Засгийн газрын хөтөлбөр, төлөвлөгөөг муу биелүүлсэн яамдын таван сайдад хариуцлага тооцох асуудал яригдаж байгаа
2023/03/23
Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар хэлэлцжээ.
Хуралдааны үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн дөрвөн асуулт тавив.
-2022 оны эцсийн байдлаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт хэдэн хувьтай байна вэ?
-Аудитын дүгнэлтэд Засгийн газрын үйл ажиллагааны дотоодын хяналт шалгалт тааруу байсан гэсэн дүгнэлт байна. Төлөвлөгөөний хэрэгжилтийг муу биелүүлсэн салбар яамд, агентлагуудын алба хаагчдад хариуцлага тооцсон уу?
-Өнгөрсөн онд инфляцын түвшин 13.2% байсан. Инфляцын түвшинтэй уялдуулж цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх хөтөлбөртэй. Өнгөрсөн онд 500,000-аас дээш тэтгэвэр авдаг иргэдийнх 15%-аар нэмэгдсэн. Харин төрийн албан хаагчдын цалин нэмэгдээгүй. Энэ асуудлыг яах вэ?
-Цар тахлын үед эдийн засаг хүндрэлтэй байсан. Сүүлийн үед бодлогын хүү өндөр байгаагаас арилжааны банкуудаас гарах зээл эрс багассан. Бизнес эрхлэгчдийн нөхцөл байдал гайгүй болох гэтэл эргэлтийн хөрөнгөгүй болчхоод байгаа юм. Энэ онд арилжааны банкны зээлийн асуудал өндөр хүүтэй ч олдоц маш муу. Засгийн газраас зээлийн асуудалд ямар бодлого барьж байна вэ?
Уг асуултуудад Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар хариулсан юм.
Тэрбээр "2022 оны эцсийн байдлаар Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилт 39.3%-тай байгаа. Жилийн төлөвлөгөөний биелэлт муутай. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн болон төлөвлөгөөний биелэлт муутай байгаа яамдын таван сайдад хариуцлага тооцох асуудал яригдаж байгааг хэлье.
2023 оны төсөвт цалинг нэмэхэд зориулан 200 гаруй орчим тэрбум төгрөгийн эх үүсвэр тавьсан. Салбар, салбарын ажилтнуудын урамшуулал нэмэгдэж байгаа.
2024 онд цалинг нэмэгдүүлэх төсвийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ" хэмээн хариуллаа.
Гуравдугаар сарын 18-ны байдлаар 10 тээврийн хэрэгслээр 251 тонн мах, 16 тээврийн хэрэгслээр 439 тонн боловсруулалт хийгдээгүй арьс шир, ноос ноолуур 33 тонн, дэл сүүл 46 тонн экспортод гарсан байна.
Гуравдугаар сарын 19-нд 75 тонн мах, 243 тонн арьс шир, хонины арьс шир 81 тонн гадагшаа гараад эхэлсэн. Ингэснээр малчдын, экспортын, валютын орлого нэмэгдэх нөхцөл бүрдүүлж байгаа. Махны экспортод квот тогтоохоо больсон. ААН, байгууллага өөрсдөө экспортолдог болж байгаа юм.
Өнөөдрийн байдлаар инфляц 12.2%-тай байгаа. Манай яамнаас хийж буй тооцоогоор энэ жилийн эхний хагаст инфляц нэг оронтой тоо руу орчих болов уу.
Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл бодлогын хүүг хэвээр үлдээх шийдвэр гаргасан. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг бууруулах зорилтоо хэрэгжүүлэхийн тулд мөнгөний бодлогын хүүг бууруулах боломжгүй байгаа.
Бодлогын хүүг бууруулбал төгрөгийн ханш улам унаж, инфляц нэмэгдэнэ" хэмээн тайлбарлав.