“БАЯЛАГТАA ЭЗЭН БАЙЯ” ГЭСЭН СУРТАЛ УХУУЛГА УЛСТӨРЧДИЙГ ОЛОН ЖИЛ ТЭЖЭЭЛЭЭ-

-Францын “Орона” групптэй Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагчийн хувиар ярилцлагаа эхэлье. Уран гэдэг асуудал бидэнд шинэ ойлголт биш. 1997 оноос хайгуулын ажлыг эхлүүлсэн гэж тооцвол шүү дээ. Харин Францын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үр дүнд “Гуравдагч хөрш”-ийн оролцоотой стратегийн бас нэгэн төслийг явуулахаар бэлтгэл ажлыг хангаж албан ёсоор эхэлсэн нь уран. Үндсэндээ нүүрс, зэсийн экспортоос хамааралтай уул уурхайн салбарт уран гэсэн нэн шинэ тоглогч, зах зээл бий болох нь. Гэхдээ л уран тойрсон шар нунтаг, хаягдлаас үүдсэн хор уршгийн нөлөө, хоёр толгойтой тугал гэсэн айдсын менежмент бүхий “танил технологи” зэрэгцээд явж байна?

-Дэлхийн олон орон уран олборлож u3o8 бүтээгдэхийг гаргадаг. Уг бүтээгдэхүүнээ цөмийн түлш үйлдвэрлэдэг улс, оронд нийлүүлдэг. Цөмийн түлш үйлдвэрлэдэг улс дэлхийд ердөө таваас зургаа байдаг бөгөөд u3o8 бүтээгдэхүүнийг дахин дөрвөн шат дамжлагаар үйлдвэрлэдэг. Тэрийг атомын цахилгаан станцанд ашиглана. Тэндээс гарсан хаягдлыг тухайн станцын эзэн орнууд өөрсдөө устгаж, зайлуулах дүрэмтэй. u3o8 гэдэг бүтээгдэхүүн нь ямар нэгэн байдлаар байгаль орчинд хор хохирол учруулсан тохиолдол байхгүйг эрдэмтэд хэлдэг. Саяхан Казахстан яваад ирлээ. Уг нь ураны хайгуулын тухайд Монгол Улстай гараанаас хамт гарсан орон шүү дээ.

-1997 оноос эхтэй байдаг бил үү?

-“Бадрах Энержи” компани 1997 онд байгуулагдсан. Тэгэхэд Казахстан бидний адил ураны салбартаа ОХУ, Хятад, Франц, Канадаас хөрөнгө оруулагчдыг татаж эхэлсэн түүхтэй. Тогтвортой олборлолтыг 2005, 2006 оноос эхлүүлсэн. Үүнээс хойш 18 жилийн хугацаанд уран олборлолтоор тэргүүлэгч улс нь Казахстан болсон байна. Эдийн засгийн үзүүлэлтээр Монгол Улсаас 100 байрын урд явдаг улс. НҮБ-д бүртгэлтэй 193 орноос Монгол Улс эдийн засгийн чадавхиараа 140-д, Казахстан 43 дугаар байрт яваа. Монгол Улсын ДНБ-ний нэг хүнд ногдох орлого нь ойролцоогоор 5000 гаруй ам.доллар бол тэднийх 11 мянга орчим буюу нэг дахин илүү. 

Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд бидний алдсан боломж нь дотоод улс төрийг хагалан бутаргах, магадгүй энэ салбарт өрсөлдөгч биш байх, хөлсний, шантаажны “бүлэг” этгээдүүдээр суртал ухуулга явуулгаар ийм байдалд хүрсэн. Орон байр шантаажилдаг, гаднын иргэдээс мөнгө төгрөг авсан асуудлууд хуулийн байгууллагаар шалгагдаж байгаа. Цаашид ураны салбарт шинээр хөрөнгө оруулагчдыг оруулах, тогтвортой олборлолтыг хийж эхэлснээр Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдалд томоохон тус дэм, нэмэр болно. 

Жишээ нь, 1997 оноос хойш Монгол Улсыг тэвчээртэй хүлээж байгаа Францын тал гэхэд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүний нэг. Тэр утгаараа Монгол Улсын үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдалд томоохон дэмжлэг болох “Гуравдагч хөрш”-ийн хөрөнгө оруулалт орж ирнэ.

Сүүлийн 100-гаад жилд “Гуравдагч хөрш”-ийн хөрөнгө оруулалтыг Монгол Улс хүсэн хүлээж ирлээ. 1920-ээд эхэн үеэр Коминтернийн бодлогоор гаднын пүүс, компаниудыг хөөж гаргаснаас хойш манайд “Гуравдагч хөрш”-ийн хөрөнгө оруулалт орж ирээгүй. Оюу Толгойг эс тооцвол. Тэгэхээр энэхүү ураны төслийн нэгдүгээр агуулга нь эдийн засгийн аюулгүй байдал, түүнийг солонгоруулах, төрөлжүүлэх ач холбогдолтой. Хамгийн том нь дотоодын аж ахуйн нэгж, боловсон хүчнийг энэ салбарт бэлтгэнэ. Монгол Улс бусадтай эн тэнцэхүйц өрсөлдөх суурийг тавина. 

Өчигдөрхөн Казахстаны Алматы мужийн Жамбыл хотод олон нийтийн сонсгол явуулсан байна лээ. Агуулга нь атомын цахилгаан станц барих асуудлаар. Бидэнтэй нэг гараанаас эхэлсэн улс өнөөдөр уран олборлолтоор дэлхийд тэргүүлээд зогсохгүй атомын цахилгаан станц барих гэж буйгаа зарлалаа. Хүн төрлөхтний мөнхийн хэрэглээ нь эрчим хүч. НҮБ-ын гишүүн орнуудын тавьсан хамгийн том зорилго нь хүлэмжийн хийг багасгах, нүүрсний цахилгаан станцуудыг хориглох, хязгаарлах. Тэрхүү хөгжилтэй алхаа нийлүүлэх үү? эсвэл лаа, чүдэнз бариад явах уу? гэсэн сонголттой нүүр тулж байна. Эх орондоо хайргүй, эсрэгээрээ худалдагддаг мөртлөө “Баялагтаa эзэн байя” гэсэн суртал ухуулга улстөрчдийг олон жил тэжээлээ.

-Цаг хугацааны давхцал нь ингэж таарсан уу? хэлж мэдэхгүй. Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн “Баялагтай эзэн байя” гэсэн агуулгатай уулзалт орон нутагт хийгээд эхэллээ. Та анзаарсан л байх?

-Тэр хүн чинь 2008 оноос хойш л Гашуунсухайтын төмөр замыг гацааж, 80 их наяд төгрөгийн хохирол учруулаад байгаа. Энэ асуудлаар өмнө нь ярьж байсан шүү дээ. Яагаад энэ хүний маш олон хэргийг шийдэхгүй байгаа юм. Жишээ нь, үйлдэл нэгтэй Т.Бадамжунайгийн хэргийг нь салгаад шүүх рүү явууллаа. Яагаад Х.Баттулгын үйлдлийг явуулахгүй байгаа юм гэдэг асуултыг асуумаар байна. Тийм эх орондоо хайртай хулгайч гэж байхгүй. Ард түмнээ хорлодог хулгайч гэж байна. Энэ нөхрийн гацаасан мухар төмөр замын балгийг арилгах гээд Хятадын талтай зунжингаа хэлэлцээрийн ширээний ард сууж байна.

Энэ алдартай мухар төмөр замыг холбосноор нүүрсний бодит экспортын хэмжээг нэгээс хоёр дахин нэмэх боломж бидэнд гарч ирнэ. Ард түмнийг олон жил хуурч ирсэн мэх нь энэ удаад явахааргүй харагдаж байна лээ. Нэг гараараа тэтгэвэр, цалин хөлс нэм, дэд бүтэц барь гэдэг. Нөгөө гараараа баялгаа хайрлаж, хамгаалж, хадгална. Бидний баялагт гаднынхан эзэн сууна, танк орж ирнэ гэдэг мунхаглалаас монголчууд сэрж, ангижрах цаг нь болсон шүү. Хууль, шүүх бүх хүнд адил тэгш үйлчлэх ёстой.

-Ураны салбарт хөрөнгө оруулагч орж ирэх нь Монгол Улсын үндэсний болон эдийн засгийн аюулгүй байдалд нэмэр болно гэдэгтэй санал нийлнэ. Гэхдээ Казахстаны өнөөгийн амжилт, чадамж нь 18 жилээр хэмжигдэнэ байна. Өөрөөр хэлбэл, энэ төслийг явуулахад багагүй хугацаа шаардлагатай байх нь?

-1997, 1998 оноос эхэлж хайгуулын тусгай зөвшөөрөл өгсөн байгаа юм. Тусгай зөвшөөрөлтэй Канад, Франц, ОХУ, БНХАУ-ын аж ахуйн нэгжүүд дор хаяж 6-7 жил хайгуулж хийж, ТЭЗҮ-ээ гаргаж, үйлдвэрээ барих замаар олборлолтоо эхлүүлсэн. Түрүүн хэлсэн шиг тогтвортой олборлолт нь 2005 оноос эхэлсэн. 2008 оноос уран олборлолтын салбарт нэгдүгээрт орж ирсэн. 

-Тогтвортой олборлолт явуулах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах нь нэн тэргүүний чухал ажил юм байна?

-Ураны олборлолт явуулдаг аж ахуйн нэгжүүд тухайн эзэн улсдаа хоёр загвараар ерөнхийдөө гэрээ байгуулдаг юм байна. Нэг нь миний очиж үзсэн Казахстаны загвар буюу 51, 49 гэсэн харьцаатайгаар эзэмшдэг. 49 хувь нь зээлээр хөрөнгө оруулна. Канад, Австралийн загвар нь зөвхөн өсөн нэмэгдэх татвар ногдуулдаг. Гарч буй бүтээгдэхүүн болгоноос татвар авна гэсэн үг. Засгийн газрын хуралдаанд энэхүү хоёр загварыг танилцуулж, чиглэл авах гэсэн ч нэлээд шахуу болсон учраас амжсангүй. Ирэх долоо хоногийн хуралдаанд дахин оруулна. Ажлын хэсгийн ахлагч болохоор яг энэ чиглэлээр хоббитой болж байна. Урантай холбоотой асуудлыг мэдээллийн бүх сувгаас авч байна. 

