УИХ-ын хаврын чуулган эхэллээ. Ард түмний зүгээс өндөр хүлээлттэй чуулган юм. Хөгжлийн банк, Нүүрс, Төмөр замын хэргүүдэд нэр холбогдсон гишүүдийг хэрхэхийг харж байна. Удахгүй газрын мафийг нэг мөр зарлах нь. Ер нь бол өнгөрсөн хугацаанд авлигын хэргүүдээр Шүгэл айхавтар үлээлээ.

Ард түмнээ босгох шахлаа. Эцэст нь нийгмийн зүгээс “Ямар улстөрчид хариуцлага хүлээлгэв” гэдгийг нэхэх цаг ирэв бололтой. Энэ хавар ард түмэн эрх баригчдаас үүнийг л нэхнэ, жагсана, цааш яахыг мэдэхгүй. Ийм л үед УИХ-ын чуулган эхэлж Г.Занданшатар “Авлигын эсрэг чуулган байх болно” гэж зарлав. Ингэж хэлснээрээ авлига, албан тушаалын гэмт хэргийг боомилох хуулиудыг батлах нь гэж харж байна. Жишээ нь авлигын үүр уурхай болсон улс төрийн намуудын тухай хууль байна. Тендерийн хууль байна. Ер нь бүх зүйл шилэн байх тухай л зарчим энэ бүх хуулиуд дээр яригдана. Парламентын түвшинд ажиллаж байгаа хүмүүс юу хийж болохгүй, юунаас татгалзах ёстойг хуулиар зохицуулах ёстой. Тэдгээрийн хамаарал бүхий аж ахуйн нэгжүүд нь тендерт ордоггүй байх. Гэр бүлийнх нь хүмүүс төрийн өндөр албан тушаал хашдаггүй байх... гэхчилэн. Эдгээрийг зөрчвөл хуулийн хариуцлага хүлээдэг байх. Маш товчхондоо авлигын эсрэг чуулганаараа энэ бүгдийн эсрэг хууль батлахыг л ард түмэн хүлээж байгаа юм. Гэвч чадах уу гэсэн эргэлзээ дүүрэн байна.

Монголын төр одоогоор есөн их наядын худалдан авалт хийдэг гэсэн тооцоо гарсан. Та бүхэн 10 хувь гэж сонссон. Аливаа тендерт тухайлсан компанийг ялуулахын тулд төр дэх авлигачид 10 хувийг авдаг жишиг. Удаж байгааг бараг иргэн бүхэн мэддэг болсон. Одоо авлигын 10 хувь гэдэг нэр томьёо өөрчлөгдөөд сүүлийн жилүүдэд “Налуу” гэдэг болсон. Налууг нь өгөх гэж хэн нэг компанийн захирал яривал “Аан нөгөө 10 хувийн авлига нь юм байна” гэж ойлгох хэрэгтэй. Ийм болтлоо илжирч, ялзарсан төрийн бүтцийн эсрэг өнөөдрийн УИХ-ын чуулган хуулиуд гаргах юм байх.

Авлига ганц 10 хувиар тогтодог юм биш. Тендерийн гүйцэтгэлийг хүлээж авах Улсын комисс гэж салбар бүрийн 14 албан тушаалтан багтсан баг байна. Тэд хүлээж авахын тулд ажил хийсэн компанийн эздийг тамлана шүү дээ. Эмэгтэй захиралтай бол наад зах нь ил цагаан унтаж хэвтэхийг шаардана. Эрэгтэй захирлуудаас хүүхэн нэхнэ. Үнэтэй архи, виски бол ердийн үзэгдэл. Ер нь яриад дуусашгүй шившгийн хөндий дөө.

Хамгийн гутамшигтай эдгээр шившгийн хулгайчид нь бараг 100 хувь төрийн ордонд байгаа нөхдийн гар хөл, гардан гүйцэтгэгчид нь авлигын мөнгийг нь угаагчид байдаг юм. УИХ-ын гишүүдийн. Ийм болчихсон Их хурлын гишүүд нь тэгээд авлигын эсрэг хууль, шулуухан хэлэхэд өөрсдийнхөө эсрэг хуулийг батлах юм байна. Ийм амьтдыг удирдаж, улс орны хувь заяаг атгаж яваагаа хамгийн сайн мэддэг хүн бол УИХ-ын дарга Г.Занданшатар. Гэсэн хэдүй ч Г.Занданшатар “Энэ хаврын чуулган нь авлигын эсрэг байх болно” гэж зарлаж орхилоо. Дуулсан дуундаа өөрөө уяраад гэдэг үг л түүний хэлэхийг хараад бодогдож байна. Удирдаж байгаа ангийн чинь нөхөд авлигын эсрэг хууль батлах уу! Өөрсдийгөө аваад үлддэг юмаа гэхэд аав ээж, эхнэр хүүхэд, хүргэн бэргэн, ах дүүс, найз нөхөд, нууц амраг... гээд хамаг нандин бүгдийг нь хуулийн дүүжлүүрт өлгөх болно шүү дээ. Тэгэхээр итгэхгүй байна.

