Л.Энх-Амгалан: Гуравдугаар ангиас англи хэл, нэгдүгээр ангиас мэдээллийн технологийн хичээлийг оруулдаг болно
2023/02/01
Боловсролын чанарыг хэрхэн дээшлүүлэх талаар салбарын сайд байр сууриа илэрхийллээ.
Боловсролын салбарт бид өөрсдөө шинэчлэл хийх гэхээр хугацаа их орно, тиймээс дэлхийн бэлэн сайн платформыг авч нэвтрүүлэх нь хугацаа хожихыг тэрбээр учирлав.
Сайд Л.Энх-Амгалан "Боловсролын чанарыг яаж дээшлүүлэх нь хүн бүхний тулгамдсан асуудал боллоо. Финланд улс дэлхийд боловсролоороо тэргүүлдэг. Тус улсад хамгийн сайн сургууль гэж хамгийн ойрхон сургуулийг хэлдэг байна. Манай улсад эсрэгээрээ хамгийн ойрхон сургуулиуд нь муу. Хувийн, төрийн, хот, хөдөөгийн, захын, төвийн сургуулийн ялгаа газар тэнгэр шиг болсон. Тиймээс дэлхийн улс орнуудын тэргүүн туршлагыг авч төрийн сургуулиудад нэвтрүүлнэ.
Тухайлбал, Финландын математикийн сургалтын платформ дэлхийн 170 гаруй оронд туршигдсан, манай улсын үнэтэй хувийн сургуулиуд авч хэрэглэдэг. Төрийн өмчийн сургуулиудад энэ платформыг авч нэвтрүүлэхээр хэлэлцээрт орж байна.
Энэ долоо хоногт эхэлсэн хичээлийн жилээс эхлэн зургаан сар хүртэл хот, хөдөөгийн 50 сургуульд Финландын математикийн сургалтын "Eduten" платформыг хэрэгжүүлнэ. Туршилт амжилттай болбол есдүгээр сараас улс даяар 5-6 дугаар ангийн хүүхдүүдэд уг шилдэг платформыг хэрэглэнэ.
Английн "Pearson" компаниас англи хэлний хөтөлбөрийн платформыг авч туршилтаар 50 сургуульд нэвтрүүлж байна. Ирэх жил 5-6 дугаар ангид мөн англи хэлний шилдэг платформыг нэвтрүүлнэ. Өөрөөр хэлбэл математик, англи хэл, мэдээллийн технологи гэсэн гурван хичээлд дэлхийд тэргүүлсэн платформыг авч нэвтрүүлбэл хувийн болон төрийн өмчийн сургуулийн ялгааг арилгах цаг хожсон түлхэц болно гэж харж байгаа.
Хувийн сургуулиуд нэг хүүхдэд 25-30 еврогоор Финландын математикийн сургалтын платформыг авдаг юм байна.
Бид туршилтын хүрээнд нэг хүүхдэд 8 ам.доллароор "Eduten" платформыг авч байгаа. Цаашид гуравдугаар ангиас англи хэл, нэгдүгээр ангиас мэдээллийн технологийн хичээлийг оруулдаг болно. Гурван жилийн хугацаанд боловсролын ялгааг арилгах хамгийн зөв гарц эдгээр платформыг авч нэвтрүүлэх гэж харж байгаа" гэлээ.