АТГ: ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Очирбатын хууль бус хэргийг шилжүүлэв
11 минутын өмнө

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс 2026 оны эхний 11 сарын байдлаар эрүүл мэндийн салбарын зарим албан тушаалтан нь сонгон шалгаруулалтгүйгээр албан тушаалд томилсон, ашиг сонирхлын зөрчилтэй шийдвэр гаргасан, худалдан авалтыг хууль бусаар зохион байгуулсан зэрэг гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэв.
Тухайлбал, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.О нь хууль бус үүрэг чиглэл өгснөөр мөнгө гаргуулан авч зарцуулсан, мөн сонгон шалгаруулалт явуулах ажлын хэсгийн албан тушаалтанд амаар үүрэг, чиглэл өгснөөр холбогдох албан тушаалтнуудад хууль бус давуу байдал бий болгосон, мөн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах этгээдэд тавигдах шаардлагыг бүрэн хангасан бусад нэр дэвшигчдийн эрхийг хязгаарлаж, суралцах боломжийг алдагдуулсан зэрэг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1, 22.8 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй байх тул Мөрдөн шалгах хэлтэст шалгуулахаар шилжүүллээ.
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.У-ийн хүний нөөцийн сонгон шалгаруулалт, томилгоо, санхүүгийн үйл ажиллагаатай холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангуулах албан бичгийг Эрүүл мэндийн сайдад хүргүүлсэн бөгөөд үүний дагуу Эрүүл мэндийн сайдаас “Албан даалгавар”-ыг 2026 оны 3 дугаар сард нийслэлийн дүүргийн болон эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад хүргүүлж, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг хэрэгжүүлэн ажилласан байна. /Эх сурвалж: АТГ/
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Очирбат нь Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Удирдах зөвлөлийн даргаар давхар ажиллахдаа төсөв батлах, худалдан авах ажиллагаанд хяналт тавих зэрэг чиг үүргийг давхардуулан эрхэлж, ашиг сонирхлын зөрчил үүсгэсэн гэх үндэслэлээр 2026 оны дөрөвдүгээр сард Засгийн газраас Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас нь чөлөөлсөн.






