Лиш зөвлөгөөн"-ийг амжилттай зохион байгууллаа
2023/03/10
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болж буй Лиш зөвлөгөөнд Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон гишүүд, Ардчилсан намын удирдлагууд, Монгол Улсын 21 аймаг, 9 дүүргээс сонгогдсон Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны эмэгтэй гишүүд, Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны удирдлагууд, салбарын тэргүүнүүд, Аймаг, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгч нар оролцлоо.
Монгол Улсад бүх шатны төлөөллийн байгууллагын шийдвэр гаргах түвшний сонгуульд нэр дэвшсэн болон сонгогдож томилогдсон удирдлагын түвшинд эрэгтэйчүүд давамгайлсан, тэдний ашиг сонирхолд тулгуурласан бодлого шийдвэр гарч хэрэгжсээр ирсэн.
Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн квотыг хуулиар тогтоож өгсөн боловч улс төрд жендерийн тэгш байдал хангагдахгүй байна. Жендэрийн тэгш байдлыг хангаснаар өнөөдрийн нийгэмд тулгамдаад байгаа эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалал, хүний эрх, гэр бүл, нийгэм, эдийн засаг, төсөв санхүү, авилгал хээл хахууль, шударга ёс зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд жендэрийн мэдрэмжтэй шийдвэр, шийдэл гарах нөхцөл бүрдэнэ.
Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг жендэрийн зөрүүтэй байдлын индексээр 2021 онд Монгол Улс улс төрийн эрх мэдлийн үзүүлэлтээр 156 орноос 116 дугаар байранд жагссан бөгөөд энэ нь дэлхийн болон Азийн дунджаас доогуур үзүүлэлт юм.
БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллага болон НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хамтарсан “Шийдвэр гаргах түвшинд жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн судалгааны тайланд нийтэлсэн зарим тоо баримтаас дурьдвал 2021 оны байдлаар манай улсын нийт хүн амын 50.9 хувь, нийт сонгогчдын 52 хувь нь эмэгтэйчүүд эзэлж байна. Гэвч 1992 оноос хойш УИХ-ын 8 удаагийн сонгуулийн дүнд нийт 608 гишүүн сонгогдсоноос давхардсан тоогоор 64 нь л эмэгтэй гишүүд байжээ. Эмэгтэй гишүүдийн эзлэх хувь 1992 онд 5.3 хувь байсан бол 2016, 2020 онуудад 17.1 хувь болсон байна.
2020 онд Ардчилсан намаас УИХ-д 2 эмэгтэй, НИТХ-д 2 эмэгтэй, АИТХ-д 44 эмэгтэй, ДИТХ-д 22 эмэгтэй, СИТХ-д 917 эмэгтэй сонгогдон ажиллаж байна. Мөн дүүргийн засаг даргаар 1, сумын засаг даргаар 13, сумын ИТХ-ын даргаар 16 эмэгтэй ажиллаж байна.
Ардчилсан намын анхан дунд шатны намын удирдлагад аймаг, дүүргийн намын хорооны даргаар 4 эмэгтэй буюу 13.3 хувь, ХЭГ-ын даргаар 9 эмэгтэй буюу 30 хувь, сумын намын хорооны даргаар 36 эмэгтэй буюу 10.9 хувьд нь эмэгтэйчүүд сонгогдон ажиллаж байна.
Цаашид Ардчилсан намын дотоод ардчиллыг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор намын дарга Л.Гантөмөрийн санаачилгаар Ардчилсан нам 2023 оныг “Эмэгтэйчүүдээ дэмжих жил” болгосныг өнөөдөр албан ёсоор зарлалаа. Эмэгтэйчүүдээ дэмжих жилийн хүрээнд Ардчилсан намын бүх шатны шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн төлөөллийг нэмэгдүүлэх буюу бүх шатны сонгуульт гишүүдийн харьцааг 50 хувьд хүргэх бодлого хөтөлбөр боловсруулан Ардчилсан намын дүрэм, журамд тусгаж батлах, хэрэгжүүлэх, хяналтын тогтолцоог бий болгох зорилтыг дэвшүүлж байна.
Мөн эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, шийдвэр гаргах түвшин дэх төлөөллийг нэмэгдүүлэхэд жендэрийн эрх тэгш байдлыг хангах эрх зүйн орчин, олон нийтийн дэмжлэг, нийгмийн тогтсон хандлага, улс төрийн санхүүжилт болон сонгуулийн тогтолцоо, улс төрийн намуудын бодлогод нөлөөлөх талаар 2023 онд Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооноос "30х300 хөтөлбөр"-ийг санаачлан хэрэгжүүлэх тухай Лиш зөвлөгөөний төлөөлөгчдөд танилцуулж санал авлаа.
БНСУ-ын КОЙКА Олон улсын байгууллага болон НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн хамтарсан “Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь” төслийн хүрээнд аймаг, нийслэлд 60 жендерийн манлайлагч, мөн “Нэр дэвшигч эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал” сургалт явуулах 15 сургагч багшийг бэлтгэн 30х300 хөтөлбөрийг улс орон даяар хэрэгжүүлэхэд хамтран ажиллана.