Д. Бат-Эрдэнэ, Т. Аюурсайхан, Н. Наранбаатар нарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлдүүлэх саналыг АТГ-аас УЕП-т хүргүүлжээ
2023/03/14
Нүүрсний хэрэгт холбогдуулан нэр бүхий 6-7 УИХ гишүүн АТГ-т шалгагдаж байна.
УИХ-ын гишүүн Д. Бат-Эрдэнэ, Т. Аюурсайхан, Н. Наранбаатар нарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлдүүлэх саналыг АТГ-аас УЕП-т хүргүүлжээ.
Мөн УИХ-ын гишүүн Ж. Мөнхбат яллагдагчаар татагдаад байна гэж АТГ-аас мэдээллээ.
АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг нүүрсний гэх хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Тавантолгойн бүлэг орд газраас "Эрдэнэс Тавантолгой" ХК болон орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-д нүүрс олборлох, тээвэрлэх, борлуулах, улсын хилээр нэвтрүүлэх, төмөр замын бүтээн байгуулалт, барилгын ажил гүйцэтгэх, тендер сонгон шалгаруулах үйл ажиллагаанд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэргүүдэд ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй.
Одоогийн байдлаар хэрэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 17 буюу нийт 42 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Энэ хугацаанд хил хамгаалах байгууллага, гааль, АТҮТ-ийн эрх бүхий албан тушаалтнууд нь хууль бусаар гаалийн бүрдүүлэлтгүй тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлж, хахууль авсан, олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгохдоо бусдаас хахууль авсан зэрэг нийт 42 яллагдагчид холбогдох гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүллээ.
Эд мөрийн баримтыг илрүүлэх зорилгоор нэгжлэг хийх ажиллагааг 166 объектод, хүний бие, эд зүйл баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 407 удаа, 1,032 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, хөрөнгийн үнэлгээ хийх ажиллагааг 25 удаа, байгууллагаа, ААН, иргэнээс 973 удаа баримт гаргуулан авах ажиллагааг явуулсан.
Өнгөрсөн хугацаанд 85 албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан бөгөөд үүний 48 нь нийтийн албан тушаалтан. Үүнд:
- УИХ-ын гишүүн 6
- Зам, тээврийн хөгжлийн сайд асан 1
- Төрийн нарийн бичгийн дарга асан 1
- Аймаг, сумын Засаг дарга 4
- ИТХ-ын дарга 1
- УИХ-ын гишүүний зөвлөх 1
- Гаалийн улсын байцаагч 12
- Хил хамгаалах байгууллагын 4
- АТҮТ-ийн 4 албан тушаалтан
- Өмнөговь аймгийн газрын харилцаа зохион байгуулалтын албаны газрын даамал 2
- Боомтын захиргааны мэргэжилтэн 2
- "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн эрх бүхий албан тушаалтан 7
- "Тавантолгой төмөр зам" ХК-ийн 3
- Нэр бүхий хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан 15
- 22 иргэнийг яллагдагчаар татагдан шалгагдсан.
Эдгээрээс 24 албан тушаалтныг эрх мэдлээ урвуулан ашигласан, 14 албан тушаалтан хахууль авсан, 26 албан тушаалтныг хахууль өгөх, 21 албан тушаалтныг мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэгт яллагдагчаар татсан байна. Одоо шалгаж буй хэрэгт 8 яллагдагч цагдан хоригдож байгаа.
Улсын хилээр гаргахыг хязгаарласан 41, албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлсэн 4, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 26 яллагдагчид авсан байна.
- Үл хөдлөх хөрөнгө 94
- 48 тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөн
- Таван газар
- Хоёр хуулийн этгээдийн хувьцаа
- 35 иргэн 40 хуулийн этгээдийн арилжааны банк дахь зарлагын гүйлгээ
- Дөрвөн иргэний 3.2 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий үнэт цаасны шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан" болохыг мэдэгдлээ.