Уран олборлолтын салбарын нэг онцлог байна. Тэр нь дотоодын аж ахуйн нэгжийг үйлдвэрлэлийн бүхий л процесст туслан гүйцэтгэгчээр авч, ажиллуулах бүрэн боломжтой. Хоёрдугаарт, ямар нэгэн байдлаар уурхайн ам нээж ухдаггүй. Зөвхөн өрөм тавьж, түүгээр дамжсан цооногоор уусмалтай бодис шахаж, буцаад хөвүүлж авдаг. Үйлдвэрийн шугамаар дахин тунгаагаад шар нунтагийг гаргаж авна. Хэрэглэсэн усаа дахиж шахдаг юм билээ. Тэнд дотоодын замын компаниуд зам барих боломжтой. Эрчим хүчнийх нь шугам, сүлжээгээ татна. Сантехникийн угсралтууд хийнэ. Өрмийн компаниуд туслан гүйцэтгэгчээр ажиллана. “Орона” 36 өрөмтэй гэхэд 10 хүрэхгүй нь өөрийнх нь, бусад нь Казахстаны хувийн аж ахуйн нэгжийнх байх жишээтэй. 

Уг нь өрөмдлөгийн салбарт нэг хэсэг өндийж байсан үе бий. Алдарт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тусгай зөвшөөрөл хориглох шийдвэр гаргахаас өмнө. Иймэрхүү популизм, мунхаглал нь нэг цагт очоод зогсох ёстой. Эрдэс баялгийн салбар, түүнийхээ авдрыг өсгөн нэмэгдүүлэх, арвижуулахын эсрэг шийдвэр гаргадаг, ард түмний тархийг угаадаг, хууран мэхэлдэг худалч, хулгайчууд одоо тэтгэвэрт суумаар байна. Энэ алдаатай шийдвэрээс болж эрдэс баялгийн салбарт доголдол үүссэн. Удахгүй манай улсын алтны үндсэн ордын нөөц дуусна. Жилдээ тэрбумаас давсан ам.долларын алт цуглуулж, валютын нөөцөө нэмэгдүүлдэг. Гэтэл энэ цаг хугацаанаас үүдэж эрдэс, металлын хайгуулын ажил төлөвлөгөө тасалдсан. Энэ бүх хугацааны жонхууг хутгалцсан манай нөхдүүд, шинээр улс төрийн дүр зохиож гарч ирдэг, өмнөх мэхээ давтдагаа одоо болих хэрэгтэй. 

-Нийгмийг талцуулж, хагаралдуулдаг. Улс орноо хохироодог “эх орончид”-той тэмцэх, тэдний үйлдлийг таслан зогсоох, хуулийн хариуцлага хүлээлгэх эрх, үүрэг нь Танд, Танай Засгийн газарт уг нь хангалттай бий?

-Уг нь Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг санаачилж, боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар оруулаад УИХ-д өргөн барьсан байгаа. 2019 оны арваннэгдүгээр сарын 15-нд баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлсэн шинэчилсэн найруулгын төсөл. УИХ дээр олон хууль гацаанд орсныг Та мэдэж л байгаа байх. Хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулсан 15-16 хуулийн төсөл хүлээлгэд байна. Иргэдийн шахаж шаарддаг Төрийн өмчит компаниудыг либералчлах, түгжрэлийн үед торгуулиа төлдөггүй яваа хүмүүсийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуульд оруулсан санхүүгийн хуйвалдааны эсрэг, шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх гэх мэт. 

 -814 САЯ АМ.ДОЛЛАРЫН БУСАД ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ АВАХ ЭРХЭЭСЭЭ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ТАЛ ТАТГАЛЗЛАА-

-Уранаас гадна Оюу Толгой төслийн Хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх ажлын хэсгийн ахлагч нь Та. Гүний уурхайг ашиглалтад оруулсан нь сайн ч санал нэгдэж, нийлэхгүй зарим асуудал хөшигний ард яваад байх шиг байна?

-2021 оны арванхоёрдугаар сард УИХ-ын 92 дугаар тогтоол гэж гарсан. Дараа нь 103 дугаар тогтоол гарч, түүнийг хэрэгжүүлэх Ажлын хэсгийг байгуулсан. Оюу Толгой төслийн эдийн засгийн агуулга мэдээж том. 2021 онд борлуулалтын хэмжээ нь 2.2 тэрбум ам.доллар байсан. Одоо гаргаж өгсөн мэдээллээр 2025, 2026 он гэхэд 6.6 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэх юм билээ. Өсөн нэмэгдэх ханшийг нь тооцохгүйгээр шүү.

-Гурав дахин өсөх нь?

-2028 оны төгсгөл 2029 онд 8.8 бараг есөн тэрбум ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл. Төслийг хэрэгжүүлэхэд анх байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрийг сайжруулах чиглэлээр Монголын үе үеийн Засгийн газар ажиллаж ирсэн. У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед татварын акт анх тавьж, Хөрөнгө оруулагч талтай хэлэлцээр хийх барьцтай болсон. Монгол Улсын төсөвт нэг их наяд, 24 тэрбум төгрөгийн орлого урьдчилсан байдлаар орж ирсэн. 

-Урьдчилсан байдлаар орж ирсэн тэр мөнгийг “Ковид”-ын үеэр иргэн бүрд 300 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх замаар тараачихсан...?

-103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөрөнгө оруулагч талтай зургаан үндсэн асуудлыг хэлэлцэж байна. Үүнээс тавд нь ойлголцолд хүрсэн. Зураа дахь нь татварынх. Дотроо 12 зүйл заалттайгаас ес дээр нь айлын тал буулт хийсэн. Гурав дээр нь буулт хийгээгүй. Нэмээд Хөрөнгө оруулалтын гэрээгээр хөнгөлөлт эдлэхээр байсан 814 сая ам.доллараас татгалзсан. Хэлэлцээр хийж байгаа Ажлын хэсгийг ахалж буй хүний хувьд айлын талтай илүү тохиролцоонд хүрэх сонирхол бол байна. Аливаа том төсөл, хөтөлбөр оролцогч хоёр талдаа аль, алиндаа хожилтой байх ёстой. 

