Нарантуул зах дээр хөл гишгэх зай алга. Гэхдээ энэ бол онцгой өдөр огт биш. Жирийн л нэг ажлын өдөр санж. Харин худалдаа эрхлэгчид үүрийн гэгээтэй уралдаж очоод үдшийн бүрийгээр “хаалгаа” хаана. Амьдралын ийм нэг эгэл хэмнэлд 20 гаруй жилийг өнгөрүүлж буй Ч.Үүрцайхтай уулзсан нь учиртай.

Түүний бизнес хамгийн содон нь. Зарим өдөр худалдаачид орлого тааруу, үйлчлүүлэгч цөөн өнждөг бол Ч.Үүрцайхын бизнес хамгийн эрэлттэй нь.

 

Таарсан хүн бүхэн “юм”-аа эмхлэх, хагарч эвдрэхээс хамгаалахын тулд алхам тутамдаа цаасан хайрцаг худалдаж авдаг аж. Мөн дэлгүүр хоршоо, худалдааны төв гээд нийслэл, 21 аймгийнхан тэдний бөөний төвөөр тасрахгүй. Үүгээр зогсохгүй утсаар захиалга авч хүргэлтийн үйлчилгээ ч үзүүлдэг юм байна.

 

Эрэлт, ачаалал их учраас Ч.Үүрцайхын хувьд 24 цаг, ажлын долоон өдөр цаасан хайрцагны дунд өнгөрөх өдөр хоногууд бишгүй их. Түүнтэй ярилцахаар очих үед ч үйлчлүүлэгч тасрахгүй, гар утас нь чөлөө завгүй байв. Амсхийх зав гарвал хайрцагнуудаа цэмцийтэл өрж, хураана. Дэргэд нь хэсэг ажиглавал  200 ширхэг хайрцагийг шалмаг гэгч нь машин дээр ачаад, хаягийг нь өгөөд явууллаа. Ээлжит хүргэлт гарч байгаа нь энэ аж.

 

сонин mn

Ч.Үүрцайх цаасан хайрцагны бизнесийнхээ талаар “Анх манай ах Ч.Эрдэнэхүү санаачилсан. Тэгээд аав, ээж, хоёр ахын хамт гэр бүлийн бизнес болгоод нэг л мэдэхэд 21 жил болсон байна. Энэ хугацаанд хэр их цаасан хайрцаг эргэлдүүлснийг тооцох аргагүй. Нэлээн их тоо гарах байх. “Нарантуул” олон улсын худалдааны төв 2001 онд ашиглалтад орж байлаа. Тэр үед цаасан хайрцаг борлуулдаг олон хүн байсан ч цагийн аясаар шигшигдээд цөөрсөн. Одоо Ч.Эрдэнэхүү ах болон бэр эгчийн хамт ажилладаг. Би арван жилээ төгсөөд гааль татвар, нягтлан бодох чиглэлээр их сургууль төгсч мэргэжил эзэмшсэн. Арван жилийн сурагч, оюутан байхаасаа л хичээлийн хажуугаар гэрийнхэндээ туслаж цаасан хайрцаг борлуулдаг байсан. Уг нь их сургууль төгсөх үед Замын-Үүдийн гаалиас хоёр сая төгрөгийн цалинтай ажлын санал ирсэн л дээ. Тухайн үед гэр бүлтэй болчихсон байсан учраас гэр бүлийнхээ харилцааг авч үлдэхийн тулд татгалзсан. Хотод нягтлан бодогчоор ажиллая гэтэл цалин 250-400 мянган төгрөг байсан учраас буцаад цаасан хайрцагны бизнесээ эрхэлсэн. Одоо бол харамсдаггүй ээ. Эндээс өөрийн бүх хэрэгцээгээ хангаж байна. Мөн энэ ажилдаа үнэхээр дуртай” гэлээ.

 

 

Өнгөрсөн хугацаанд MCS, APU, Газар шим, TESO гээд Монголын бүх л үйлдвэрлэгч компаниудтай гэрээтэй ажиллаж иржээ. Тэдний хайрцагнуудыг аваад, буцаагаад орон нутаг руу ачуулдаг. Мөн фэйсбүүк дээр “Цаасан хайрцаг авна, зарна” групп ажиллуулж хүргэлтээр үйлчилдэг. Эднийх 500 төгрөгөөр авсан хайрцгаа 1000 төгрөгөөр, 200 төгрөгөөр авсан бол 500 болгож зардаг гэнэ.

 

Харин ижил төрлийн бизнес буюу цаасан хайрцаг үйлдвэрлэгч компаниуд хамгийн бага хэмжээтэй хайрцгийг доод тал нь 2500 төгрөгөөр борлуулдаг. Үүнтэй харьцуулахад Ч.Үүрцайх 5-7 дахин хямдаар худалдаалж байгаа юм. Хэдийгээр цаасан хайрцаг зараад амьжиргаагаа таслахгүй авч явж байгаа ч эрүүл мэндээрээ хохирох эрсдэл бий. Улирлын онцлогоос шалтгаалаад өвөл, хавар хамгийн хэцүү. Өглөөнөөс орой хүртэл халуунд халж, хүйтэн цементэн дээр хайрагдаж, салхи шороотой орчинд халуун хоол, цайгүй өнжих нь ч элбэг. Мөн тэр бүр гэрийхэндээ, хүүхдүүддээ цаг гаргах боломж хомс. Нарантуул зах амардаг өдөр хүргэлтийн ажлаа хийнэ. Тиймээс захын амьдралаа өөрөөрөө л дуусгая, хүүхдүүдээ боловсролтой хүн болгож өөр мэргэжлээр ажиллуулна гэж бодож түүнийхээ төлөө зорьж мөрөөдөж байна.

 

 

Тэрбээр “Өөр хүн ажиллуулаад, хүчээр л амрахгүй бол амралт гарна гэдэг тун ховор. Харин гэрийнхэн минь үнэхээр ойлгож дэмжиж өгдөг. Би гурван хүүхэдтэй. Манай хүүхдүүд одоо 18, 15, 9 настай. Манай том хүү хичээлийнхээ хажуугаар ээждээ туслаад л гүйдэг. Гурван хүүхдээ дээд боловсролтой хүн болгохыг зорьдог учраас энэ бизнесээр явуулахыг огт боддоггүй. Өөрийн чадах хүртэл хийгээд захын амьдралыг өөрөөрөө дуусгана даа” гэлээ. 

 

 

Биднийг ийн ярилцах хооронд түүний утас чөлөө завгүй дуугарна. Архангай аймагт 500 хайрцаг, Төв аймагт 150 хайрцаг гээд захиалгууд ар араасаа орж ирж байна. Мөн захын худалдан авагчид хоёр, гурван ширхэгээр тасралтгүй авч явна. Цаасан хайрцагийг дээшээ харсан сав гэж бэлгэшээж ирсэн түүний бизнес өдөр өдөрт өргөжин тэлсээр байна. 

 

 

Г.АНУЖИН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин