Т.Доржханд: Нэр дэвшигчид санал худалдан авах зорилгоор иргэдэд бэлэг сэлт тараахыг хязгаарлах ёстой
2023/04/13
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Одонтуяа асуулт асууж, хариулт авав.
-2021 оны цагаан сараар УИХ-ын гишүүн Т.Доржханд гишүүнтэй ярилцаж байсан. Тухайн үед УИХ-ын гишүүд боов тараадгаа больё гээд хэлж байв. Одоогийн хуульд бол зөвхөн сонгуулийн жилд тараах гээд орсон байдаг. Ер нь сонгогдсон цагаасаа эхлэн бэлэг тараахыг хориглох хэрэгтэй. Тэгэхээр уг хуульд үүнийг тусгасан уу?
Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Т.Доржханд: Бидний зүгээс бэлэг тараахыг хориглох хуулийн төслийг санаачилж байсан. Яг энэ агуулгаар Улс төрийн намын тухай хуулийн төсөлд орсон байгаа. Ажлын хэсэгтэй нь уулзаж саналаа өгсөн.
Сонгуулийн тухай хуульд үг үсгээрээ ороогүй. Гэхдээ оруулах шаардлагатай гэж үзэж байгаа. Тухайлбал, улс төрийн нам эвсэл, УИХ-ын гишүүнийг хориглож болдог. Гэтэл бие даан нэр дэвшигчдийн асуудал гарч ирж байна. Тэд иргэдэд бэлэг сэлт өгөөд сонгогдох юм бол Улс төрийн намын тухай хуулиар ямар нэгэн хязгаарлалт байхгүй.
Ийм болохоор уг асуудлыг бид ажлын хэсэг дээрээ ярилцаад тусгаад явна гэсэн бодолтой байна. Сонгогдсон албан тушаалтан, горилж байгаа нэр дэвшигчид санал худалдан авах зорилгоор ямар нэгэн бэлэг сэлт сонгогчдод тараахыг хязгаарлах ёстой.
ШУУД ҮЗЭХ: