Үндсэн хууль болон засаглалын эргэн тойронд: Бодрол №4

Хүрээлэн буй амьтай, амьгүй байгалиа, Монгол хүмүүсээ, тэр дундаа ясан болон цусан төрлийн эр, эм садан сүлбээгээ их эрт, бас ч гэж тун сайн таниж мэдсэн байдаг талаараа Монголчууд дэлхийд дээгүүрт ордог.

Эрхэлж байсан аж ахуй нь хөхтөн амьтад, амьтдын нь амьдрал дөрвөн улиралтай цаг уураас, өвс ургамлаас хатуу хараат, ингэхлээр хүмүүсийн нь аж байдал ч гэсэн байгаль, цаг уураас ихээхэн шалтгаалдаг, мөн ясан болон цусан төрлийн хүмүүс харилцах туслалцах нь сулдаа буй болсон зан заншил, журамт үүрэг шахуу. Монголчууд нэн эртнээс ийм онцлогтой ард түмэн. Цус ойртохын сөрөг үр дагаврыг монголчууд Европын хөгжилтэй орны иргэдээс ч эрт таньж мэдсэн гэгддэг. Азарга үр төлөө гишгэдэггүй учрыг эрт таньж мэдсэнтэй нь ч энэ холбоотой байж болох ажээ. Монголчууд саарал чоныг дөрвөн нүдтэй улаан халтар нохой болгож чадсан л хүмүүс шүү дээ. Энэ бол ухаалаг үйл ажиллагааны л үр дагавар юм. Малын өвчин, эмгэг, эрэндэг, үржил, селекцийн талаарх мэдлэгээр ч гэсэн өвөг дээдсээс маань илүүрхэх угсаатан нүүдэлчдийн дунд ч байгаагүй л болов уу. Ан авын мэдлэг, ур ухаан гэхэд л өвөг дээдэс маань тасархай байсан нь эргэлзээгүй. Зөөвөрлөөд байж болдог сууц, оромж гэхэд л монгол гэртэй юуг адилтгах билээ?... Төр улс болж зохион байгуулагдах үйлсэд ч монголчууд нүүдэлчдийг хошуучилжээ. Хот улс анх суурин иргэдийн дунд үүсэж хөгжсөн хэдий ч нүүдэлчид тэднээс нэг их хоцроогүйгээр барахгүй нүүдэлчин ахуйд зохицсон өвөрмөц бүтэцтэй төрийг буй болгож чаджээ. Монголчуудын үүдэж үүсгэсэн Хүннү улс гэхэд л одоогоос 4000 шахам жилийн өмнөөс яригдах түүхтэй юм. Хэл, соёл, заншил адилхан угсаа нэгтнээ төвлөн удирдаж чадах төрийн тогтолцоог Монголчууд бүтээж, хөгжүүлж, уугуул газар нутаг, хүн ам, хэл соёлоо олон зууны туршид хамгаалж чадсан түүхийг археологийн олдворууд, домог, эртний Хятадын түүхэн сурвалжууд гэрчилсээр байна.

 

Хүннү улс, Хүннүгийн эзэнт гүрэн, шанью нараас улбаалсан нүүдэлчдийн төрийн түүх хэдийгээр Их монгол улс, Чингис хааны үе хүртэл балархай хэвээрээ байгаа боловч тэр бүх зуунуудад бидний өвөг дээдэс (Монголчууд) энэхүү уугуул газар нутаг дээрээ аж төрсөөр, түүхээ туурвисаар л байсан нь үнэн болно.