Монгол Улсын эдийн засгийн бараг 50 хувьтай дүйх энэ том төсөл илүү манайд үр өгөөжтэй болох ёстой. Хөрөнгө оруулалтын гэрээгээр тодорхой хугацааны дараа давуу эрхийн хувьцааг шилжүүлж авах гэсэн олон нөхцөл бий. Товчхон хэлэхэд ийм байна. Одоо бол илүү ухаан зарах хугацаа ирж байна. Ирээд, үдлээд буцах гэж байгаа хүмүүст хандаж хэлээд байгаа юм. Жилээс жилд бидний хэрэглээ нэмэгдэж байна. Тэтгэвэр, цалинг сая нэмлээ.

Оюу Толгойгоос гадна бусад эрдэс баялгийн орлого болон 30 орчим сая тн нүүрс зараад хэрэглээ нь хүрэлцдэг байсан бол 50 гаруй сая тн-ыг зарахаас нааш түүнийгээ дийлэхгүй. Ирэх жил дахиад нэмэгдэнэ. Олох тухай нэг ч ярьддаггүй. Зөвхөн үрэх тухай ярьдаг сэтгэлгээнээс улстөрчид бага ч атугай ангижирмаар байна. Мэдээж нийгмийн ач холбогдолтой төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх ёстой юу тийм. Дэд бүтцийн төслийг санхүүжүүлэх ёстой. Гэхдээ өөрийн улс орны язгуур эрх ашиг, өрийн дарамтаас гарах, хуримтлал үүсгэх, валютын урсгалыг нэмэгдүүлэх чиглэл рүү тодорхой фокуслаж ажиллах ёстой. Тэтгэвэр, цалингийн нэмэгдлийг хүн болгонд хүртээмжтэй боллоо гэж байгаа ч чамлалттай. Яагаад гэхээд эдийн засгийн чадамжаараа дэлхийд 140-д байна шүү дээ. 

Нэг жишээ хэлэхээр зарим нь үнэмшихгүй л байх. Манай улсын эдийн засаг оны төгсгөл гэхэд 16 тэрбум орчим ам.долларын статистик гарах байх. ДНБ нь 5033 ам.доллар орчим. Гэтэл Нью-Йоркийн цагдаагийн газрын жилийн төсөв 13 тэрбум ам.доллар давдаг. Бид өөрсдөө ямар эдийн засагтай болоод хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх гээд байгаагаа бодох хэрэгтэй. Олон жил гацаасан том төсөл, хөтөлбөрөө урагшуулж, хөдөлгөх, олж ирсэн мөнгөө хүний хөгжил рүү шингээх чиглэл рүү л явах хэрэгтэй байгаа юм.

Монгол Улсын эдийн засгийн бүтэц тодорхой. 15 их наядын төсөв баталлаа гэхэд 20 хүрэхгүй хувьд нь хөрөнгө оруулж, үлдсэн нь урсгал зардалдаа шингэдэг. Хүүхдийн мөнгө нь 1.4, тэтгэврийн татаас нь 1.4, боловсролын салбарт 2.2, эрүүл мэнд 1.6 зэргээр. Олдог нь цөөхөн хэрнээ ингээд л дуусдаг. Тэгэхээр олдгоо илүү болгох, тэр хэрээрээ нийгэм рүү шингээдэг байх ёстой. Түүнээс танк орж ирэх нь, баялгийг маань булааж авах гээд байна гэсэн суртал ухуулга явуулж байгаа нөхдүүдийн толгой руу чулуу шидэж хөөдөг болох хэрэгтэй. Том төслөө явуулъя, эдийн засгаа солонгоруулъя, хуримтлал үүсгэе, магадгүй зарим төрлийн татварыг нэмэх тухай ярих хэрэгтэй. 

-Одоо Оюу Толгой дээр болгоомжиж байгаа ганц асуудал нь татварын акттай холбоотой Арбитрын шүүхийн шийдвэр хэрхэх тухай л байна. Хэрвээ ялагдлаа гэж бодоход эсрэгээрээ Монгол Улс буцаад нэг их наяд төгрөгийн өртэй үлдэнэ... Магадгүй үүнээс өмнө хөрөнгө оруулагч талтай харилцан ойлголцох, тохиролцоонд хүрэх нь Ажлын хэсгийн гол зорилго биз дээ?

-Яг энэ чиглэлээр ажиллаж байна. Хэлэлцээ, зөвшилцөөн гэдэг хүч түрэлт, тулгалтаар мэдээж явахгүй. Ямар ч байсан Арбитрт маргаан үүсгэсэн 12 зүйлийн ес дээр нь ойлголцоод байна. 

-Мэдээж сайн үр дүн?

-Үлдсэн гурав дээрээ ярилцаад явж байна. Хажуугаар нь 814 сая ам.долларын бусад татварын хөнгөлөлт авах эрхээсээ хөрөнгө оруулагч тал татгалзлаа. Олон хэлэлцээ явж байгаа болохоор яг Оюу Толгойн асуудлаар түр завсарлага авчихсан байна. Есдүгээр сараас үргэлжилнэ. Долоо хоногт хоёроос доошгүй Ажлын хэсгээ хуралдуулж, хөрөнгө оруулагч талуудтай хэлцэл хийж байна. Тэрний нэг нь “Чайна Энержи”-гийн хэрэгжүүлэх төсөл.

сонин mn

-САНХҮҮЖИЛТИЙГ ЯМАР НЭГЭН ОФФТЕЙК ГЭРЭЭГЭЭР ХИЙХГҮЙ-

-Гашуунсухайт-Ганц модны хил дамнасан төмөр замын холболтын ажил байх аа?

-Монголын нүүрсний экспортыг нэгээс хоёр дахин нэмэгдүүлэх хэмжээний ач холбогдолтой төсөл. Энэ төмөр замын холболтыг бушуухан хийхгүй бол эдийн засаг өсөх талаар ярих боломжгүй.

-Ямар ч байсан Таныг Ажлын хэсгийн ахлагчаар ажиллах хугацаанд Гашуунсухайтыг Ганц модны төмөр замаар холбох бүтээн байгуулалт явах, явуулах юм байна гэж ойлголоо?

-Бидний төлөвлөж байгаагаар ирэх оны нэгдүгээр хагас гэхэд барилга, угсралтын ажлыг эхлүүлнэ. Холболтын цэг орчимдоо манай талаасаа геологийн хүндрэл ихтэй. Урд өмнө барьж байгаагүй 30-40 метр өндөртэй хос гүүрэн зам барих юм.

-Төслийн санхүүжилтийг нь яаж шийдэж байгаа юм. Хил дамнасан төмөр замын холболтыг тийм ч бага өртгөөр хийхгүй нь тодорхой. Манайд барьж байгаагүй 30-40 метр өндөртэй хос гүүрэн зам барина гэдгийг Та өөрөө ч хэллээ?

-Санхүүжилтийг ямар нэгэн оффтейк гэрээгээр хийхгүй. Гүйцэтгэлээрээ хийе ээ гэж байгаа юм. Нүүрсээ хил үнээр нь бэлнээр зараад түүнээсээ хөрөнгө оруулалтыг нь шийднэ. Хоёрдугаарт, хилийн тэг цэг дээр хоёр талаасаа зэрэгцээ хос рэйс төмөр ирж залгагдана. Нөгөө өргөн, нарийн цариг. Гэтэл энэ балаг хэнийх билээ, бас л нөгөө хүнийх биз. Милиметр зөрөхөд л асуудал үүснэ. Иймэрхүү ажлууд байна. 

Дээр нь Худалдааны гэрээний асуудлыг давхар ярьж байна. Нүүрсээ урт хугацаандаа тогтвортой заръя. Хятадын талаас манайд өгч байгаа хэмжээ, квотоос гадна түүнтэй дүйцэх хэмжээний нүүрс борлуулъя гэж байгаа юм.

Бид ерөөсөө үнэг шиг мартамхай болсон байна. 2013, 2014 онд нүүрс 20-25 ам.доллар хүрэхэд яаж хямарлаа. Хятадын болон Оюу Толгойн хөрөнгө оруулагч талын аманд орж, яаж гэрээ, хэлэлцээ хийв. Дубайн гэрээг юунаас болж цаг хугацааны хайчинд шахагдаж хийлээ. Яаж гаднаас бонд босгож тэтгэвэр, тэтгэмжээ тавьж байсан зэргээр бүх юмаа хэдхэн жилийн дотор мартчихсан. Эрдэс баялгийн салбар тогтвортой биш. Үнэ хүрч байгаа цаг үед нь илүү их масс хэмжээгээр зарж борлуулах хэрэгтэй.

Бид хэлээд байгаа, өрийн удирдлагын менежментээ яаж хийх үү? Хуримтлалаа яаж үүсгэх үү? Валютын нөөцөө яаж нэмэгдүүлэх юм?. Өнөөдөр үрэлгэн маш олон зүйл харагдаж байна. Монгол Улсын нийт хүн амын ердөө хоёрхон хувь буюу 70-аад мянга орчим хүн нийт валютын нөөцийн 60-70 хувийг гадагшаа урсгаж байна. Нэг л жишээ хэлье. 200 сая ам.долларын үнэтэй виски, коньяк жилдээ хэрэглэж байна.

-200 сая ам.доллар гэдэг нь хэр бодитой тоо вэ?

-200 сая ам.доллар шүү дээ. Тэрбум ам.долларын үнэтэй машин унаж байна. Үндсэн чиглэлийн салбар хариуцсан сайд нь биш ч санаа зовинож явдаг хүний хувьд хэлж байгаа юм. 2024 оны төсвийг одоо ярьж эхэлнэ. Энэ үеэр тансаг хэрэглээний татварыг нэмэх ёстой гэдэг байр суурийг илэрхийлнэ. Дубайчууд, Хонгконгууд, Сингапурчууд ч бидэн шиг тансагладаггүй шүү. “LEXUS-600” 1000, 1000-аараа зарагдаж байна. Нүүрс, зэс зарсан валютыг энэ мэтээр буцаагаад шавхаад гаргаж байна. Ардаа лоббитой автомашины салбарын бизнес компаниуд зарим юманд учиртай, хязгаартай хандах хэрэгтэй. Зөвхөн коньяк, вискиний зах зээл нь 200 сая ам.доллар. Үнэхээр хэрэглэх дуртай бол илүү өндөр татвараа авах хэрэгтэй. 

-БҮҮ САНАА ЗОВ, “НҮҮРСНИЙ СОНСГОЛ” БОЛДГООРОО БОЛНО-

-Экспортын орлогоо буцаагаад тансаг хэрэглээнд зарцуулж байна гэснээс алдарт “Нүүрсний сонсгол”-ыг зохион байгуулах Ажлын хэсгийн ахлагч Та? Ингэхэд сонсгол болох уу? 

-Болно. Ирэх долоо хоногоос “Нүүрсний сонсгол”-д оролцох УИХ-ын гишүүдийн ирцийг бүртгэнэ. Хүмүүс амраад, хөдөө гадаа явчихсан болохоор ганцаараа хурал хийж болохгүй биз дээ. Ирц бүрдвэл хурлаа хийж, ажлын төлөвлөгөөгөө батлаад, шинжээчдээ сонгон шалгаруулна. Бүү санаа зов.

-Оюу Толгой, “Орона”, “Чайна энержи” гээд гурван ч том төсөлд Монголын ашиг сонирхлыг тусгах Ажлын хэсгийг ахалж байгаа хүн “Нүүрсний сонсгол” зохион байгуулах бэлтгэл, ажлыг хангаж “барах” уу? гэсэн эргэлзээ бас давхар явж байна. Нүүрсний хулгай хэрэг ил болсон өдрөөсөө л гал дуудсан сэдэв болохоор ингэж асуусан юм?

-УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулиар сонсгол явуулах дэг, процессийн дагуу зохион байгуулна. Барах уу? гэдгийг янз бүрийн улс төрийн дарамт байна уу? гэсэн талаас нь гэж ойлголоо. Тийм юм байхгүй ээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд ярилцаад “Нүүрсний сонсгол”-ыг явуулах, олон нийтийн эргэлзээг тайлах, хууль хяналтын байгууллагаар шалгаж байгаа хэргийг ил болгох, шинжээчдийн олж илрүүлсэн баримтыг судлах, хүлээлгэж өгөх зөвлөмж гаргасан. Тэр дагуу яваа. Үүнд эргэлзээ байх шаардлагагүй. Хоёрдугаарт, улс төрийн дарамт байхгүй гэдгийг дахин тодотгоё. 

Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдтай уулзаж, ярилцсан. Угаасаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаар ярьсан асуудал болохоор ямар нэгэн улс төрийн дарамт шахалт алга. Их ажлын хажуугаар багтах уу? гэдэгт есдүгээр сард чуулган хуралдахгүй. Ажлын хэсгийн хурал хуваарийн дагуу явна. Сонсголд цаг зарцуулаад явахад багтаж, шингэхгүй асуудал байхгүй. 

-Хөгжлийн банкны Нээлттэй сонсгол дөрвөн сар гаруй хугацаанд үргэлжилсэн. Харин нүүрснийх яах бол?

-Тэрийг урьдчилж хэлэх нь өрөөсгөл. Ямар ч байсан сонсголын баг бүрэлдэхүүнээ эхлээд томилъё. УИХ-ын тогтоолд бичсэн хүрээ, хязгаар дотроо төлөвлөгөө гаргая. Тэгэхээр ямар нэгэн цаганд хавчигдахгүйгээр явуулах боломжтой. Чуулганы нэгдсэн хуралдааны дундуур ч явуулж болно. Нүүрсний хулгайн хэргүүд эхнээсээ шүүх рүү шилжээд явж байна.

-Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой ямар нэгэн мэдээлэл солилцсон уу? Хоёр талын гаалийн албан мэдээ байнга зөрүүтэй явж ирсэн гэдэг. Айлчлалаас хойш Засгийн газар дотор хоёр ч фракц үүссэн гэх мэдээлэл явж эхэллээ. Үнэхээр тийм нөхцөл Танай кабинет дотор үүсчихсэн юм уу?

-Хэвлэлд гарсан асуудлаар ямар нэгэн мэдээлэл алга. Харин Ерөнхий сайдын урд хөршид хийсэн айлчлалын тухайд нэлээд үр дүнтэй болсон. Экспортоо нэмэгдүүлэх, удаан хугацаанд гацаж, зогссон томоохон төсөл, хөтөлбөрүүдээ урагшлуулах зэрэг эдийн засгийн үр өгөөж нь их. Засгийн газрын гишүүн дүгнэх нэг өөр. Гаднаас харж байгаа эксперт, эдийн засагчид илүү их коммент өгөх ёстой.

Лав миний оролцсон уулзалтуудын үеэр нүүрсний хулгайтай холбоотой мэдээлэл солилцоогүй, яриагүй. Хоёр улсын прокурорын байгууллагын шугамаар мэдээлэл солилцоод явж байгаа. Хэвлэлээр яваа шиг “Танайд өгсөн мэдээллийг манайх дараад, нуусан” гэх асуудал огт байхгүй. Хятадын талаас хэн гэж хүний хэдэн сарын хэдний өдөр, ямар компанийн гаргасан нүүрсний талаарх мэдээлэл авахыг хүснэ, тэрийгээ нарийвчилж өг гэж байгаа юм. Түүнээс нүүрс экспортод гаргасан үеэс өнөөг хүртэлх бүх мэдээллийг гаргаж өгнө гэдэг техник талаасаа хүндрэлтэй. Гаалийн нийт дүн, мэдээлэл нь бэлэн. Тэрийг л манай сэвдэг нөхдүүд төөрөгдүүлэх маягаар цацаж байна гэж ойлгож болно. 

-Т.БАДАМЖУНАЙД ХИЛИЙН ХОРИГ ТАВЬЖ, ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВСАН-

-Иргэн Т.Бадамжунайтай холбоотой асуулт байна. “Шувуу” ажиллагааны хүрээнд Филиппинээс гардаж авчирсан хүн нь Та? Гэтэл өнгөрсөн хугацаанд энэ хүнийг цагдан хорьж, шалгаж байгаад саяхан батлан даалтад гаргасан нь ямар учиртай юм?

