УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар мэдээлэл хийлээ. 

Тус намын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Улс төрийн нөхцөл байдалтай холбоотой цөөхөн үг хэлье. Шинэ жилээр бид нэгэндээ бэлэг өгдөг. Монголын төр ард түмэндээ 2022 оны шинэ жилээр ямар бэлэг барьж байгаа вэ? 30 жил болсон улс төрийн тогтолцооны идээ бээр хагарч байна. Сонгуульд ялахын төлөө юу хийж болох вэ гэдэг сүлжээний улс болсны үр дүн нь гарч байна. Эрх баригчид Хөгжлийн Банк, нүүрс, ЖДҮ гээд хуулийн хулгай хийж байна. Эрх баригчдын энэ онд барьж байгаа шинэ жилийн бэлэг ийм байгаа юм" гэлээ. 

Түүнчлэн тэрбээр АН-ын эв нэгдлийг хангах ажлын хэсэг байгуулсан талаар дурдаад "Ажлын хэсэг нь 39 хүний бүрэлдэхүүнтэй. Мөн 20 хүний бүрэлдэхүүнтэй зөвлөх баг ажиллана. Уг бүрэлдэхүүнд С.Эрдэнэ, Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нар бүгд багтаж байгаа. Ажлын хэсгийн хуралдаан дээр энэ хүмүүст урилга өгнө.

С.Эрдэнэ даргын талаас эмэгтэйчүүдийн болон ахмадын байгууллагын төлөөллүүд ирсэн. Манай талаас ч гэсэн энэ түвшний хүмүүс оролцож байна. Үүсээд байгаа нөхцөл байдалд үнэлэлт өгч, цаашид шаардлагатай арга хэмжээ авна. Ажлын хэсгийн даргаар Ж.Батсуурь гишүүн ажиллана. Бүтэц, бүрэлдэхүүн гээд олон зүйл дээр ойлголцож байгаа. 
Ажлын хэсэг шахуу даалгавартай ажиллана" гэдгийг хэлэв.