Нэг. Том хулгай зогсож, улс дефолтоос ангижрав

 

Одоогоос жилийн өмнө, олон жил “шивэр авир” яригдсан Хөгжлийн банкны хэрэг олны анхааралд орж байв. Тус банкны мөнгийг улс төрийн хүрээнийхэн, тэдэнтэй холбоо сүлжээтэй бизнесийнхэн “зээлдчихсэн” нь ил болсон. Хавар нь 10 гаруй жил ил далд яригдсан нүүрсний хулгай сөхөгдсөн. Үндсэндээ хууль хяналтынхан илүү идэвхтэй ажиллаж эхэлсэн гэсэн үг. Мөрдөх байгууллагууд том хэргүүд дээр хамтарсан ажлын хэсэг байгуулан ажилласан юм. Улмаар өнгөрсөн оны аравдугаар сард Засгийн газраас “Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоов. Ингэснээр нүүрсний хулгай нийгмийн анхааралд орж, нийтийн жагсаал эхэлсэн. Өөрөөр хэлбэл, монголчууд өнгөрсөн 2022 он үндсэндээ том хулгайг илрүүлж, алдагдсан боломжийг нэхэхэд зориулжээ. Үүний үр дүн ч гарсан. Шинэ жилийн бялуу, оргилуун дарсны “дуулиан”-д дарагдсан зарим нэг “тоо” байна. Тухайлбал, 2022 оны нэгдүгээр улиралд -3.9 хувьд хүрч унаад байсан эдийн засаг оны эцэст 4.0 орчим хувьд хүрсэн. Бас 1.3 тэрбум хүртэл багасаад байсан Монголбанкны валютын нөөц 3.3 болж өссөн байна. 
Хөгжлийн банканд 994.7 тэрбум төгрөгийн зээл эргэн төлөгдсөн. Ингэснээр тус банк дампуурах эрсдэлээс бүрэн гарчээ. Мөн бондуудын өрийг хугацаанд нь төлөөд явах боломж бүрдсэн байгаа юм. Манай зээлжих зэрэглэл ч “B, тогтвортой” төлөвт хэвээр хадгалсан. Нэг үгээр хэлбэл, 2022 оны төгсгөл гэхэд Монгол Улс дефолтын эрсдэлээс ангижирсан байна. Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр бас нэг “гэрэл”-тэй үйл явдал болсон. 

Тэр нь юу юм гэхээр, нүүрсийг биржээр туршилтаар арилжлаа. “...Амны үнэ хэд, хилийн үнэ төд байдаг” гээд бид бүгдээрээ нүүрсний үнийг багцаалдаг болсон. Харин энэ арилжаагаар 12800 тн баяжуулсан коксжих нүүрсийг Гашуунсухайт терминал дээрээс нийлүүлэх нөхцөлөөр тонн бүрийг 1290 юань буюу 187 ам.доллараар борлуулсан байна. Ингэхээр хэл ам болоод байдаг АМНАТ зэрэг төсөвт төлөх орлого нэмэгдэх юм байна. Цаашлаад, энэ жилийн эхний улиралд Оюутолгойн гүний уурхай ашиглалтад орно. Улаанбаатар хотыг тойрсон шинэ тойрог замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ. Хөшигийн хөндийд шинэ хотын бүтээн байгуулалт эхэлнэ. 2023 онд Эрдэнэбүрэнгийн УЦС, Тавантолгойн ЦС-ын ажлыг эхлүүлж, Амгалангийн ДЦС, эрчим хүчний хураагуур бүрэн ашиглалтад орно гэж байна. Нэг үгээр хэлбэл, эдгээр нь Хөгжлийн банк, нүүрсний хулгай, өөр юу байдаг юм, ер нь л төрөөс хулгай хийдэг явдал зогссоны л үр дүн юм. 
Хэдийгээр энэ үр дүн өнөөдөртөө шууд иргэдийн халаасанд орохгүй ч удахгүй бүх зүйл сайжрахын дохио гэхэд болно. П.Жасрай гуай 30 жилийн өмнө “...Хонгилын үзүүрт гэрэл харагдлаа” гэж байсантай л ижил юм.

