Д.Амарбаясгалан: Долдугаар сарын 1-нээс есөн аймаг руу онгоцоор зорчих тасалбарын үнэ 50-70 хувь хямдарна
2023/05/24
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Энэ үеэр "Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцсэн талаар Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалан танилцуулав.
Тэрбээр "Агаарын тээврийн үнэ тарифыг буулгах ажил чухал байна. Өнөөдрийн хуралдаанаар "МИАТ ТӨХК-ийн орон нутгийн чиглэлд нислэг үйлдүүлэх талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцлээ. Үүнтэй холбогдуулан энэ оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн агаарын тээвэр зорчдог есөн аймгийн тасалбарын үнэ 50-70 хувь хямдарна.
Өнөөдрийн байдлаар Баян-Өлгий аймаг руу нисэх хоёр талын тасалбарын үнэ 1,650,000 төгрөг байгаа. Бидний оруулж ирж байгаа саналаар хоёр талын нислэгийн үнэ нийлээд 800,000 төгрөгөөс ихгүй байхаар шийдэгдсэн гэсэн үг.
Мөн Ховд болон Увс аймаг руу нисэх хоёр талын тасалбарын үнэ 1,600,000 төгрөг байсныг 600,000-650,000 төгрөгөөр зорчих боломжтой болгож байна" хэмээв.
ВИДЕО:
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар:
- Монгол Улсын 2023 оны эдийн засгийн байдал 7,6 хувиар өссөн гэсэн мэдээллийг хүргэж байсан бол ҮСХ-ноос мэдээлснээр 7,9 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Гадаад валютын нөөц 3,8 тэрбум доллар буюу тогтвортой, өсөлттэй дүнтэй байна. Эдийн засаг өсөж цар тахлын өмнөх үеийн нөхцөл байдалд гурван салбараас бусад нь хүрээд байна.
Тодруулбал уул уурхай, тээвэр, барилгын салбарт хараахан хүрээгүй байна. Эдийн засаг 7,9 өсөлттэй байгаа ч өвөлжилт амаргүй, малын зүй бус хорогдол их, шинэ төлийн тоо бага байгаагаас шалтгаалж Хөдөө аж ахуйн салбар уналттай байна.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжиж байгаа 15 төслийг эрчимжүүлэх, хэрэгжилтийг хангахыг Засгийн газраас үүрэг болголоо.