Увс аймгийн Хяргас сумын Бугат хайрхан багийн “Үзүүрийн булаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 190 км, сумын төвөөс баруун урд зүгт 75 км/-т Хяргас нууран дээгүүр зорчиж явсан суудлын автомашин /5 том хүн, 3 хүүхэд/ нуурын мөсөнд цөмөрч оржээ.

Харин зорчигчид бүгд автомашинаас гарсан ба хүүхэд ухаангүй байна гэсэн дуудлагыг 02.11-ний өдрийн 13:20 цагт ОБЕГ-т хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход тус аймгийн Улаангом сумаас Завхан сумын “Хэцүү хад” гэдэг газрын чиглэлд Хяргас нууран дээгүүр зорчиж явсан иргэн Г-ын “Тоёота Хайлюкс” загварын суудлын автомашин /5 том хүн, 3 хүүхэд/ нуурын эргээс 6 км зайд 18 м-ийн гүнд мөсөнд цөмөрч /зорчигчид бүгд гарсан/ живсэн байжээ. Алба хаагчид 1 удаагийн шумбалт хийж, 2 цаг 30 минут ажиллан тус автомашиныг бэхэлж тогтоосон аж.

Орой болж үзэгдэх орчин хязгаарлагдсан тул автомашиныг татан гаргах ажиллагааг түр зогсоож, 02.12-ны өдрийн 10:00 цагаас дахин эхлүүлжээ. Иргэн Г /42 настай, эрэгтэй/, С /13 настай, эмэгтэй/ биеийн байдал хүндэвтэр, М /2 настай, эрэгтэй, ухаангүй/ нарыг авч 15:30 цагт сумын Эрүүл мэндийн төвд авчран эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байгаа юм байна. 02.13-ны өдрийн 09:00 цагт татан гаргах ажиллагаааг дахин эхлүүлээд байна гэж ОБЕГ мэдээллээ.