С.Одонтуяа: БНСУ-д хүчингийн хэрэг үйлдсэн Л.Мөнхбат Монгол Улсын нэр хүндийг гутаалаа, Монголын соёлыг сурталчлах бус хүчин хийж сурталчилж байгаа юм уу
2023/06/09
УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа түлшнээс болж угаартаж нас барсан, хордсон иргэдийн асуудал мөн улсынхаа нэр хүндийг гутааж эмэгтэй хүнд хүндэтгэлгүй хандсан хэргийн тухай асуудлаар мэдээлэл өглөө.
УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа “Тавдугаар сарын 31-ны шөнө 25 хүн угаартаж, найман хүн нас барсан мэдээлэл хэвлэл мэдээллээр явж байгаа. Энэ мэдээллийг бид "Өдрийн сонин"-д ярилцлага өгсөн НЭМҮТ-ийн Номинтуул мэргэжилтний ярилцлагаас авсан.
Хачирхалтай нь ийм хэрэг гарчхаад байхад өнөөдөр иргэд албан ёсны газруудаас мэдээлэл авах боломж алга. Бүх газар ярилцлага өгөхөөс татгалзаж байна. Би УИХ-ын Дэд даргын хувьд мэдээлэл авах гээд мэдээлэл олдохгүй байна. Буруу мэдээлэл өгч байна. Нас барсан найман хүнээс гурав нь бага насны хүүхэд байсан гэх мэдээлэл явж байгаа.
Иймд холбогдох байгууллагуудыг ард түмнийхээ өмнө гарч ирээд үнэн зөв мэдээлэл өгөөч гэж хүсэлт гаргаж байна. Шахмал түлшний асуудал иргэдийн дунд бухимдал түрүүлж байна. Он гарснаас хойш 1,739 хүн угаартаж, 46 хүн нас барсан байна. МАН-аас нэг ч хүн энэ асуудлаар дугарахгүй байгаа” гэв.
УИХ-ын Дэд дарга С.Одонтуяа “Сэлэнгэ аймгийн Мандал сумын орлогч дарга Мөнхбат гэх этгээдийн үйлдсэн бузар гэмт хэрэг олон улсад Монгол Улсын нэр хүндийг гутааж байна. Монголын соёлыг сурталчилна гэж ийм муухай хүчингийн хэрэг хийдгээ сурталчлах гэж байгаа юм уу. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо болон хувиасаа энэ байдлыг орхихгүй. Цаашид энэ зүйлийн төлөө тэмцэхгүй бол хэн дуртай дарга нь хүчингийн хэрэг хийж байдаг, хэн дуртай дарга нь Монгол Улсын нэр хүндийг гутааж байдаг асуудлыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Хүний эрхийн хуульч Р.Булгамаа "Монголын төр төрийн албан хаагчдадаа, МАН гишүүддээ жендэрийн тэгш байдлын ойлголт суулгадаггүй. Хүний эрх эрх чөлөө, үнэ цэнийн талаар ёс зүйн талаар шаардлага тавьдаггүй байдал нь ийм хавтгайрсан хүчирхийллийн шинжтэй үйлдлүүдийг өдөөж байна. Эмэгтэйчүүд бид гэмт хэрэгт холбогдсон этгээдэд болон түүнийг илгээсэн байгууллагад ёс зүйн болон хуулийн хариуцлага хүлээлгэхийг МАН, эрх баригчдаас шаардаж байна. Монгол Улсын Эрүүгийн хуулиас 2017 онд санаатайгаар хассан "Бэлгийн дарамт учруулах" гэсэн заалтыг сэргээн хуульчлахыг эмэгтэйчүүд бид шаардаж байна. Эх орондоо хүчирхийлэлд өртөж байгаа хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгохыг эрх баригчид хууль тогтоогчдоос шаардаж байна" гэв.
Зочин · 2023/06/09
Пөөөх ОДОНТУЯА гишүүн та өчнөөн нялх хүүхдүүд хүчиндүүлж амь насаараа хохирч,өчнөөн нялх хүүхдүүд хойд эцэгтээ зодуулж тарчилж байхад нэг ч дуугараагүй шүү