер сонгон шалгаруулах, нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, олон улсын ачаа тээврийн "С" зөвшөөрөл олгох, нүүрс тээврийн төмөр замын барилгын ажил гүйцэтгэхдээ бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын долоо хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байгаа.
Мөрдөн байцаалтын долоон хэрэгт 47 объектод нэгжлэг хийсэн, 15 хүнийг хойшлуулшгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ аваад буй.
Нийт 30 хүнийг яллагдагчаар татсанаас долоон албан тушаалтныг хахууль авах гэмт хэрэгт, 16 хүнийг хахууль өгөх гэмт хэрэгт, таван албан тушаалтныг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт, хоёр хүнийг үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татжээ.
Нийт албан тушаалтан 5.4 тэрбум төгрөгийн хахууль авсан болох нь тогтоогдсон болохыг АТГ-аас мэдээлсэн юм.