 

Хоёр. Шүүх “хөдөлж” эхэллээ


Шүүх сүүлийн үед нэлээд шүүмжлүүлсэн. Мэдээж хэрэг, 600 шүүгчид бүгдэд нь хамаатай шүүмжлэл биш. Харин төмөр замын 7.3 тэрбумтай баригдсан нөхөрт гаргасан шүүгч З-гийн “араншин” зэрэгт бол хатуу үг сонсох ёстой. Энэ мэт нийтийн эрх ашгийн эсрэг илтэд гаргаж буй хэд гуравхан шүүгчийн үйлдэл нь шүүх байгууллагын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгааг энд хэлэх хэрэгтэй.
Монголчууд нийтээрээ Хөгж­лийн банк, нүүрсний хулгайг жиг­шин зэвүүцэж, түүнд гаргаж буй хууль хяналтынхан, тэр дундаа шүү­хийнх­нийг анхааралтай харж байгаа билээ. Гэхдээ шүүх сүүлийн хэд хоногт үйл ажил­лагаагаа идэвхжүүлж, олны анхаарал татсан хэргүүд дээр шуур­хай ажиллахаар “хөдөлж” эхэлсэн бо­лол­той. Ийм байдал харагдаад эхэлсэн байна.
Ер нь бол урьд өмнө нь авлига, албан тушаалын хэрэгт хууль зөөлөн ханддаг байв. Хялбаршуулж шийднэ. Хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгоно. Ийм учраас том хулгайг илрүүлж, улмаар хариуцлага тооцоход хүндрэлтэй байжээ. Ингэж хуулийн томчууд хэлдэг. Тиймээс өнгөрсөн оны сүүлчээр УИХ-аас Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, дээрх “цоорхой”-нуудыг бөглөсөн. Эрүүгийн хуулийн өөрчлөлт өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Учир нь Ерөнхийлөгчийн хориг тавих хугацаа дуусч, өнгөрсөн баасан гаригт Төрийн мэдээлэлд хэвлэгдсэн байна.
Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгох, эсвэл хялбаршуулж шийдүүлэхээр хүлээж байсан авлига, албан тушаалын хэргүүд ойрын үед шийдэгдэхээс аргагүй болж байгаа юм. Тийм олон хэрэг бий дээ. Нэг нь “бариад”, нөгөө нь “бариулаад” байх боломж ч үгүй болж байна. Үүнтэй зэрэгцээд баасан гаригийн үдээс хойш Хөгжлийн банкны хэрэг харьяаллаараа шүүхэд шилжсэн байна. Уг хэрэгт 87 хүнийг яллагдагчаар татжээ. Өөрөөр хэлбэл, шүүхэд шинээр шилжиж буй Хөгжлийн банкны хэрэг зэргээс гадна аль хэдийнэ шүүхэд очсон “Эрдэнэт”-ийн 49 хувийн хэрэг зэргийг шүүх удах­гүй хэлэлцэж шийдэхээр болж байна. 

 

Гурав. АН-д эвлэрэл үү, МАНАН-д аврал уу?!


