1914 онд  Монгол Улсын Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн шийдвэрээр Өргөө хотод телефон холбоог ашиглах дүрмийг баталж анхны байрыг бариулсан байдаг. Энэ байшин нь өнөөгийн Бөхийн өргөөний баруун хойд талд байрлалтай дээрээ буриад малгайн хэлбэртэй ногоон байшин юм.

Энэ байшинд анхны телефон станц байгуулагдсан байв. Тухайн үеийн нэршил нь төмөр утасны хороо буюу холбооны газар. Энд 1998 он хүртэл холбооны музей байрладаг байж. Тэгвэл 2004 оноос хувийн компанийн мэдэлд уг байрыг шилжүүлж одоо тэнд дэлгүүр, хоолны газар ажилладаг.

 

Саяхан энэ байшинг түүхийн дурсгалт барилга учир төрийн мэдэлд авлаа гэнэ. Уг нь 2020 оны хоёрдугаар сараас хойш өмчлөлийн хэлбэрийг өөрчлөх, төрийн өмчит авах ажил үргэлжилсэн ч шүүхийн шийдвэрийг гаргаж чадалгүй өнөө хүрсэн юм билээ.

 

Харин сая энэ байрыг хувийн компанид шилжүүлсэн тогтоолыг хүчингүй болгосноор энэ дурсгалт байшин Цахим хөгжил, харилцаа холбооны яамны мэдэлд бүрэн шилжлээ. Ингэж болдог л юм байна шүү дээ гэсэн үүднээс нэг сэдвийг хөндөе гэж бодлоо. Энэ маань 2008 онд хувийн өмчид менежментийн гэх хэлбэрээр “АСА” группийн мэдэлд очсон  Улсын циркийн байшин, байгууламжийг даруйхан төрийн мэдэлд авах шаардлагатай гэсэн санаа юм. 1971 онд Румын улсын тусламжаар баригдсан энэ байшин циркийнхээ хувьд жинхэнэ стандарт хангасан байр.    

 

Барилгын зураг төслийг архитекторч Я.Шархүү Румынд томилолтоор очиж Бухарест хотын зураг төслийн институтын архитекторч Н.Берхович тэргүүтэй мэргэжилтнүүдтэй хамтарч хийсэн юм билээ. Барилгын дотор орон зай, тоглолтын талбайн хэмжээгээр олон улсын стандартад нийцсэн жинхэнэ циркийн байр. Тоглолтын үед агаарын гимнастик,  эргэх, нугарах, утас олсон дээр тэнцвэр хийх зэрэгт аюулгүй байдлыг бүрэн хангасан төхөөрөмжтэй юм. 

 

 

Ийм сайхан байртай болсноор Монгол Улсын цирк 1960-1980-аад онд хөгжлийнхөө өндөр түвшинд хүрч Азид төдийгүй дэлхийд дээгүүр ордог болсон байлаа. Гэтэл 2008 онд хувийн байгууллагын мэдэлд шилжсэнээр циркийн төрөл уналтад орж уран бүтээлчид нь тарж зарим нь гадаадад очиж тоглон амь амьжиргаагаа залгуулж байна. Улсын цирк хөгжсөн жилүүддээ жилдээ 890 мянган үзэгчдэд үйлчилдэг тоглолт бүрийн танхимийн дүүргэлт нь 70-80 хувьтай байдаг. Дэлхийд өөр байхгүй морьтны гайхамшгаас эхлээд 10-аад мал, амьтны тоглолт үзүүлдэг байв. Гэтэл энэ сайхан байрыг хувьд өгснөөр урлагт том гай тарьсан юм. Монголын урлагийг дөрвөн сайхан хөлтэй амьтантай зүйрлэн бодвол нэг хөлийг хугалчихсан гэсэн үг.

 

Энэ бол монгол төрийн алдаа байлаа. Одоо л алдаагаа засмаар байна. Монголын урлаг дэлхийд алдаршсаар байгаа бол циркийн төрөл хойш чангаах боллоо шүү дээ. Циркийн байрыг хувьчилж авсан “АСА” группийнхэн эхний 2-3 жилд найруулагчаас эхлээд зураач, оёдолчин, цахилгаанчин, мужаан болоод 50 орчим уран бүтээлчийг цалинжуулж байв.

 

Энэ нь менежментийн хувьчлал нэрийг түр зуур халхавчилсан хэрэг байсан бололтой. Одоо тэр бүхэн байхгүй. Циркийн сайхан байр, байгууламж эзгүйрч хохь даасан газар бий. Хүнээс дутахгүй авъяаслаг мал амьтанг аль хэдийнэ устгасан биз.  Эхний үед циркийн залуу уран бүтээлчид ганц стандартын энэ байраа сард 15 сая төгрөгөөр түрээслэж бэлтгэл сургууль хийдэг байсан гэх. Одоо тийм юм ч байхгүй ээ. Яг өнөөдөр уг циркийн байшинг өндөр хашаагаар хүрээлээд засч байгаа юм уу, нурааж байгаа аль нь ч мэдэгдэхгүй байна. Нэг мэдэхнээ тэр том циркийн байшинг хойд талд нь байдаг “Хангай” зочид буудал шиг балгас болгочихсон байж магадгүй. Иймээс Монголын төр алдаагаа засч циркээ төрд буцаан авч соёл урлагтаа буян үйлдээсэй билээ. Монголын үзэгчид цирк гэсэн үгийг ч мартахад хүрлээ. Циркээр үнэхээр цангаж байна шүү дээ.

 

Д.Бичээчхүү

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин