С.Зоригийн амийг хөнөөсөн гэх Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон талаар өмнө нь мэдээлсэн. 

Уг асуудалтай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Нямдорж "Үнэнд гүйцэгдэнэ гэж байдаг юм. Тэр хоёр хүнийг хэлмэгдүүлсэн. Би яриагүй бол тэр хоёр хүн шоронд нас барах байсан. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарсны дараа ярьсан юм. Ядаж л ийм зүйлд хэзээ оролцох вэ гэдгээ ойлгодог байх хэрэгтэй. 

Тухайн үеийн ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, хууль хяналтын бүх байгууллагын даргатай хатуу ширүүн тэмцэл хийсэн л асуудал.

Ийм нийгэмд хүнийг ингэж хэлмэгдүүлж болохгүй. Дарангуйлал тогтчихсон байсан. Тэр дарангуйллыг нураах гэж байдаг бүхнээ тавьж тэмцсэн. Эрдэнэтийн асуудал ч ялгаагүй. Ямар ч гэмгүй хүмүүсийг аваачаад захиалгаар хүн алсан гээд шийтгэсэн. Захиалагч байхгүй. Гурван шатны шүүх ийм л байсан. Бүх зүйл ойлгомжтой байсан. Мэргэжлийн хувьд ойлгож ядаад байх юм байгаагүй. Нэг л өдрийн ажил байсан.

Тухайн ажлыг зохион байгуулсан бүх хүнийг холдуулж байж хүмүүс хөдөлсөн. Одоо над руу дайраад байгаа нь үүнээс улбаатай. Би тэр дарангуйлал гэдэг зүйлийг үзэн яддаг. 

Монголын төр энэ хоёр хүний бүх хохирлыг төлүүлэх ёстой. Миний хувьд олон ерөнхийлөгчтэй толгой дараалан муудалцаж байсан. Дарангуйлал бий болох гээд байсан учраас тэмцээд байсан юм" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Түүнчлэн тэрбээр "Консул асан Д.Мөнх-Эрдэнийг захиалга өгч шийтгүүлээгүй. Хийсэн хэргийнхээ төлөө хариуцлага хүлээсэн. Миний хувьд олон удаа доромжлуулсан. Харин ямар ч гомдол гаргаагүй. Түүнийг элдэв зүйл яриад байхад нь жил гаруй тэвчсэн. Гурван нялх хүүхэдтэй юм билээ. Тэрийг нь бодож гомдол гаргаагүй. Би хүүхдэдээ ч битгий гомдол гарга, хэрэггүй гэсэн. 

Төрийн албан хаагч хүн хэлмэгдүүлсэн бол захиалга биелүүлсэн шүүгч нар нь хариуцлага хүлээх хуультай" гэдгийг хэлсэн юм. 

Мөн "Би чинь улс төрд зоргоороо байсан хүн шүү дээ. Гэхдээ Монголд ардчилал гэдэг зүйл нутагшаасай гэж л явж байсан. Ардчилсан намыг хар даа. Ийм нам байдаг юм уу. Ардчилсан Намын асуудал бол зөвхөн та нарт хамаатай биш, Монголын асуудал шүү гэж зөндөө хэлсэн. Намаа тарамдаж дууслаа гэж саяхан хүртэл хэлсэн. Болохгүй л байна. 

Нүүрсний хэргийн тухайд ерөнхий хандлага нь зөв. Гэхдээ жинхэнэ эзэндээ бууж байна уу гэдэг нь өөр асуудал. Нэг хулгайчийг явуулаад бүр их хулгай хийдэг хүн оруулж ирвэл яах вэ. Төмөр зам барьсантай холбоотойгоор нүүрсний асуудал бий болсон" гэв.