Сонгуулиас өмнө АН-ынхан дахиад зодолдож мэднэ гэв
2023/05/12
АН-ын дарга Л.Гантөмөрийг дүрмийн дагуу үйл ажиллагаагаа явуулахыг шаардаж тус намын "Эрх чөлөөний төв"-өөс мэдээлэл хийлээ.
Энэ үеэрээ тэд: “АН-д гурван жил явсан маргаан дууссанд маш их баяртай. Гэхдээ нэг асуудлыг ярихгүй бол болохгүй нь. АН-д “Хийморь”, “Од”, “Анчин” гэдэг ч юм уу? маш олон клуб нэртэй фракциуд үүссэн. Уг фракциудын шахалтаар АН-ын ҮБХ хуралдалгүй АН есөн дэд дарга, есөн нарийн бичгийн даргатай болох гэж байна. Энэ бол АН-ын Үндсэн дүрмийг зөрчсөн үйлдэл. Л.Гантөмөр дарга ажлаа аваад 100 хонолоо. Энэ хугацаанд фракциудтай уулзаад, дүрэм бус шийдвэр гаргах гэж байна.
Үндсэн дүрмээ биелүүлж чадахгүй, фракциудтай тохироо хийгээд явж байгаа нам Үндсэн хуулийг хэрэгжүүлж чадах уу?
АН-ын Үндсэн дүрмээр ЕНБДарга томилогдоод, ЕНБдарга нь НБДарга нараа томилох ёстой...Бүлэг фракциудаас тус бүр нэг дэд дарга, нарийн бичгийн даргатай болохоор намын даргыг шахаж буй юм билээ. Дүрмээ барихгүй бол хэрүүл зодоон гардаг. Энэ байдлаараа сонгуулиас өмнө дахиад зодоон гарахыг үгүйсгэхгүй” гэв. "Эрх чөлөөний төв"-ийг С.Эрдэнийн талд явсан И.Цэрэнбат, Х.Алтанхуяг, Б.Цэгмид, Л.Ганхөлөг нар үүсгэн байгуулжээ.
М.Чой