Авлига, албан тушаалын гэмт хэрэг ийм замбараагаа найгаа алдсан улс орны хувьд, парламентын засаглалтай бол хүчтэй сөрөг хүчинтэй байж гэмээнэ ийм хуулиудыг баталдаг. Энэ бол дэлхийн жишиг. Гэтэл Монголын парламентын хаана нь тийм сөрөг хүчин байгаа юм. Яг үнэндээ эрх баригч намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг оношлоход тэрбээр дотроо “Олигтойхон шиг хүчтэй сөрөг хүчинтэй ч болоосой” гэж хааяа боддог байх гэдэгт ерөөсөө эргэлзэхгүй байна. Нам доторх бузар булай, болохгүй бүтэхгүй бүхнээ, идээ бээрийг шахахын тулд эрх баригч намын дарга хүн сөрөг хүчнээ ашигладаг. Парламентын тэргүүн нь сөрөг хүчнээ бүр сайн ашигладаг. Хэлдэг ганц үг нь “Наад сөрөг хүчнийхэн чинь байж суухын аргагүй шахаж байна шүү дээ, тэгэхээр яах юм бэ” гэж хуйх түрийгээ атируулж байгаад нам доторх авлигачдаа дарж авдаг.

Геополитикийн нөхцөл байдал маш хүнд байгаа ийм цаг үед хөрш орнууд хийгээд Олон улсаас ирж байгаа аливаа шахалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зүгээс ямар хариу барьж байна вэ гэхээр “Би шийдэх боломжгүй ээ, манайх парламентын засаглалтай улс орон, УИХ-аасаа асууя” гэж хэлдэг, зальддаг, хүнд байдлаас гардаг. Үүнтэй нэгэн адил эрх баригч намын удирдлагууд “Сөрөг хүчин шахаад байна” гэж хэлээд намаа цэвэрлэх. Агаар нь адилхан улс төрийн үйл явц. Гадаад, дотоод нөхцөл байдлаараа л ялгарна. Гэвч авлигын эсрэг хуулийг шахсаар байгаад батлуулчих сөрөг хүчин буюу хүчтэй АН өнөөдөр бүрэлдэн тогтоогүй удсаар байна. Энэ л гунигтай, бүх юмны тээглүүр, саад, гуниг харуусал болчихоод байна. Үр дүнд нь ард түмэн хохирч, улс орон сэхэл авах муутай байсаар байна.

Шүгэл үлээгээд л байдаг, үлээгээд л байдаг. Өнгөрсөн намаржин, өвөлжин Шүгэл үлээлээ, баривчиллаа, нэрс зарлалаа, 80 гаруй албан тушаалтанд хэрэг үүсгэлээ. Дөнгөж найман албан тушаалтан нь түр баривчилгаатай, бусад нь гадуур, байцаалтад юу ярихаа үгсэн хуйвалдаж, үгээ, мэдүүлгээ нэгтгээд явж байна. Энэ бүгдийг зохион байгуулагчид нь УИХ-ын гишүүд байсаар байна. Эдгээрийг таслан зогсоож, илчилж, нийгэмд Шүгэл үлээж, ард түмний эрх ашигт нийцүүлэх үүрэгтэй УИХ дахь сөрөг хүчин нь ордон дотор өрөөгөө булаалдаастай. Гадуур намын тамга, гэрчилгээгээ булаалдаастай. Ийм л дүр зураг бүхий улс төр Монголд өрнөж байна.

Өнөөдөр Монголд авлига, албан тушаалын гэмт хэргийн эсрэг хууль тогтоомж үнэхээр хэрэгтэй байна. Бүр ус, агаар шиг хэрэгтэй байна. Ард түмний хувьд парламентаас үүнийг хүсэхийн дээдээр хүсч байна. Гэвч итгэл найдвар үнэхээр бага байна. УИХ-ын үнэмлэхүй олонхыг бүрдүүлж байгаа МАН-ын гишүүд нь яажшүү Нүүрсний, Хөгжлийн банкны гэмт хэргээс өөрийгөө мултлах вэ гэхээс өөрийг бодохгүй, ийш тийш гүйлдсэн өдөр хоногууд өнгөрч байна. Шахаж шаардаж хууль батлуулах ёстой сөрөг хүчний талаар сая дурдлаа. Талын нэг тарж бутарсан, нийгмийн доог тохуу болсон хэдэн хүн ордонд үзэгдэх, үгүйтэй байна. Ийм нөхцөлд энэ удаагийн чуулганаар авлигын эсрэг хуулиуд батлагдах боломжгүй биз дээ.

Б.Нямаа