Англи хэл–хөгжлийн түлхүүр хэмээн аль 30 жилийн тэртээ би бичиж байв. Зүүн өмнөд Азийн бар улсуудын хөгжлийн хурдны нэг түлхүүр–англи хэлний туршлагаас мөн ч их мөлжсөн дөө. Харин миний бичсэн ярьсан одоо хуульчлагдаж байгаад баярлаад баршгүй.

АНУ-д 6 жил ажиллаж амьдарсан найз маань Америкаа үзэж чадахаа байчихсан, Оросоос өөр хань нөхөр хэрэггүй, АНУ хань болохгүй, харж байгаарай хэмээн маргах ба гадаад хэлний асуудлыг улс төржүүлэхэд нэлээд ойрхон явна. Хуультай хуульгүй монгол хүүхдүүд цахим ертөнцөөр (гар утас гэж нэг “гай”) дамжаад англи хэл рүү гүн орж байгаа бодит байдлыг ёстой хэн ч хорьж дийлж чадахгүй. Тэднийг бөхөд дуртай, морь шинждэг, нийтийн ба зохиолын дуу сонсдог болгож хэн ч чадахгүй, тийм хяслантай хорвоо иржээ. Яалтай билээ. Орос хэл моодноос гарсан ба харин АНУ, Баруунд украин хэл сурах моод дэлгэрсэн мэдээ үе үе цухалздаг. Энэ тухай түүх дэлгэхгүйгээр АНУ-д олон жил ажиллаж амьдарсан нийтлэлч шавийнхаа эссэг уншигчиддаа хүргэе гэж шийдлээ. – проф. Д.Баярхүү 

 

Монголд маань англи хэл тойрсон маргаан дэгдэж, твиттерээр шуугиулж байгаад ганц нэг тайлбар хэлмээр санагдав. “УИХ-ын гишүүдийн хүүхдүүд, ач нар аль сургуульд сурдаг дата цуглуулцгаая. Гишүүдээс шууд асуух сурвалжлагч байна уу?” гэсэн жиргээ явж байхыг хараад би тэсгэлгүй биччихлээ. Хүлцэн уншаарай. АНУ-д аж төрдөг монгол гэр бүлийн туршлагаасаа хуваалцаж, төгсгөлд нь байр сууриа илэрхийлнэ.

 

Зарим хүмүүс Америкад хүүхдээ сургая, боловсролд нь анхааръя, багаас нь хэл усыг нь сайжруулж унаган хэлтэй болгоё гээд дагуулж ирдэг. Сайхан ажил төрөл, карьер, бизнесээ орхиод харьд ирсэн хүмүүс зөндөө байгаа. Би харин яг эсрэгээр нь Америкад төрсөн, америкийн иргэн охиноо Монгол хүн болгох гээд эх орон руугаа явуулчихсан. Тэндээ Монгол хэлээр ярьж, монгол ахуйд, монгол хүмүүжлээр хүмүүжиж, гэрийнхээ хажууд жирийн сургалттай улсын сургуульд сурдаг.  Хамгийн гол нь Монголоор сэтгэдэг болсон. Тэр их чухал. Тун удахгүй монгол хэлээ хэзээ ч мартахгүй насан дээрээ ирэхээр Америкад ирж англи хэл сурна. Тэр цагт англи хэлийг унаган хэл шигээ сурна гэдгийг нь би ахынх нь жишээнээс хараад мэдэж байгаа. Манай Монголын бага дунд боловсрол хаа ч гологдохгүй мундаг. Их чанартай. Багш нар маань ч хүүхдийн суурь боловсролыг их сайн тавьж, сурах арга барилыг нь маш зөв суулгаж өгдөг. Тиймээс Америкад бага сургуульд сургахгүй байгаа нь харамсалтай зүйл огт биш. Би ч хүмүүст хүүхдээ бага байхад нь авчрах гээд хэрэггүй, харин ахлах сургууль эсвэл бүр дээд сургуульд ороход нь авчирвал дээр гэж зөвлөдөг. Учир нь тэд эхлээд Монгол хүн болох ёстой.  Том хүү маань 6-р ангидаа харь нутагт ирсэн.

 

Одоо хоёр хэлээрээ эн тэнцүүхэн ярьдаг, 12 настай хүүхэд цоо шинэ орчинд, шал өөр хэлээр ярьсан ч эх хэлээ мартдаггүй юм билээ. Үүний дээр бид ч эх хэлийг нь мартуулахгүй гээд орчныг нь маш сайн бүрдүүлсэн. Гэртээ зөвхөн монгол зурагт үзэж, зөвхөн монголоороо л ярьдаг. Хэл хольж ярихыг огт зөвшөөрдөггүй. Бас зориуд цаг гаргаж, Монгол айлын хүүхдүүдтэй нөхөрлүүлдэг.

 

Хүний сэтгэдэг хэл, ярьдаг хэл хоёр өөр байдаг. Хүн аль хэлээр сэтгэнэ, тэр улсын тэр үндэстний л хүн болдог. Сэтгэдэг хэл зүрхэнд хүрч, ярьдаг хэл тархинд хүрдэг. Тэрийг гадныхан илүүтэй мэддэг юм билээ.  Монголд нөхрөө дагаж, албаны ажлаар очсон нэг Хятад эмэгтэй хүүхдээ 3 нас хүртэл нь цэцэрлэгт өгөхгүй байсан. Шалтгаан нь эхлээд сэтгэдэг хэл нь тогтог, дараа нь хэдэн ч гадаад хэл сурсан хамаагүй гэсэн юм. Хүү нь унаган монгол, хятад хэлтэй болоод гэртээ харьсан байдаг. 

 

Эх орондоо нэг их том гавьяа байгуулж, хөгжил дэвшилд нь хувь нэмэр оруулж сүйд болохгүй ч ядаж л үр хүүхэддээ Монгол хэлээ өвлүүлж, Монгол хүн болгож өсгөе л гэж бодож байна. Тэр л бидний гавьяа болох байх.

 

Харин тэр УИХ дээр маргаад байгаа, нийгмийн цахим сүлжээнд сэвээд байгаа асуудлын тухайд бол англи хэл тойрч нийгэмд ийм талцал маргаан үүсгэх ямар ч шаардлага үгүй. УИХ дээр хэрэлдэж, хэдэн биенээ чичлэх хэрэггүй. Англи хэлийг хөгжил дэвшилдээ ашиглая, дэлхийн хөгжилтэй алхаа нийлүүлэхэд англи хэл хэрэгтэй гэж үзээд л боловсролын тухай хуулинд заалт оруулсан байх. Англи бол хэрэглээ, хэрэгцээ, цаг үе нь тийм юм. Цахим ертөнц, мэдээлэл, харилцаа холбоо тэр чигтээ англиар явж байгаа цагт түүнийг сураад хөгжилдөө (ядаж ажилдаа) хэрэглэдэг болъё гэж байгаа болохоос монгол хэл соёл, монгол иргэншлээ халъя гээгүй шүү дээ. Англи хэлээр Монгол тархиа цэнэглэхэд буруутахгүй.  Дахинтаа өчье. Сэтгэдэг хэл зүрхэнд хүрч, ярьдаг хэл тархинд хүрдэг юм.

 

Н.Болортуяа (Лос-Анжелес)