АН-ынхан учраа ололгүй удсан. Тиймээс МАН сөрөг хүчингүй шахам эрх барьж байна. Лав хоёр тамгатай, хоёр даргатай гэж явдаг. Гэвч Дээд шүүх алийг нь ч албан ёсны гэж үзээгүй. Харин 2022 оны гуравдугаар сарын 31-ний хурлаараа “...АН-ын ээлжит бус ХIII Их хурлын 2022 оны гуравдугаар сарын 5-ны өдрийн “Үндсэн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” 07 дугаар тогтоолоор баталсан АН-ын үндсэн дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэсүгэй” гэж шийдсэн байдаг. Энэ нь АН-ынханд дотоод зөрчлөө шийдэх гарц болжээ. Тодруулбал, Үндсэн дүрэмд нь “...Намын дүрмээр зохицуулах намын дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбоотой асуудлыг намын эрх бүхий байгууллага буюу Үндэсний бодлогын хороо шийдвэрлэнэ” гэж оржээ. Энэ дагуу өнгөрсөн баасан гаригт АН-ын ҮБХ-ны хурал болов. Тэндээс 19-ний өдөр намын даргаа сонгох ҮБХ-ны хурал, Их хурлаа товложээ. Тэр хүртэл Дотоод сонгуулийн хороогоо бүрдүүлэх гэх мэт зуун задгай ажил нэлээд байгаа аж. Баасан гаригт хуралдсан энэ ҮБХ нь С.Эрдэнийн ч, Х.Баттулгын ч байгуулсан ҮБХ биш байв. Тэр хоёр нь ч оролцсонгүй. Харин “нам”-ууд нь гадна талаас эсэргүүцлээ илэрхийлсэн. Гэхдээ аль алийнх нь ҮБХ-нд бүртгэлтэй АН-ын гишүүд энэ ҮБХ-г нь бүрдүүлээд байв. Тэгэхээр уг хурлыг зохион байгуулагчид одоо байгаа “тамганууд”-д бус Дээд шүүхэд найдаад хуралдаж байна гэсэн үг.

 

Тэгэхээр ирэх долоо хоногт болох АН-ын Их хурал хэнийгээ намын дарга болгох вэ гэдэг хамгийн чухал нь болоод байна. Гэхдээ нөгөө л хуучин лидерүүдийнхээ гар хөлийн аясаар хуралдаж, нөгөө л хэдийгээ дээш нь гаргахаар ярьж байна. Залуус нь алга. Саяын хурлаас бараг зургаан хүний нэр гарчих шиг боллоо. Лу.Гантөмөр, З.Нарантуяа, Л.Гүндалай, С.Одонтуяа, С.Баярцогт, Ц.Баатархүү нарын нэр дуулдсан. Зарим нь “...Намын даргад нэр дэвшинэ” гэдгээ хэлчихсэн. Гэхдээ энэ хүмүүсээс Лу.Гантөмөр, С.Баярцогт хоёрын дунд өрсөлдөөн гарах магадлалтай. Бусад нь энэ хоёрынхоо хуримтлуулсан хийгээд араас нь “түлхэх” янз бүрийн хүчийг дийлэхгүй. Лу.Гантөмөр бол нам, намд байдаг нутаг усныхны дэмжлэг сайтай. Улс төрд ид явахдаа “Нэг ардчилал” фракц үүсгэж, түүнийгээ толгойлж ирсэн. Гэх мэтээр АН-ын даргад зүтгэхэд хүч бол бий. Тэрбээр “...Би бол С.Эрдэнэ, Х.Баттулга хоёртой учраа олчихно. Ер нь намын эв нэгдэлд нөлөөлж, намаа нэгтгэнэ” гэж намынхандаа ярьж буй аж. Харин С.Баярцогт бас л нам, намын дэмжлэгтэй. Угаасаа тэр улс төрийн ийм холбоосыг ид явахдаа маш сайн хийдэг байсан. Түүгээрээ зартай. Шулуухан хэлэхэд, МАНАН бүлэглэлд багтдаг олон хүн түүнийг дэмжиж байна. Дээрээс нь хуучин Соцдек-үүд нь байна. Тэд нь хэвлэл, олон нийтийн ажилдаа сайн гэж жигтэйхэн. Тэр утгаараа Лу.Гантөмөрөөс илүү “хүч” хураасан гэхэд болно. Ер нь бол С.Баярцогт АН-ын дарга болох нь хэсэг бүлэг хүнд болоод өөрт нь л хэрэгтэй. АН-д бараг л эрсдэлтэй. Учир нь түүний шүүхийн асуудал нь “нээлттэй” үлдсэн. “...Дээд шүүхийн хоёр шүүгчийн тусгай саналаар” гээд хэргийг нь хүчингүй хууль хэрэглээд мөрдөн байцаалтад буцаасан. Энэ агуулгаараа шүүхийн шийдвэр хүчингүй болох магадлал өндөр. Хэрвээ “...Хүчинтэй” гээд тоохгүй явчихвал уг санал, түүнийг үндэслэж болсон шүүх хурал дээр Дээд шүүхийн гурван шүүгчийн “...С.Баярцогт гэм буруутай” гэсэн тусгай санал бас яригдах учиртай. Энэ нь цаг хугацааны л асуудал гэсэн үг. Гэвч АН-ын даргыг авахын төлөө бүгдийг хийчихсэн “хүч” санасандаа хүрчих магадлал маш өндөр байна. Тэгэхээр Дээд шүүх АН-ын ҮБХ-д эрх олгосноор энэ намынханд эвлэрэх боломж олгов уу, МАНАН-д аврал болох гээд байна уу.