 

Тэгээд ч зөвхөн зогссон биш их төрийн гал голомтоо 1206 онд сэргээж “Их засаг” (Их Яса) нэртэй хууль эрхэмжээ ч тунхаглаж, хил залгаа улсуудад элч томилон явуулж, хэрхэн харилцахаа ч мэдээлж байжээ. “Их засаг” хууль хожим нь Евроази даяарт ч мөрдөгдөж байсан түүхтэй. Их засаг хууль нь үндсэн хуулийн ч шинжтэй заалтуудтай, иргэний болоод эрүүгийн хуулиудын ч шинжтэй заалтууд бүхий байжээ. Харамсалтай нь энэ хуулийн бичмэл эх, бүрэн эх өнөөг хүртэл олдоогүй байна. Гэхдээ цөөн бус заалтууд нь энд тэнд дурдагдсан, өгүүлэгдсэнийг судлаачид олж мэдээлсээр л байгаа болно. Ийм хууль байсан, бичмэл их байсан болох нь харин маргаангүй үнэн юм.  Энэ хууль бүрэн бүтнээрээ хаа нэгтэйгээс олох аваас Их Монгол улс, Монголын эзэнт гүрний дагаж, мөрдөж байсан үндсэн хуулийн эрэмбэ, зиндааны заалтууд, мөн эрүү, иргэний эрхийн холбогдолтой заалтуудыг үзэж, судалж болох ажээ. Нарийн ярих аваас Их засаг хууль нь анхны, бичмэл үндсэн хуулийн зэрэг, зиндаанд ч үзэгдэх, үнэлэгдэх учиртай. Европод гэхэд л үндсэн хуулийн зэрэг, зиндаанд холбогдуулан үзэж үнэлж болох анхны хуулийг Английн хаан болон газрын эздийн хооронд байгуулсан гэрээ болох “Магна Карта” хэмээдэг. Энэ хэлэлцээр, гэрээ анх 1215 онд хийгдэж, мөрдөгдөж байжээ. Их засаг хууль Магна Картаас 10 жилийн өмнө боловсрогджээ. Ингэхлээр төрийн хууль, эрхэмжийн холбоо, залгамжлал энэ үеэс эхлэн яригдаж, 1789 онд  батлагдсан АНУ-ын үндсэн хууль, 1791 онд батлагдсан Польшийн, 1793 онд батлагдсан  Францын үндсэн хуулиудын дамнан яригдах учиртай болно. Монголын эзэнт гүрний суурин дээр бүтэж буй болсон дундаж Ази, Ойрх дорнодын улсууд, Орос болон Хятадын улсуудын хууль эрхэмжид Монголын их засаг хуулийн нөлөө, оролцоо улиран үлдсэн нь ч тодорхой билээ. “Дэлхий дахины үндсэн хуулиудын түүх” нэртэй судалгааны бүтээл туурвигдах цагт энэ бүхэн дурдагдах болно. Тэр бүтээлд дэлхийн 200 гаруй улс орны үндсэн хуулиудыг боловсрогдож батлагдсан цаг хугацаа, хэмжээ, агуулга, төсөө, ялгаа мэтээр нь ангилж, бүлэглэж, хувьсал, хөгжлийг нь ч өгүүлэх бизээ. Дэлхий II дайны дараах үеийн үндсэн хуулиуд шинэ, нэн шинэ үедээ хамрагдах болов уу. Энд Япон, Филиппин, Өмнөд Солонгос, Турк, мөн Африк болон Америк тивийн олон орны үндсэн хууль яригдах учиртай. 1990 оноос хойш гарсан улс төрийн өөрчлөлтүүдийн мөрөөр мөн олон орон шинэ үндсэн хуультай болсон юм. Хүн төрөлхтний түүхэнд Монголчуудын үзүүлсэн нөлөө, оролцоо, Монгол угсаатны буй болгосон биет болон биет бус соёлын зүйлсийн талаарх судалгаа дөнгөж л эхлэлийн төдий түвшинд байгааг анхаарч цаашид өргөтгөх, эрчимжүүлэх хэрэгтэй байна. Нүүдэлчин ахуй, мал аж ахуйн үйлдвэрлэл, эрс тэс уур амьсгал, Төв Ази дахь улс төрийн нөхцөл, байдал Монголчуудаар олон олон шинэ, сонин зүйл бүтээлгэжээ. Жишээ нь адууг эдлэхтэй холбоотой тоног хэрэгслийн ихэнхийг анх Монголчууд зохион бүтээсэн байх магадлал өндөр юм. Эмээл, тохом, дөрөө, гөлөм, хазаар, ногт, амгай, жолоо, цулбуур, чөдөр, тушаа мэтсйин ихэнхийг нь анх нүүдэлчид, тэр дундаас Монголчууд зохион бүтээж, хэрэглэж эхэлсэн нь маргаангүй билээ. Археологийн олдворууд ч энэ талдаа байдаг юм.

 

Үндсэн хууль товчдуу байгаад бусад бүх хууль түүний утга санаа, үг үсгийн хүрээнд  байх нь л зөв давуу талтай байв. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах процесс төвөгтэй болохоор органик хуулиудаа л дэлгэрэнгүй, тодорхой болгох, тэдэнд нэмэлт болон өөрчлөлийг цаг тухайд нь оруулж байх нь зөв бодлого болно. Өнөөгийн практикаас харахад органик хууль, энгийн хуулиудаар зохицуулж болох харилцааг улстөржүүлж сүржигнэсээр бүр үндсэн хуульд тусгахыг оролддог үйлдэл хаа сайгүй ажиглагдах болжээ. Энэ байдал их өргөжих аваас “үндсэн хууль” гэх нэр, утга хэрэггүй болж ч мэдэхээр байна. Үндсэн хуульд тусгаж, баталж, мөрдүүлдэг хууль, эрх, ёс зүйн хэм хэмжээнүүд бүгд хэн бүхний мэддэг, сахьдаг түгээмэл журам, дэглэм, зарчим болохын цагт “үндсэн хууль” гэх ойлголт мөхөж болно л доо. Хууль л бол хууль байдаг, хэн ч сахьдаг, мөрддөг аваас хуулиудын хүчин чадал, зэрэг зиндааг ангилах, заримыг бүгдийг нь дээр тавих шаардлагагүй болж ч  болох юм. Аль ч улс орны төр болон ард түмний сахих, дээдлэх ёстой ерөнхий, түгээмэл зарчим, хэм хэмжээ, дээд хуулиудын цомог болох утгаар цаашид үндсэн хуулиуд хувьсаж, хөгжсөөр байж ч бас болох билээ. Гэхдээ үндсэн хуулийн үндсэн, түүхэнд зориулалт, ач холбогдлыг нь хадгалж, нэр хүндийг өсгөж, дээдэлж байх нь чухал хэвээрээ байгааг ойшоохгүй байж болохгүй юм. 

 

Үндсэн хуулийн хэмжээ, түвшний хуулиуд боловсруулж хэрэглэж ирсэн түүхээрээ монголчууд дэлхийд дээгүүрт орох ард түмэн. Өргөн уудам нутаг дэвсгэр дээрх Ар, Өвөр, Баруун, Зүүн гэгдэх том том хэсэг хоорондоо зөвшилцөн цааз бичиг зохион баталж, хэрэглэж байсан удаа цөөнгүй. Зөвхөн XX зуунд гэхэд л Манж, Хятадаас салж хаант улс болохдоо хууль цаазаа богино хугацаанд шинэчилж чадаж байв. 1911-1918 оны хооронд Монгол улсын хууль зүйлийн бичгийн 65 дэвтрээс бүрэлдэх эмхэтгэлийг боловсруулж хэрэглэж байлаа. Хожуухан Богд хаантай байгуулсан Тангаргийн гэрээ, 1924, 1940, 1960 оны үндсэн хуулиуд ч цаг цагтаа үүргээ биелүүлж чадсан юм. Үндсэн хуулийн эрх, ер хууль эрхийн түгээмэл гэхээр гол чухал зүйлүүд тэдгээрт тусаж, нийгмийн практикт хэрэгжсээр байжээ. Жишээ нь 1960 оны үндсэн хууль бол нэг нам, нэг өмч, ганц үзэл суртлын нөхцөлд нийцүүлэн зохиомжилсон л болохоос биш хэлбэрийн хувьд “Үндсэн хуульт бүгд найрамдах улсын төрийн тогтолцоог” бүтээх баримт бичиг мөн байв.

 

1989, 1990, 1991 оны улс төрийн тэмцлийн явцад буй болсон олон нам, олон ургальч үзэл, улсын ерөнхийлөгчийн алба, Улсын Бага Хурал, ардчиллын төлөө хөдөлгөөн зэрэг нь 1992 оны үндсэн хуулийн хууль эрхийн нэгэн эх сурвалж болсон ба өмнөх түүхэн уламжлал ч мөн эх сурвалжийн нөгөө нэг тал болон ашиглагджээ.

 

Засаглах эрх мэдлийг хуваах, тэдгээрийг харилцан тэнцвэржүүлэх, хуулиар хязгаарлах, үндсэн хуулийн шүүх, захиргааны хэргийн шүүх байгуулах, төрийн өндөрлөгүүдийн үйл ажиллагаанд иргэний нийгмийн зүгээс тавих хяналгыг хүчтэй болгох талаарх олон улсын орчин үеийн практик ололтыг гуравдахь эх сурвалж болгож мөн ашигласан болно.

Улс орон нэг бүрийн үндэсний онцлогийг хэн ч болов ойлгож, тооцож хандах учиртай. Хэмжээгүй эрх бүхий хаантай атлаа ард иргэд нь элбэг хангалуун, аюулгүй, эрүүл сайхан амьдарч байгаа улс бий. Хууль тогтоодог парламентгүй атлаа хатуу чанд хуулиудтай улс орон бас бий. Парламентгүй орон дэлхийд ес байна. Манайхаар бол тэнд УИХ-ын гишүүн нэг ч байхгүй. Гэтэл Монголд 76 гишүүн цөөдөөд байдаг...

 

Энэ есөн орны зарим нэг нь хүн амын тоогоороо Монголоос бага, ихэнх нь Монголоос олон дахин том, зарим нь парламентыг бүр хуулиар хориглосон юм. Найман улсаас бүрддэг Арабын нэгдсэн Эмир, Саудын Араб, Оман, Бруней, Катар, Ватикан, Лесето, Гвиана, Гваделуп төлөөллийн байгууллагын чанар болон ач холбогдол эргэлздэг, өнөөдөр ч гэсэн парламентыг хэрэгсдэггүй янзаараа.

 

76 хулгайг, авилгачтай байхыг тэд яав ч тэвчихгүй байх л даа. Монголын парламент олон алдаа гаргасан, хариуцлага ер хүлээгээгүй. Гаалийн татварыг тэглэж үндэсний үйлдвэрлээ сүйрүүлсэн, устгасан, Оюу толгойн гэрээг уншаа ч үгүй, ойлгоо ч үгүй баталсан, үндсэн хуулиа өөх ч биш булчирхай ч биш болгосон, мөнгө санхүүгийн системийг эдийн засгийн алуурчид болгож хувиргасан, лоббид автаж өршөөлийн хууль баталж нууцалсан гээд л тоочоод байвал манай УИХ (компаний захирлууд, хүү, охидын нь цуглаан гэгдэхээр)-ын тарьсан балаг тун ч их шүү дээ. Парламент (дарга нь, гишүүд нь, нам нь) хариуцлагын гадна байгаа нь Монголын эмгэнэл юм даа! Энэнийг тооцож л үндсэн хуулиа өөрчлөх нь чухал байна. Намуудын тухай хуульд ч энэ байдлыг сайтар тооцох хэрэгтэй.  

 

 

Судлаач, профессор Д.Чулуунжав