О.Баасанхүү: "Нью яармаг хаусинг прожект” компани Х.Баттулга гэдэг хүнтэй ямар ч хамааралгүй
2022/12/27
Шинэ Яармаг төсөл Хөгжлийн Банканд зээлээ төлсөн эсэх асуудлаар “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн хуулийн зөвлөх О.Баасанхүү мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Би тус компанийн хуулийн зөвлөхийн үүднээс үйлчлүүлэгчийн зөвшөөрлөөр зарим мэдээллийг олон нийтэд өгөхөөр шийдлээ. Учир нь хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр буруу мэдээлэл гарч байна. КОВИД-19-ийн хугацаанд олон компанийн үйл ажиллагаа зогссоны улмаас Хөгжлийн Банкны шугамаар зээл авсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэгч компаниуд хүнд байдалд орсон.
- Валютын огцом өсөлт
- Цар тахлаас болж төсөл хөтөлбөрүүд гацсан.
Хөгжлийн Банк дээр шалгагдаж байгаа төсөл, хөтөлбөрүүдийг гурван шатлалаар авч үзэх ёстой гэх байр суурийг анхнаасаа илэрхийлж байсан. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн оролцоотой тодорхой төсөл, хөтөлбөрүүдэд давагдашгүй хүчин зүйлээс улбаалан зээлийн хугацаа нь гацсан бол бизнесийн зарчмаар хандах ёстой. Яагаад гэвэл төр бол өөрөө тодорхой хэмжээний хариуцагч байдаг.
Манай үйлчлүүлэгч буюу “Нью яармаг хаусинг прожект” ХХК-ийн хувьд Хөгжлийн Банкны зээлдэгч биш. Мөрдөн шалгах ажиллагаа дууссан учраас зарим мэдээллийг өгье. ТОСК Шинэ яармаг хороололтой хамтран ажиллах тохиролцоо хийгээд, санхүүгийн тодорхой маргаан үүссэн. Манай компани 61 тэрбум төгрөгийг Хөгжлийн Банканд, 24 тэрбум төгрөгийг ТОСК-д төлөх шүүхийн шийдвэр гарсан байх үед Хөгжлийн Банкны дуулиан гарч эхэлсэн. Бидний зүгээс нийт 84,716,346,789 төгрөгийг бүрэн барагдуулсан.
Үндсэндээ “Нью яармаг хаусинг прожект” ХХК Хөгжлийн Банкнаас авсан зээл байхгүй. ТОСК-тай санхүүгийн маргаанаа шүүхээр шийдүүлж дууссан.
Түүнчлэн "Нью яармаг хаусинг прожект” ХХК Х.Баттулга гэдэг хүнтэй ямар ч хамааралгүй. Шинэ яармаг төсөл нь 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд одоо ч үргэлжилж байгаа" гэлээ.