Олон улсын шалгалтын үнэлгээг ЭЕШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх цахим хүсэлтийг авч эхэллээ
21 минутын өмнө

БШУЯ-ны сайдын 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн А/66 тоот тушаалаар батлагдсан “Элсэлтийн шалгалт зохион байгуулах” журам, “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Боловсролын сайдын 2025 оны А/69 дүгээр тушаалд заасны дагуу улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрдөг олон улсын шалгалтын үнэлгээг Монгол Улсын их, дээд сургуульд оюутан элсүүлэх “Элсэлтийн шалгалт”-ын үнэлгээтэй дүйцүүлнэ.
Үүнд:
- Кембрижийн AS, A,
- IB- International Baccalaureate
- TOEFL/IBT/
- PTE
- IELTS
- SAT
Эдгээр шалгалтын оноог Элсэлтийн Шалгалтын дүнд дүйцүүлэх хүсэлтийг энэ сарын 27-ны 18:00 цаг хүртэл цахимаар хүлээн авна.
ОЛОН УЛСЫН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭГ ЭЛСЭЛТИЙН ШАЛГАЛТЫН ҮНЭЛГЭЭТЭЙ ДҮЙЦҮҮЛЭХ АЛХАМ
Олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх оюутан, суралцагчид нь Боловсролын үнэлгээний төвийн www.eec.mn сайтын “Олон улсын шалгалтын үнэлгээг ЭШ-ын үнэлгээтэй дүйцүүлэх” гэсэн цонхыг сонгож, ЭШ-д бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан системд нэвтэрч холбогдох мэдээлэл болон материалаа дараах зааврын дагуу оруулж, хүсэлтээ цахимаар ирүүлнэ.
Хүсэлт ирүүлэхэд оюутан, суралцагчийн бүрдүүлэх материал:
- Үнэлгээ дүйцүүлэх тухай хүсэлт
- Төрсний гэрчилгээ эсвэл иргэний үнэмлэхийн хуулбар
- Үнэлгээ дүйцүүлэх хөтөлбөрийн сертификат буюу дүнгийн хуудасны хуулбар
- Бүрэн дунд боловсролын гэрчилгээний хуулбар эсвэл гадаадад бүрэн дунд боловсрол эзэмшсэнийг гэрчлэх дүйцүүлсэн баримт.
Жич: Олон улсын шалгалтын үнэлгээг өвлийн элсэлтийн шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх хүсэлтийг зөвхөн өмнөх оны төгсөгч өгнө.
Боловсролын Үнэлгээний Төв нь хүсэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 10 хоногт багтаан шийдвэрлэнэ. Оюутан, суралцагч нь хүсэлтийн хариуг дараах хоёр замаар харна.
- www.eec.mn сайтын “ОУ-н шалгалтын үнэлгээг ЭШ -ын үнэлгээтэй дүйцүүлэх” гэсэн хэсэгт элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч харах /дэлгэрэнгүй хариу харах боломжтой/
- https://eyesh.eec.mn/ цахим хаягаар “Дүйцүүлэх хүсэлтийн хариу” гэсэн цэсийг сонгож регистрийн дугаараараа нэвтэрч харна.
Холбоос: https://eyesh.eec.mn/profile/login?com=1
Холбоо барих утас: 70119498 - 5
Эх сурвалж: Боловсролын Үнэлгээний Төв






