“Ажнай” Д.Бат-Эрдэнийг АТГ-ын “атга”-наас хэн мулталсан бэ?!
2023/03/10
Ийм асуулт ирэх долоо хоногт эхлэх УИХ-ын хаврын чуулганыг эхэнд ихэд хүчтэй тавигдах бололтой. Тодруулбал, АТГ-аас 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд нүүрсний хулгайтай холбоотой 17 хүний нэрийг зарласан. Энэ дунд УИХ-ын гишүүн “Ажнай” Д.Бат-Эрдэнэ байсан юм. Харин тус газраас 2023 оны хоёрдугаар сарын 28-нд нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүдийг зарлахад түүний нэр байгаагүй юм.
Тэр үеэр “Ажнай” Д.Бат-Эрдэнийг ЭЦА-ныхан шалгаж байгаа талаар албаныхан мэдээлсэн. ЭЦА-наас түүнийг 2012-2016 онд УИХ-ын гишүүн байхдаа жижиг “Тавантолгой” ХК-ны ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаяр, гүйцэтгэх захирал Р.Сэддорж нарт хууль бусаар нөлөөлж 323 900 тонн нүүрсийг өр төлбөрт авсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлсэн.
Ингэж “Тавантолгой” ХК, “Тавантолгой транс” ХХК зэрэг компанийн хувьцаа эзэмшиж байсан албан тушаалын байдлаа ашиглаж “Тавантолгой” ХК-д 18 478 856 284 төгрөгийн хохирол учруулж, хөрөнгө завших гэмт үйлдлийг удирдан зохион байгуулсан гэж буруутган шалгаж буй юм байна. Улмаар дээрх үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн хоёр дахь хэсгийн 2.1, 2.2 / Хөрөнгө завших/-т зааснаар яллагдагчаар татжээ. Мөн түүнд хилийн хориг тавьж, нэр бүхий хүмүүстэй уулзахыг хориглосон шүүхийн шийдвэр гарчээ.
Гэсэн ч нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын зарим гишүүний зүгээс “...“Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэргийг АТГ-ын “атга”-наас мулталж, ЭЦА руу шилжүүлээд, улмаар замхруулахаар зэхэж байна. Тиймээс хаврын чуулган эхлэхээр энэ талаар тодруулах болно” гэцгээж байгаа юм байна.
Ийм асуудал тавих УИХ-ын гишүүдийн хувьд “Ажнай” Д.Бат-Эрдэнийн хэрэгт хөндлөнгөөс том улстөрч нөлөөлөөд байна гэж хардаж байгаа аж. Энэ талаар нүүрсний хулгайд холбогдсон УИХ-ын зарим гишүүн ил далд яриад эхэлсэн байна.
Түүнчлэн “Ажнай” Д.Бат-Эрдэнийн тухайд ойрын үед нэлээд “хөдөлгөөн”-тэй байгаа талаар эх сурвалжууд мэдээлэх болсон. Тухайлбал, өнгөрсөн амралтын өдрүүдээр Төв аймагт байх нэгэн улстөрчийн морины жүчээн дээр уулзалт зохион байгуулсан. Тэр үеэр нь нэлээд олон сая ам.долларын яриа өрнөсөн гэх мэдээллүүд хөврөх болоод байгаа юм.
Ер нь бол энэ мэт асуудлаас болоод УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулган нэлээд халуухан эхлэх магадлалтай байна. Цаашлаад УИХ, Засгийн газрын гишүүдэд томилгоо, тендерийн хориг таваих хууль, бас Үндсэн хууль, дагаад хоёр ч хуульд өөрчлөлт оруулах зэргээр өрнөхөөр яригдаж байна.
Гэхдээ олон нийтийн зүгээс Монголын төр, хууль шүүхийн байгууллага нүүрсний хулгайд яаж хандаж байна вэ гэдгийг онцгойлон анхаарч байгаа юм.
Б.Дамдин-Очир
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Аьилга · 2023/03/10
Авилга гээч нөхөр булт татсан бноо