"Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүн шүүхэд нөлөөлсөн нөхцөл байдал үүсээгүй" гэв
2023/05/02
Хууль зүйн сайд Х.Нямбаатар "Ерөнхий сайд бид хоёрыг шүүхэд нөлөөлсөн гэх үндэслэлээр Үндсэн Хуулийн Цэцэд хандаж огцруулах санал хураалт Шүүхийн Ерөнхий Зөвлөл(ШЕЗ)-д явагдсаныг албан бус байдлаар сонссон" хэмээн өчигдөр мэдээлсэн.
Харин Шүүхийн Ерөнхий Зөвлөл Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийг огцруулах, огцруулах эсэх асуудлаар хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргах боломжгүй хэмээн мэдэгдэв.
Тус зөвлөлийн тайлбарласнаар, шүүхийн тухай хуулийн 73.2. дахь хэсэгт “Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй шийдвэр гаргасан, эсхүл Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Улсын ерөнхий прокурор, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдсан, алдагдуулсан шинжтэй үйл ажиллагаа явуулсан бол Ерөнхий зөвлөл даруй хуралдаж, Үндсэн хуулийн Цэцэд хүсэлт гаргуулах саналыг Улсын дээд шүүхэд хүргүүлнэ.
Улсын дээд шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран зургаадугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Үндсэн хуулийн Цэцэд хүсэлтээ гаргаж, шийдвэрлүүлнэ” гэж заасан байдаг.
Шүүхийн ерөнхий зөвлөл уг хуулийг зөрчсөн эсэх тухай асуудлыг хурлаараа нээлттэй хэлэлцэж, хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй гэж үзсэн гэв.