-2015 онд баталж, 2017 оноос хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар цагдан хорих үндэслэлийг нэлээд хумьж, хязгаарласан. Хуучин оргон зайлж, дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэсэн уутанд хийж байгаад хорьдог байсан. Та хэд мэдэж байгаа даа. Цагдан хорих хугацааг 72 байсныг 48 цаг болгож багасгасан. Үндэслэлийг нь хүний эрхийг хангах талаас нь хумьсан. Нөгөө талдаа “Хар баасан гараг” гээд хэлмэгдүүлж хорьдог байдал газар авсан байсан.

Хууль гэдэг дандаа алтан дунджийг барьж батлагдахыг хичээдэг. Тэр агуулгаар баталсан. Энэ хүрээнд хорьж, шалгах үндэслэл алга гэж шүүхээс үзэж, Т.Бадамжунайд хилийн хориг тавьж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан гэж ойлгож байгаа. Хэрэг нь шүүх рүү шилжсэн гэж сонссон. Шүүхээс очсон хэрэг шийдэгдэх, гэм буруйгүйн асуудал яригдана. “Шувуу” ажиллагааны хүрээнд олж авчирсан нь үнэн. Филиппин, АНУ-ын хууль сахиулах байгууллагатай хамтарч ажилласан. БНСУ-тай ч мөн адил.

“Шувуу” ажиллагааны хүрээнд олон улсын хууль сахиулах байгууллагатай хамтын ажиллагаагаа сайн сэргээж чадаж байна. БНСУ-аас, Туркээс ирж байна. Шилжүүлж авах ажиллагаа буюу хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудал бага багаар шийдэгдэж байна. Гол нь манай биш нөгөө улсын хууль дүрмээр шийдэгддэг. Латви улсаас мөнгө оруулж ирэх асуудлыг ярьж байна. Дахиад оффшорт мөнгө байгаа талаарх шинэ мэдээлэл манай хуулийн байгууллагад ирсэн. Мөнгөө шилжүүлж авах процедурын ажлыг хийгээд явж байна. 

Зуны сезоны үед Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээ, мэдээллүүд төдийлөн яваагүйтэй холбогдуулж, “Шувуу”, “Шүүр” ажиллагаа зогслоо, унтарлаа гэсэн ойлголт явааг үгүйсгэхгүй. Өчигдөр “Шувуу” ажиллагааны ажлын хэсгийг хуралдууллаа. Есдүгээр сард явуулах ажлын төлөвлөгөөг гаргалаа. 

Нэг л зүйлийг дахин хэлье. Муу л бол сайн гэдэг зарчим их буруу шүү. Хэзээ ч урд нь албан тушаалын гэмт хэрэгт хүн шилжүүлж авчирч байгаагүй. Хоёр удаа хийгдсэн нь Францаас Э-г хулгайлж авчирсан. Нөгөөх нь АНУ-аас иргэн Б-г шилжүүлж авчрахдаа хууль зөрчсөн. Өөрөөр шилжүүлж авчирсан тохиолдол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх түүхэнд байхгүй. Зарим нь өөрсдөө сайн дураар ирээд хуулийн дагуу хэргээ хялбаршуулж шийдүүлэх процесс яваа.

-Т.Бадамжунайг гадаадаас анх удаа шилжүүлэн авчирлаа гэж тухайн үедээ ярьж, бичиж байсан ч өнөөдөр энэ хүнийг батлан даалтад гаргасны ард ямар нэгэн эрх ашиг хөндөгдөж эхэлсэн үү? гэсэн хардлага бас байна. Таны хувьд ямар шалтгаанаар, яагаад авчирсан үндэслэлийг маш тодорхой хэлсэн байдаг. Жишээ нь, Т.Бадамжунайд холбогдох хэргийг шүүхээс буцаавал яах вэ?

-Шүүхийн шийдвэрийг зөгнөж ярих ямар ч боломжгүй. Нөлөөлөх ч эрх хэмжээ надад байхгүй. Прокуророос гэм буруутай гэж үзээд яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү шилжүүлсэн байна. Шүүх хэрхэн шийдэхийг харах л үлдлээ. Батлан даалтад гаргаснаар гэм буруугүй болдог юм шиг түгээмэл ойлголт байдаг нь буруу. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хорьж, мөрдөх үндэслэлийг хязгаарласан учраас тэр дагуу яваа. 

Ер нь хорьж, мөрдөх хүрээ хязгаарыг нэмээд уут үүсгээд ирэхээд нөгөө хэлмэгдүүлэлт газар авлаа, хоморголж барилаа, хорилоо гэсэн яриа гарна. Өмнө нь гарсан гашуун туршлагадаа загасны ой санамжаар хандаж болохгүй л гээд байгаа юм. Шүүх ямар үндэслэлээр сулласан шийдвэрийг хараагүй учраас хэлж мэдэхгүй. Миний ойлгосноор хорьж, мөрдөх үндэслэл алга байна. Улсын хилээр гарах хориглолт, хязгаарлалт тавьсан юм билээ. 

-Нийтийн албан тушаалтны хамаарал бүхий этгээд Төрөөс тендер, концесс, хөнгөлөлттэй зээл авахыг бүхэлд нь хориглож, хязгаарлах төслийг Ерөнхий сайд УИХ-д өргөн мэдүүлснийг энэ намрын чуулганаар хэлэлцэх байх. Харагдах талаасаа нийгмээс дэмжлэг хүлээж, алга ташуулах төсөл ч амьдралд хэрэгжих агуулгаараа хүний эрхийг хэт зөрчинө. Улстөрч, УИХ-ын гишүүний хамаарал бүхий этгээд байснаараа нийгэмд “хулгайч” дүртэй болж ойлгогдох нь гэж шүүмжлэх хэсэг ч байна?

