УИХ-ын гишүүн Ш.Адьшаа хууль өргөн барих эрх зөрчигдөж буй асуудлаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр "УИХ-ын дарга Гомбожавын Занданшатараас УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж, хууль бус үйл ажиллагааг явуулж, хууль санаачлах эрхэд халдаж буй асуудлаар хэвлэл мэдээллийнхэнд хандахаас өөр аргагүй боллоо.

Парламентын засаглал гэдэг нь хууль тогтоох, эрх мэдэл, олонх, цөөнхийн үзэл бодлыг хүндэтгэж, хууль өргөн барих процессыг ялгахгүйгээр УИХ-ын санаачилсан хуулийг авч хэлэлцдэг дэгтэй.

Миний бие хууль санаачлах бүрэн эрхийн хүрээнд "Эрдэнэс Тавантолгой" компанийн иргэдээс худалдаж авсан 1,072 хувьцааг иргэн бүрд буцаан эзэмшүүлэх тухай тогтоолыг өргөн бариад УИХ-аар хэлэлцүүлж чадахгүй байна. Үүнд ямар ашиг сонирхол байгааг ойлгодоггүй.

Уг тогтоолын төслийг холбогдох хуульд заасан шаардлагыг бүрэн хангаж, гуравдугаар сарын 23-ны өдөр өргөн мэдүүлээд УИХ-ын даргад өргөн барьсан ч одоог хүртэл хэлэлцүүлэхгүй байна. Энэ нь УИХ-ын дарга өөрийн эрх хэмжээг хэтрүүлж, УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байна. 

Монгол Улсын иргэн бүр өмчтэй байх нь УИХ-ын даргад таалагддаггүй юм байна гэж ойлголоо.

Цөөнхийн төлөөлөл болсон УИХ-ын гишүүн хууль өргөн барихаар хэлэлцүүлдэггүй юм байна. Бид яах ёстой вэ. Ард түмний төлөөллийн хувьд ийм мэдээллийг нийтэд өгөх шаардлагатай гэж үзлээ" хэмээн ярив.