УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар шатахуунтай холбоотой Тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув.

 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг "Түлш боловсруулах үйлдвэр барьж, 2024 онд ашиглалтад оруулна гэж мөрийн хөтөлбөрт тусгаж, ард түмэндээ амласан. Тухайн үйлдвэрийн түүхий эдийг хэрхэн яаж нийлүүлэх вэ? Хоолой барих юм байна гэдэг мэдээлэл авлаа. Технологи нь их нарийн юм байна" гэдгийг хэллээ. 

Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар "Нефть боловсруулах үйлдвэр 2025-2026 онд ашиглалтад орно. Ер нь бол хоолойгоор явуулна гэдэг шийдвэр гараад тендер зарлагдаад компани нь шалгарсан. Тодорхой зайнд халаах механизм хийх ёстой.

Манай газрын тос жаахан өтгөн талдаа гэдгийг гүйцэтгэх засаглал хэлдэг. Гэхдээ бид олон зүйлийг даван туулаад, хараат биш болоод, нефть боловсруулах үйлдвэртэй болох нь зөв гэж яамнаас үзэж байгаа" гэсэн юм. 

Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж байна. “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална” гэж заасан нийгмийн баталгааг Дотоодын цэргийн алба хаагчид нэгэн адил эдлүүлэх зохицуулалтыг бий болгохоор хуулийн төсөлд тусгажээ.