-Анхнаасаа хуулийн төслийг манай яам боловсруулж, өргөн барьсан. Нийтийн албан тушаалтан, мэдээлэлд ойр хүмүүс өнгөрсөн хугацаанд өөрсдөдөө дандаа давуу байдал үүсгэж ирлээ. Хөгжлийн банк, Боловсролын сангийн зээл зэргээр. Богд уулын Дархан цаазтай газар барилга, орон сууц барьсан нь ч мөн адил. Энэхүү алдаанд цэг тавиад бүгдээрээ ижил гараанаас гарцгаая гэсэн агуулгаар Ерөнхий сайд хуулийн төслийг санаачилсан. Нөгөө талдаа төслийг боловсруулах явцад хэд хэдэн орны нийтийн албан тушаалтанд тавьдаг хориглолт, хязгаарлалтыг судалж, туршлагад суурилсан. 

1990 оны үеийн өмч хувьчлалын хүрээнд томоохон компанийн хувьцааг ягаан, цэнхэр тасалбараар авсан хүмүүст энэхүү хуулийн хязгаарлалт ерөөсөө үйлчлэхгүй. Үнэт цаасны тухай хуулиар тодорхой хэмжээний саналын давуу эрхтэй оролцдог буюу таван хувиас дээш хувьцаа эзэмшиж байгаа хүмүүс хамаарал бүхий болно. Хоёрдугаарт, тухайн нийтийн албан тушаалтнууд, хамаарал бүхий этгээдүүдийн бизнес Төрийн худалдан авах ажиллагаанд оролцохгүй. Элдэв зээл, хөнгөлөлт эдлэхгүй байя. Хүүхдэдээ боловсролын зээл битгий авч өг гэсэн хязгаарлалт тогтооно. Тэр нь хүнд хоёр сонголт бий болно. Гэр бүлтэйгээ зөвлөлдөнө.

Манай гэр бүл цэвэр бизнесээ хийх юм уу? эсвэл хосолсон маягаар зарим нь нийтийн албанд, тэгэхдээ Төртэй хутгалдахгүй бизнесээ хийж явах уу? гэдгээс сонголтоо хийнэ. Түүнээс Төртэй ч хутгалдаад, төрсөн дүүдээ, эхнэртээ тендер авч өгөөд, бүх хүүхдээ боловсролын зээлээр гадаадад сургасан асуудалд олон нийт одоо болтол жигшиж, зэвүүцээд байна.

Саяхан тойргийнхоо сонгогчидтой уулзалт хийгээд явлаа. Асар их бухимдалтай, ууртай байна. Ядаж нэг юмнаас дутаж болно доо гэж байна. Бүх зээлээс, бүх Дархан цаазтай бүсэд газар авсан ч хүмүүс байна шдээ. Нийгмийн тэгш хуваарилалт, шударга ёсыг нэхэмжилж байна. Үүнийг л нэг цэгт авчрах зорилготой юм.

-Нэг цэгт авчрах зорилготой гэдэг нь “Бүгдээрээ ижил гараанаас гарцгаая” гэсэн Ерөнхий сайдын агуулгыг хэлээд байна уу?

-Засгийн газрын хуралдааны үеэр Ерөнхий сайд чиглэл өгөөд Улаанбаатар хотод газар олголтыг түр зогсоолоо. Өмнөх газар олголтын алдаа оноог нь засч сайжруулъя. Дунд гол дагуу үерийн амыг хааж, барьсан барилгуудын судалж, учирсан хохирлын хэмжээг шинжээчдээр тогтоолгож, тэднээр төлүүлье гэлээ. Нураах шаардлагатайг нь нурааж, голын голдирлыг сайжруул. Цаашид Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулж газар олголт хийх зэргээр засч, сайжруулах ажлыг хийгээд явж байна. Засгийн газрын тэргүүний улс төрийн манлайлал дор өмнөх цаг үед болж бүтэхгүй байсан юм бүхнийг шийднэ. Газар олголтыг хэзээ бүтнээр зогсоож байсан юм?

-Тэгэхээс өөр аргагүйд хүрчихсэн юм биш үү?

-Төрийн, нийтийн албан тушаалтнууд, улстөрчдийг хэзээ өндөр эрхүүдээс нь татгалзуулж байсан юм. Сайн тал нь энэ. Манай нэг бизнесмэн хэлж байна лээ. “Би ер нь цаашдаа ямар нэгэн байдлаар УИХ-д сонгогдох ямар ч боломжгүй боллоо” гэж. Яагаад гэхээр маш олон жил бүтээж, босгож явж ирсэн бизнесээ орхихыг тэр хүн хүсэхгүй байна. Тэгэхээр бизнесийн замаа л сонгож таарна. Энэ бол нэг талдаа зөв зам үүсч байгаа юм. Бизнес нь бизнесээрээ, улстөрчид нь улстөрчдөөрөө явах нь. Тэгэхгүйгээр улс төр, бизнес холилдсон бүлэглэл нь газар авсныг хуулийн хатуу хоригоор хязгаарлах гээд байгаа юм. Ер нь ийм үеийг туулдаг л юм билээ. Гол нь, мэдээлэлд ойр байж, улс төрийн дэмжлэгтэйгээр тодорхой монополь үүсгэж байсан жишээ олон. Тэр нь яг л манай дээр явж байна.

С.Гандөл

uzeg.info