Программ хангамжийн цахим их дэлгүүр "Mindgoliа"-д 100 гаруй компанийн 180 орчим бүтээгдэхүүн байршжээ
2022/12/20
Цахим хөгжил, харилцаа холбооны яам(ЦХХХЯ)- наас төрийн программ хангамжийн худалдан авах ажиллагааг шинэ түвшинд гаргаж, үргүй зардлыг бууруулж, бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор үндэсний программ хангамжийн их дэлгүүр "Mindgolia" системийг өнөөдөр нээлээ.
Нээлтийн ажиллагааны үеэр Шадар сайд С.Амарсайхан "Энэхүү платформыг нэвтрүүлснээр төрийн байгууллага төсвийн хөрөнгөөр мэдээллийн технологи, программ хангамжийн худалдан авалт хийхдээ нэн тэргүүнд дотоодын компаниудынхаа үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авах боломжийг бүрдүүлж буйгаараа чухал ач холбогдолтой” хэмээв.
Өнөөдрийн байдлаар 100 гаруй компанийн 180 орчим бүтээгдэхүүн тус платформд байршсан ба цаашид өдрөөс өдөрт нэмэгдэнэ хэмээн албаны эх сурвалж мэдээлсэн юм. Мөн монгол инженерүүдийн оюун ухаанаар бүтсэн программ хангамжийн их дэлгүүрээс өөрт хэрэгтэй бүтээгдэхүүнээ сонгоод хамтарч ажиллахыг уриаллаа.
Уг системийг хөгжүүлж туршсан сүүлийн 30 хоногт таван төрлийн 4.5 тэрбум төгрөгийн системийг 21 аймгийн ерөнхий боловсролын 248 сургууль хэрэглэсэн хэмжээгээрээ төлбөрөө төлөх нөхцөлтэйгөөр худалдан авчээ.