Н.Учралын хуулийн төслийг META компанид танилцуулсан гэх мэдэгдлийг Facebook-н төлөөлөгч няцаав
2023/01/27
Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн талаар хүмүүс өөрсдийн санал бодлыг илэрхийлсээр байна.
Энэ талаар Мета компанийн төв Ази, Хятад, Монгол Улсын олон нийтийн бодлого хариуцсан захирал Жорж Чен өөрийн твиттер хаягтаа "Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх нь хүний үндсэн эрх - Монголчуудын хувьд ч мөн адил" гэж жиргэжээ.
Түүний уг жиргээний доор нэгэн иргэн "Хууль зүй, дотоод хэргийн сайд төслийг боловсруулахдаа Мета компанийн Мэдээллийн аюулгүй байдлыг хангах багтай хамтран ажилласан гэж хэлсэн шүү дээ" гэсэн юм.
Үүнд Жорж Чен хариулахдаа "Тийм биш. Парламент яарч батлахаас өмнө бид хуулийн төсөл эсвэл хуулбарыг нь огт аваагүй. Хууль болоод батлагдсаных нь дараа л анх удаагаа харсан" гэжээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2022 оны есдүгээр сарын 20-нд өөрийн твиттер хаягтаа "Мета компанийн Төв Ази, Монгол, Хятадыг хариуцсан захирал ноён Жорж Чентэй уулзаж, ХЗДХЯ-наас боловсруулсан Цахим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл дээр хамтарч ажиллах, Мета платформын мэдээллийн аюулгүй байдлыг хамгаалах багтай хамтарсан ажлын хэсэг байгуулахаар боллоо" гэж бичиж байв.
Зочин · 2023/01/27