 

Дөрөв. Л.Оюун-Эрдэнэ олон нийтээс дэмжлэг хүсэх үү?!


Л.Оюун-Эрдэнийг 2016 онд гишүүн болчихоод М.Энхболдын өөдөөс сөрвөлзөж байхад “...НАМЗХ-гоо булаалгасан гээд шаралхаад байна” гэж харж байв. Үнэхээр ч тэгж бодохуйц үйл явдал жил дамнаад өрнөсөн. “60 тэрбум”-ыг барьж явсаар хэрэг болгоод шүүхээр шийдүүлсэн. Улмаар М.Энхболдыг огцруулж, оронд нь У.Хүрэлсүх гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, 2016 онд ганцаараа гүйж явсан Л.Оюун-Эрдэнэ жил гаруйн дараа л гэхэд олуулаа болчихсон байв. УИХ дээр 33 гишүүн болж аваад Засгийн газрыг огцруулж, УИХ-ын удирдлагыг сольсон. Л.Оюун-Эрдэнэ өөрөө ч албан тушаалын шатаар өгссөн. Ерөнхий сайд хүртэл явлаа. 


Гэхдээ түүний бай нь зөвхөн М.Энхболд, шалтгаан нь НАМЗХ биш байжээ. Тэр нь 2019 оноос харагдаж эхэлсэн. Л.Оюун-Эрдэнэ залгуулаад “Эрдэнэт”-ийн 49 хувь, шүүх, прокурор дахь “хонгил”, Оюу толгой, Хөгжлийн банк, нүүрсний хулгай гээд олон том хулгайг ил болгов. Өнөөдөр тэр том хулгайнуудад олон хүн холбогдоод байна. Засгийнх нь сайд ч байна, намынх нь нөлөө бүхий нөхдүүд ч бий. Нэгэн цагт муугүй харилцаатай явсан хүмүүс ч дуулдаж байна. Гэхдээ Л.Оюун-Эрдэнэ “...Одоо больё” гэхгүй байна. Ний нуугүй хэлэхэд, иргэний хувьд, монгол хүний хувиар үүнд нь алга ташдаг юм. Энэ үйл ажиллагааг нь “хоёр гараа өргөж” дэмждэг. Гол нь дээр дурдсан хулгайнууд арай л муухай л даа. Муухай гэдэг үг ч зөөлдөнө. Энэ 3.4 сая монгол хүний боломжийг л тэр хэдхэн хүн авчихсан. Хулгайлсан гэвэл илүү зохих биз. Нүүрсний хулгайд дам холбоотой гэх төмөр замын нэг хурган даргаас шууд л 7.3 тэрбум төгрөг гарч ирж байх юм. Нэг гайгүй бизнесмэн “...Олон жил амжилттай бизнес эрхэлсэн ч сейфэндээ ийм хэмжээний мөнгө хийж үзээгүй” гэв. Ийм л байгаа юм. За тэгээд, жинхэнэ нүүрсчдийнх нь булай дэлгэгдээд ирэхээр гутармаар үйл зүй­лүүдийг зөндөө л дуулах бололтой дог.


Нэг үгээр хэлбэл, өнгөрсөн 30 биш гэхэд 10 жилийн туршид ингэж л явж ирсэн байгаа юм. Эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр хүмүүс нь Тавантолгойн нүүрсийг хуваагаад цохичихдог. Наанаа “...Хувьцаа өглөө” гэх мэтээр ард түмнийг хошгируулдаг. Оюу толгой байна. Гэрээнээсээ эхлээд маш их ашиг сонирхлын зөрчилтэй. Сүүлд төрийн түшээ болсон нөхдүүд ч үйл ажиллагааг нь шалгахаар очоод, нэг хоёр гэрээний эрх авангуутаа “...Оюу толгой ёстой сайхан ашигтай ажиллаж байна” гээд л гараад ирдэг. Тэгдэг гишүүд өнөөдөр УИХ-д ч, засагт ч байж л байна. Хөгжлийн банк гэж улстөрчдийн хувийн банк болчихсон байсан. ТУЗ-ийн гишүүд гэдэг хэдэн “толгойгүй” хүнтэй. Хэнд, хэдий хэмжээний зээл өгөхийг Засгийн газар шийддэг. Ерөнхийлөгч нь хүртэл авмаар байвал авдаг. Ийм л завхарсан замаар хамаг хөрөнгө нь урссан. Өнгөрсөн жил нийтээрээ зүтгэсний дүнд их наяд шахам зээл төлүүлж дампуурлаас мултарчээ. “Эрдэнэт”-ийн 49-ийг бол яриад ч хэрэггүй. Товчхондоо, баахан шинэ, хөрөнгөгүй компани байгуулаад, түүгээр төрийн болон хадгаламж эзэмшигчдийн мөнгийг гулсуулаад Орос руу өгчихсөн. Санаа нь зөв ч үйлдэл нь буруу явчихсан. Ийм л хэргүүд сүүлийн хэдэн жилд “олны хүртээл” боллоо. Хууль хяналтынхан чардайтал ажиллаж байна. Гэхдээ улс төрийн зарим нөлөө тусаад байгаа нь тодорхой л харагдаж байх юм. 


Үнэндээ, ийм хулгайнууд илэрсэн нь сайн. Иргэд, олон нийт ч ингэж үзэж байна. Илрүүлээгүй, гаргаж ирээгүй бол нүүрснийхэн Тавантолгойгоо зарж идсээр, Хөгжлийн банкныхан тэрбум тэрбумаар нь шуудайлсаар, улстөрчид Оюу толгойд том жижиг шахаа хийсээр, “Эрдэнэт”-ийнхэн зэсээр гулгитлаа ашиг олж байгаа л даа. Юу үнэн, энэ үнэн. Тэр утгаараа, эдгээр хулгай илэрсэн нь монголчуудын нийтийн эрх ашиг сэргэх том боломж юм. Гэхдээ нөгөө талаас дээрх хэргүүдэд холбогдож шалгуулж байгаа улстөрчид, бизнесийнхэн “...Бидний эрх ашиг хөндөгдлөө” гэцгээж байна. Нэг үгээр хэлбэл, хулгайгаа зөвтгөж, өөрсдийгөө өрөвдөх улстөрчид олширсон байна. Тэгж байгааг нь бид өдөр бүр телевиз, сайтуудаар харж л байгаа шүү дээ. Тэгвэл ийм асуудалд орсон нөхдүүдийн дайсан нь Л.Оюун-Эрдэнэ болчихоод байгаа аж. Үнэн худал нь мэдэгдэхгүй олон “мэдээлэл” дуулддаг. Ямартай ч “...Л.Оюун-Эрдэнэ байхгүй бол хулгай маань байхгүй болно” гэж байгаа нөхдүүд цөөнгүй болж буй бололтой. Учир нь сүүлийн өдрүүдэд, он гарснаас хойш яригдаад байгаачлан нүүрсний хулгай, Хөгжлийн банкны хэрэг дээр Л.Оюун-Эрдэнийн эсрэг улс төрийн “нэгдэл” үүсч байгаа гэсэн яриа газар авч байна. Тиймээс ч тэр өөрөө “...Ордон дотор хүчин мөхөствөл олон нийтээс дэмжлэг авна” гэж байн байн хэлээд байдаг бололтой юм. Хэрвээ энэ үнэн бол тэр удахгүй олон нийтээс дэмжлэг хүсч мэдэх л юм.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин