Жил бүрийн энэ өдөр дэлхийн эмч нар баяраа тэмдэглэдэг. Баярлахаас илүү талархлын үгэнд бялуурдаг өдөр. Тэгвэл манай улсын эрүүл мэндийн салбарт ажиллаж буй 14 мянга орчим эмч, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд эрхийнхээ өдөр баярлахаас илүү цалин хөлс, салбарын тулгамдсан асуудлаа хөнддөг уламжлал тогтоод нэлээн хэдэн жил өнгөрч байна.

 

Жил бүр л эмч нарын цалин, нийгмийн баталгааны асуудал яригдаж бүр төв талбайд цагаан халадтай суулт хийж байсан нь саяхан. Өчигдөр тохиосон эмч нарын баярын өдөр мөн л урьдын асуулт дахин давтагдлаа.

 

Манай улсын хувьд сүүлийн гурван жил дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас энэхүү өдрийг тэмдэглээгүй юм. Энэ жилийн хувьд аюулт цар тахлыг даван туулж “Ногоон түвшин”-д хүрснээ албан ёсоор зарлаж, амьдрал хэвийн нөхцөлд үргэлжлэх боломжийг олгоход хүч хөдөлмөр, оюун мэдлэг, ур чадвараа зориулан цаг наргүй зүтгэсэн эмч нартаа талархах, тэднээр бахархах баярын өдөр болгон 800 шахам эмч, эмнэлгийн мэргэжилтнийг хамруулсан “Эмч танаараа бахархъя” хүндэтгэлийн үйл ажиллагааг Төрийн ордонд зохион байгууллаа.

 

Гэхдээ баяр гэхээр л энд тэндгүй бөөн бөөнөөр нь одон медаль зүүхээс илүү хот, хөдөө гэлтгүй бүгдийг урьж “Эмчээ сонссон” нь урамтай байгааг Увс аймгийн Баруунтуруун сумаас ирсэн н.Анхбаяр эмч хэлж байв. Харин Эрүүл мэндийн сайд С.Чинзориг салбарынхныхаа "цалин"-гийн асуултаас бултсангүй. Тэрбээр “Ажлаа аваад 1000 гаруй эмчтэй уулзаж санал бодлыг нь сонслоо. Шүдний эмч нартай тусгайлан уулзсан.

 

Эмч мэргэжилтнүүдийн цалин хөлсийг нэмэгдүүлж, нийгмийн баталгааг сайжруулахад онцгой анхаарна. Гүйцэтгэлийн санхүүжилтэд тохируулга хийж өөрчилж эхэлсэн. Төсөв мөнгөнөөс шалтгаалж эмнэлгийн тусламж үйлчилгээ доголдох ёсгүй. Сумын эмч, мэргэжилтнүүдийн цалинг 30 хувиар нэмэгдүүлэх боломж бүрдсэн. Ажлыг дүгнэдэг шалгуур үзүүлэлтийг өөрчилж илүү боловсронгуй болгоно. Өөрөөр хэлбэл, ур чадварын нэмэгдэл олгодог байх журам батална. Ийм гурван тодорхой бодлогын хүрээнд эрүүл мэндийн салбарынхны цалин, нийгмийн хамгаалал сайжирч байгаа. Ажлаа сайн хийсэн бол амьдралын чанарын баталгаа нь хангагддаг байх зарчим үйлчлэх юм” гэлээ.

 

сонин mn

“Эмч нараараа бахархъя” хүндэтгэлийн арга хэмжээний үеэр хөндсөн бас нэг чухал болоод шинэлэг асуудал нь эрхтэн шилжүүлэн суулгах талаар байв. Манай улс дотооддоо элэг, бөөр солих, чөмөг шилжүүлэн суулгаж байна. Гэхдээ хүчин чадлын хүрэлцээ туйлын хангалтгүй байгаа аж. Зөвхөн Улсын нэгдүгээр төв эмнэлгээр жишээ авч үзэхэд одоогийн байдлаар амьд донороос элэг шилжүүлэн суулгахад бэлэн болсон 100 гаруй хүн байна.

 

Өнөөгийн хүчин чадлаар 100 гаруй хүнийг элэг солих эмчилгээнд хамруулахад 1.5-2 жилийн хугацаа зарцуулна. Гэтэл хүнд өвчинтэйгээ тэмцэж байгаа хүнд хоёр жил байтугай хоёр сар ч хайран. Тиймээс эрхтэн шилжүүлэн суулгах төвийг  нэн яаралтай барих шаардлагатай байгааг мэргэжлийн хүмүүс хэллээ.

 

Энэ талаар салбарын сайдаас нь тодруулахад “Авлига албан тушаалын хэргээс төрд хураагдсан хөрөнгийг эрхтэн шилжүүлэн суулгах төвийг барихад зарцуулах бодлого баримтална. Удахгүй авлига албан тушаалын хэргийн улмаас улсыг хохиролгүй болгож байгаа орлогыг эрүүл мэндийн салбарт зарцуулах эрх зүйн орчин бүрдэнэ гэж үзэж байгаа” гэсэн юм. Ийнхүү улсынхаа өнцөг булан бүрээс цугларсан 500 гаруй эмч, мэргэжилтнүүд маань нийслэл хотдоо нэгэн дор цугларч санал бодлоо чөлөөтэй илэрхийллээ. Ерөнхий сайд ч эмч нарт талархлаа илэрхийлж, Шинэ сэргэлтийн бодлогоо танилцуулав. Энэ үеэр нийслэл, орон нутаг, гадаадад ажиллаж байгаад ирсэн гурван “өөр” эмчийн сэтгэгдлийг сонирхлоо. 

 

ГУРВАН “ӨӨР” ЭМЧ

 

Арьс гоо засал, харшил судлалын эмч Б.Эрдэнэбилэг: Эмээр биш үгээр эдгээгээд гарган хэрэгтэй

 

сонин mn

-Эрүүл мэндийн салбарт 24 жил, үүнээс Улсын хоёрдугаар төв эмнэлэгт арав гаруй жил ажиллаж байна. Салбарын сайдын үгнээс эрүүл мэндийн салбарт эрс шинэчлэл, өөрчлөлт хийх гэж байна гэсэн итгэл төрлөө. Эмчийн ур чадвар, гүйцэтгэлээр санхүүжинэ гэдэг чухал. Гэхдээ тоо биш чанар чухал. Чанарыг заавал харгалзаж үзэх ёстой. Мөн ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүргэхийн нэг гол зүйл нь үг байдаг. Эмээр биш эелдэг харилцаа, сайхан үгээр эдгээгээд гаргаж болно. Ер нь эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд сургалт сурталчилгаа маш чухал. Ялангуяа, нийгмийн стрессийг бууруулахад онцгой анхаарах хэрэгтэй. Биеэ шинжлэх ухаанчаар эрүүл авч явж ирсэн уламжлалаа өвлөн түгээх ёстой.

 

Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрхний мэс тасгийн эмч С.Нямсүрэн: Төгсөлтийн дараах сургалтыг цогцоор хийх чухал

 

сонин mn

-Би Гуравдугаар төв эмнэлгийн зүрхний мэс тасагт ажилладаг. Зүрхний төв төслийн хүрээнд 2018-2020 оны хооронд Тайванийн Үндэсний их сургуулийн эмнэлэгт насанд хүрэгчдийн зүрхний мэс заслын чиглэлээр суралцаад ирсэн. Мэдээж өндөр хөгжилтэй орны бүхий л зүйл боловсронгуй байгаа. Ялангуяа төгсөлтийн дараах сургалтыг цогцоор нь хийдэг. Өөрөөр хэлбэл, эмч нар нь мөнгө төлж биш цалин авч сурдаг. Ингэхдээ тухайн эмнэлэг дээрээ байрших бүрэн боломжтой. Гуравдугаарт, профессорын системтэй. Миний энэ мэргэжлээр манай улсад нэг жил суралцдаг бол Тайванд 4-6 жил байх жишээтэй. Ийм өргөн хэмжээний мэдлэг эзэмшихийн тулд урт хугацааны сургалтыг шат дараатай явуулдаг нь хамгийн том ялгаа. Мөн ажилдаа бүрэн төвлөрөхийн тулд ар гэртээ санаа зовохгүй байх учиртай. Үүний нэг баталгаа нь цалин, нийгмийн хамгааллын асуудал.

 

Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Е.Сауле: Өлгийн эмч нарын 80 хувь нь нарийн мэргэжлийнх

 

сонин mn

Анагаахын салбарт 30 жил ажиллаж байна. Баян-Өлгий аймагт цар тахлын үед тандалтын багийг ахалж орон нутгийн хэмжээнд бэлтгэл бэлэн байдлыг хангаж ажилласан. Олон үндэстний онцлогоос шалтгаалж казах, монгол хэлээр мэдээлэл сурталчилгаагаа явуулж байлаа. Мөн Тува үндэстэнд Тува хэлний бага сургуулийн багш нараараа дамжуулж мэдээлэл хүргэсэн гээд урьдчилан сэргийлэхэд чамлахааргүй үр дүнтэй ажиллаж чадсан гэж найдаж байна. Орон нутагт хүний нөөцийн бэрхшээл бий. Бид судалгаагаа маш сайн хийсний үндсэн дээр цаг тухайн үед нь гарц шийдлийг олж цар тахлыг амжилттай давсан. Зарим үед өдөрт 2-3 цаг унтаад л босч ажиллаж байсан өдрүүд цөөнгүй. Өлгийд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын 80 хувь нь залуус, нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнүүд байдаг.

 

 

С.Уянга

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин