Нүүрсний асуудалтай холбоотойгоор Төрийн ордонд хийж буй сонсгол маргаан гарсны улмаас түр завсарласан. 

Харин тус маргааныг үүсгэсэн хүмүүс нь Ардчилсан Нам(АН)-ын холбогдох албаны хүмүүс байв. Иймд тус намыг зохион байгуулалттайгаар сонсголыг сунжруулсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээд гараад буй дараах тайлбарыг өглөө. 

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Иргэдийн бухимдал ихсэж, талбайд жагссан тул сөрөг хүчний есөөс дээш гишүүний гарын үсэг цуглаж байж, энэ нээлттэй сонсголыг Төрийн ордонд хийх анхны эрх зүйн орчин бүрдсэн. Энэ бол АН-ын гишүүдийн оролцоо санаачилгатайгаар явсан үйл явц. Мөн зургаан хоногийн өмнө УИХ-ын даргад сонсголыг хэрхэн зохион байгуулах талаар шаардлага хүргүүлсэн. Ингэхдээ олон хүн оролцуулах боломжтой байдлаар

  1. Соёлын Төв Өргөөнд зохион байгуулъя,
  2. энгийн иргэн, жагсагчдын төлөөллөөс 1,000 хүн оролцуулах боломжийг бүрдүүлье,
  3. иргэд асуулт асууж, хариулт авах боломжийг нээлттэй олгож, цагийн хязгааргүйгээр сонсголоо хийе гэсэн үндсэн шаардлагуудыг тавьсан.

Гэтэл өнөөдөр дөрвөн танхимд хувааж, гурван танхимд иргэд телевиз үзээд сууж байсан. Харин үндсэн танхимд дарга нар, гишүүд суучихсан байлаа. Энд иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл авах эрх нь хаана? Иймээс иргэд өөрсдөө үзэл бодлоо илэрхийлж, хойшлогдсон" гэлээ. 

Харин маргаан үүсгэсэн хүмүүсийн дунд А.Адъяасүрэн гишүүний гишүүний туслах болон тус намын бүлгийн ажлын албаны дэд дарга байсанд тэрбээр "Залуус хувь хүнийхээ хувьд үзэл бодлоо илэрхийлсэн байх. Дарга нар тусдаа суугаад, цөөн хэдэн иргэнийг оруулаад телевиз үзүүлж суулгах нь зарчимд нийцэхгүй байна гэж иргэний шаардлага тавьсан болов уу. Бүлгээс эсвэл гишүүдээс зохион байгуулалт хийгээгүй" гэсэн юм.