О.Цэлмэг: Миний утасны ярианы түүхийг авч байгаа нь эрх зүйн баримт бичгүүдийг маш ноцтой зөрчиж байгаа үйлдэл
2023/08/29
Булган аймгийн цагдаагийн газарт хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж буй О.Цэлмэг Фэйсбүүк дэх хаягтаа байгууллага, удирдлагуудынхаа талаар бичжээ.
Үүнд анхаарал татах хэд хэдэн зүйл байна. Тухайлбал цагдаагийн ахмад О.Цэлмэг "2023 оны эхний улиралд Булганы цагдаа улсын хэмжээнд "Хүүхэд хамгаалал" арга хэмжээний хүрээнд 21 аймгаас 21-т орсон байна гээд 20 гаран алба хаагчдын цалинг 20 хувь хассан. Хүүхэд хамгаалал арга хэмжээ 2023 оны нэгдүгээр сараас эхлээд 2023 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр тайлан өгөх ёстой байсан боловч Монголын уламжлалт цагаан сарын баяр гээд амралтын өдөр таарсан. Энэ бол цэвэр удирдлагын зохион байгуулалт муу байна гэж л харсан" хэмээн наймдугаар сарын 16-ны өдөр бичсэн байна.
Мөн тухайн постод "Хажуугаар нь алба хаагчдын цалингаас хууль бусаар мөнгө татдаг асуудлаа яах вэ??? Сая хавар тавдугаар сарын 9-ний өдөр байгууллагын үүд хаалга янзлах нэрийдлээр бүх албан хаагчдаас нэг өдрийн цалин гээд хураагаад л авсан. Дээрх асуудлаар ЦЕГ-ын Дотоод хяналт-аюулгүй байдлын газраас шалгалт хийгээд хоёр даргыг нь өөрчилсөн" хэмээн дурджээ.
Энэхүү постынх дагуу Цагдаагийн Ерөнхий Газраас албаны шалгалт хийж эхэлсэн байна. Гэвч үүний зэрэгцээ Булган аймгийн цагдаагаас О.Цэлмэгт хэрэг үүсгэн шалгаж байгааг тэрбээр өчигдөр мэдээлэв.
Тодруулбал цагдаагийн ахмад О.Цэлмэг "Булганы цагдаа намайг ахмадын зөвлөлийн хүнтэй утсаар ярьж маргаан хийсэн, сошиалд мэдээлэл тавьсан байж болзошгүй гэх үндэслэлээр шалгалт хийж байгаа нь бол үнэн. Энэ дундаас Зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн дарга, дэд хурандаа Ж.Б нь над дээр албаны автомашиныг зөвшөөрөлгүй авч явсан, сошиалд мэдээлэл оруулсан гэсэн хоёр шалгалтыг явуулж байгаа.
2023 оны долдугаар сарын 31-ний өдөр Газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байсан дэд хурандаа Б.Б гэдэг хүн хэсгийн төлөөлөгч О.Цэлмэгийн .... дугаарын утасны орсон гарсан ярианы түүхийг авахаар албан тоот боловсруулж, Аймгийн Прокурорын газрын орлогч прокурор С.А-аар зөвшөөрүүлж Мобикомд хүргүүлсэн байна.
Тэгээд миний ярианы биллийг Хошууч Ж.А гэх албан тушаалтан ямар хүнтэй, ямар зорилгоор хэдэн минут ярьсан гэдгийг шалгаж эхлээд миний гар утасны дугаартай ямар зорилгоор яах гэж ярьсан талаар тайлбар бичүүлж авсан байна гэдгийг би өнөөдөр олж мэдлээ.
Миний гар утасны дугаарын орсон гарсан ярианы түүхийг авч байгаа үйлдэл нь өөрөө Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Гүйцэтгэх ажлын тухай хууль, Тагнуулын байгууллагын тухай хууль, Олон улсын гэрээ, конвенц зэрэг эрх зүйн баримт бичгүүдийг маш ноцтой зөрчиж байгаа үйлдэл гэж харж байна" гэжээ.
Мөн хэсгийн төлөөлөгч О.Цэлмэгийн хөндсөн асуудалтай холбоотойгоор Булган аймгийн Цагдаагийн газартай холбогдоход "Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ.
Зочин · 2023/08/29
Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan