Л.Наранбаатар: “Сахал” Д.Эрдэнэбилэгийн өрийг "Цемент Шохой" ТӨХК төлөхгүй
2022/12/22
“Цемент Шохой” ТӨХК-ий захирал Л.Наранбаатар өнөөдөр компанийхаа талаар болон “Сахал” хэмээх Д.Эрдэнэбилэгтэй холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийлээ.
Тэрээр хурлын үеэр:
“Өнөөдөр нэг шүүх хурал болох гэж байна. Монгол улсын Хөгжлийн банк манай компанийг авах гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл “Сахал” Д.Эрдэнэбилэг гэдэг хүн Хөгжлийн банкнаас 61 сая долларыг “Цемент Шохой” ТӨХК-иар дамжуулж “Хөтөл” ХХК гэдэг хувийн компанидаа авсныг банк нэхэж, шүүхдэж байгаа юм. “Сахал” Д.Эрдэнэбилэг гэдэг хүний төлөх ёстой 340 орчим тэрбум төгрөгийг “Цемент Шохой” ТӨХК-иас нэхээд байна. “Цемент Шохой” ТӨХК Хөгжлийн банканд ямар ч өр байхгүй.
Харин Д.Эрдэнэбилэг манай компанийг “Хөтөл” ХХК гэдгээрээ дамжуулж 375 тэрбум төгрөгийн хохиролд оруулсан.
Яаж вэ гэвэл, 70 тэрбум төгрөгийг Худалдаа Хөгжлийн банкнаас манай компаниар дамжуулаад “Хөтөл” ХХК даа авсан, мөнгө угаасан хэрэг. Энэхүү зээлийн хуримтлагдсан хүү 44 тэрбум төгрөг. Татвар, НДШ төлөөгүй 27 тэрбум төгрөгийн хохирол, “Хөтөл” ХХК өөрийн авсан валютын ханшийн алдагдал 69 тэрбум төгрөг гэх мэт хохирлыг манай ТӨХК-д үүрүүлсэн. Засгийн газар нүүрсний хулгайгаас гадна цементийн хулгайтай тэмцэж байна. Д.Эрдэнэбилэг бол цементийн хулгайч. Монголын төр энэ компанийг жилд сая тонн цемент үйлдвэрлэдэг болго гэж энэ хүнд өгсөн. Өгсөн ч гэж дээ луйвардуулсан. Гэтэл энэ үйлдвэрийг 400 мянган тонн л үйлдвэрлэх хүчин чадалтай болгосон.
Хятадаас хуучин хуурай аргын үйлдвэр авчираад угсарчихсан.
500, 500 тоннын хоёр үйлдвэр барих байтал нэгийг нь босгоод нөгөө хятадууд нь яваад өгсөн. Ийнхүү Д.Эрдэнэбилэг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Энэ нь Засгийн газар хууль бус хувьчлал, хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах нэг үндэс болсон байх. Болох ч ёстой. Мөн энэ хүн цементээр улс төрчдийг авлигаддаг байсан. Манай ТУЗ-д ч ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс байна. Энэ компанийг олон нийтэд нээлттэй, хувьцаат компани болоход ч эдгээр хүмүүс саад болж байна. Энэ байдал даамжирвал би тэдгээр хүмүүсийг зарлана. Энэ хүний зүгээс янз бүрийн дарамт шахалтууд ч ирж байна. Гэхдээ манай компани “Сахал” Д.Эрдэнэбилэг гэдэг хүний өрийг төлөхгүй” хэмээн өгүүлэв.
Ч.Явуу
DR. PRADHAN · 2022/12/23