Ж.Мөнхбат: Чалкогийн гэрээг нууцын зэрэглэлээс гаргаж, ил болгомоор байна
2022/12/22
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлэг хийж эхэллээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат: Чалкогийн гэрээ дуусаагүй юу. Намайг ЗГХЭГ-ын сайд байхад Чалкогийн гэрээ 2017 оны дөрөвдүгээр сард дуусаж байсан. 350 сая ам.долларыг нь Ж.Эрдэнэбатын ЗГ-ын үед төлж дуусгасан. Гэтэл одоо дахиад таван жилээр сунгаад 2027 оны дөрөвдүгээр сар хүртэл 17 хувийн хөнгөлөлттэйгөөр өгөхөөр гэрээ сунгасан гээд нийгмийн сүлжээгээр ярьж байна. Чалкогийн гэрээ нууцын зэрэглэлд байдаг бол үүнийг ил болгомоор байна.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: 1072 хувьцааг амь оруулах талаар ярьж байна. Амь орно гэхээр хувьцаа эзэмшигчид ашгаа авч, олон нийтийн хяналтад орж, хувьцаа эзэмшиж буй бүх хүмүүс тухайн компанийн хяналтын зөвлөл, гүйцэтгэх удирдлагыг хянадаг ийм зарчмыг хэлнэ. Тэгэхээр 1072 хувьцаа хэдэн онд иргэдэд шилжүүлсэн, түүнээс хойш хэдий хэмжээний ашиг өгөөд байна вэ. Хоёрдугаарт өнгөрсөн хугацаанд ард иргэдэд өгөөгүй байсан ашгийг хэзээ нөхөж өгөх вэ. Эздээс нь асуухгүйгээр, хэний ч хүсээгүй зардлыг гаргаад ард түмний хөрөнгийг устгаад хаясан. Өнөөдөр иргэд хэдий хэмжээний хувьцаа эзэмшиж байгаагаа хүртэл мэдэхгүй байна. Амь орно гэдэг нь оролцогч бүх тал ашиг, орлогын мэдээллээ ил тод авч байхыг хэлнэ. Уул уурхай, хөдөө аж ахуйн бирж гээд салангид биржүүд байгуулахыг би дэмжихгүй байна. 30-аад жилийн түүхтэй Монголын хөрөнгийн бирж гээд байгууллага бий. Үүний хажууд ахиад салгаж бирж байгуулах шаардлагагүй.