Драгон төв дэх авто вокзал нүүх болсон шалтгаанд олон хүчин зүйл нөлөөлсөн
2023/08/29
Зам Тээврийн Хөгжлийн Яамнаас цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр Драгон худалдааны төв дэх АТҮТ-ийн үйлчилгээний салбар Номин агуулах руу нүүсэн шалтгаан болон тохижилтын тухай мэдээлэл өглөө.
АТҮТ-ийн Зорчигч тээврийн хэлтсийн дарга Г.Дуламсүрэн "Сонгинохайрхан зорчигч тээврийн төв байршлаа сольж, 2023 оны наймдугаар сарын 25-наас Номин агуулах буюу Номин худалдааны төвд нүүн орж улс, хот хоорондын зорчигч тээврийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн байгаа. Энэ нь Драгон төвөөс 1.5 км-ийн зайд байршдаг.
Уг зорчигч тээврийн төвөөс орон нутгийн 38 чиглэлд өдөрт дунджаар 100-150 тээврийн хэрэгсэл 3,000-4,000 зорчигчид үйлчилдэг.
Хамгийн оргил ачааллын үед өдөрт 300-400 тээврийн хэрэгслээр хот хооронд 8,000-10,000 иргэн зорчдог.
Сонгинохайрхан зорчигч тээврийн төв нүүх болсон шалтгаанд олон хүчин зүйл нөлөөлсөн.
Тавдугаар сарын эхээр Драгон зорчигч тээврийн төвд засварын ажил гэнэт орсонтой холбоотойгоор зорчигчид, иргэд, тээвэрлэгчдийн аюулгүй байдал алдагдах, үйлчилгээ доголдох хүндрэлүүд үүсэж, дүүрэг, хорооны СӨХ, оршин суугчдаас удаа дараагийн эсэргүүцэл ирсэн. Тээврийн Цагдаагийн Албанаас энэ нь хотын түгжрэлд нөлөөлж байна гэдэг асуудлууд тулгарч эхэлсэн юм. Эдгээр саналыг үндэслэн судалгаа тооцоолол хийж, шуурхай нүүлгэн шилжүүлсэн.
Улс, хот хоорондын зорчигч тээврийн төвийг нүүлгэн шилжүүлэхдээ Монгол Улсад мөрдөгддөг стандарт, дүрэм журмыг хэрэгжүүлэх, үйлчилгээг илүү сайжруулах зорилго тавьсан нь ахиц гарч байна. Тухайлбал Номин агуулах буюу шинэ байршилд очсоноор нийтийн эзэмшлийн талбайн хэмжээ 5 дахин, үйлчилгээний талбай 1.2 дахин, автобус зогсдог талбайн хэмжээ 1.5 дахин нэмэгдсэн бол зорчигчийн хүлээлгийн танхимын багтаамж 2.7 дахин нэмэгдлээ.
Зорчигчийн орох, гарах хөдөлгөөнийг тусгаарласан гарц, ариун цэврийн байгууламжийг нэмэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан үйлчилгээний хэсэг хийж, авто зогсоолын тэмдэг, тэмдэглэгээг ойлгомжтой байдлаар байршуулж байна.
Авто вокзалын гаднаас "UBCаb" компанийн 10 такси иргэдэд үйлчилж эхэлсэн.
Шинэ байршилд очсоноос хойш улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн үйлчилгээнд зарцуулах цаг хуваарийн дагуу явж чаддаг боллоо. Өөрөөр хэлбэл зорчигч тээврийн автобусны түгжрэлд зарцуулдаг цаг багассан.
Драгон төв дээр хууль бус тээвэрлэлт маш эмх замбараагүй байсан нь хязгаарлагдсан үр дүнгүүд гарч байна" хэмээн ярилаа.
Зочин · 2023/08/29
S AWI80955877